Ган замаар дөрөөлж гарамгай жүжигчин болсон уран бүтэлч
Нэрт жүжигчин, дуучин Банзарын Дамчаа гуайн үүх түүхийг ярьвал маш олон талтай, бараг л үлгэр домог шиг хэмээн хэлж болно. Учир нь Дамчаа гуай өөрөө ч олон талтай, тал бүрийн гэмээр авъяастай уран бүтээлч. Аливаа хүмүүний нэр их утга учиртай. Нэр төрөө авч явна гэдэг түүнээс ч өргөн утгатай асуудал. Энэ утгаар авч үзвээс Дамчаа гуайн нэрэнд ч маш их эрч хүч хурж байсан байж болно. Монголчууд хазгай дуудаж Дамчаа хэмээдэг боловч уг нь энэхүү төвд нэрийг эх хэлээрээ өгүүлэх аваас дам-дээд, чой-ном хэмээсэн билэг ерөөлт үг болой.

Тэгэхээр Дамчаа гуай дээд ном, судар, зарлигийн утга бүхий нэртэй хүмүүн байж таарах нь. Тэрхүү билэг ерөөлт нэрээ дааж, хүмүүний дээд явахсан хэмээн насан туршдаа зүтгэж, тэмцэж зорьсон зорилгоо насан хутаг болтлоо биежүүлсээр ирсэн нэртэй уран бүтээлч байсныг монгол түмэн сайн мэднэ. Тэрээр өөрийнхөө амьдрал, уран бүтээл, удам судрынхаа тухай маш сонирхолтой ном тууривж уншигч олондоо өргөн барьсан нь “Зэлмийн удам” бүлгээ. Дамчаа гуайн энэ номноос харахад тэрээр түүхийн үлэмж их мэдлэгтэй уран бүтээлч байсан нь мэдрэгддэг.

Ганцхан энэ ном ч бус агуу их билэгт номч Ринчен Бямбаев багшийн алдартай “Ану хатан” өгүүллэгээр туульсын кино туурвих хэмээн сэтгэж,  олон жил тоолдог юм эрж шаналан олж амжилгүй бурхны орондоо явж билээ. Голоо тасартал хүсч мөрөөдөж байсан болохоор их л гомдолтой байсан байх даа, хөөрхий... Энэ бол манай зах зээлийн өнгө аясыг харуулаад авч байгаа юм. Хэрэгтэй зүйлд ганц төгрөг ч гаргахгүй мөртлөө огт хэрэггүй өчнөөн зүйлд хайр найргүй үрсээр байдаг биз дээ.

Энэ ялдамд өгүүлэхэд Монголын нэрт кино найруулагч, төрийн шагналт Б.Балжинням “Галдан бошигт хаан” киногоороо зодог тайлна хэмээн хэдэн зуун жил мөрөөдсөөр бас л хөрөнгө мөнгө олдохгүй байсаар бас л гомдолтой бурхны орондоо саяхан явчихлаа. Ер нь ингэж байж болох уу. Үүнийг эс өгүүлэн өгүүлэхүйд, Дамчаа гуайн амьдралын намтар түүхээс харахад үнэхээр сонин дүр төрх харагддаг юм. Зарим үед “Энэ хүн яаж байгаад ийм мундаг жүжигчин, дуучин болж  орхив” хэмээн түүнд атаархагчид хорсож  явдаг байсан гэдэг. Энэ бол байдаг л зүйл. Одоо ч гэсэн атаархагчид шүлсээ гоожуулан, өөрсдөө юу ч хийж чадахгүй атлаа хорсож явдаг биз дээ.

Тэгвэл Дамчаа гуай хэрхэн яаж өсч өндийж, тэр их өндөрлөгт хүрсэн тухай товч төдий өгүүлье. Жүжигчин Банзарын Дамчаа 19З2 оны хоёрдугаар сарын 7-нд Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Бөөрөгт” хэмээх газар хорвоо ертөнцтөй анх мэндэлжээ. Ардын хувьсгалын 40 жилийн ойн жил буюу 1951 онд Санхүү эдийн засгийн техникумийг 19-хөн настай төгсч эдийн засгийн мундаг мэргэжилтэн болчихоо шахсан гэдэг. Гэтэл, бас нэг  хувь ерөөл, зураг тавилан түүнийг “хөөж”  Төмөр замын сургууль комбинатад оруулж орхив оо.

Хүний хувь тавилан заримдаа ороо бусгаа байдаг болохоор тэрээр  сургуулиа 1954 онд гайгүй дүнтэй төгсөөд авч.  Тэгээд л төмөр замын хүн болох нь тэр. 1954 оноос 1968 он хүртэл 14 жил Улаанбаатар төмөр замд эхлээд ном ёсоор туслах машинч болж, сайн ажилласан учраас “тушаал” дэвшиж, жинхэнэ машинч болон идэвхи зүтгэлтэй ажиллаж байжээ.

Гэвч түүнд тэнгэр бурхны хайрласан их хишиг буюу дуулж , олныг уяраан сэтгэл зүрхийг нь өөртөө татах ер бусын гэмээр авъяас билэг хурсан байжээ. Түүний орос, монгол олон дуу сүүлдээ түмний сонорыг мялааж, тэрээр ард түмний дунд гуч гаруйхан насандаа баргил сайхан ховор хоолой, дуулах уран чадвараараа алдар сууг олж билээ. Миний бие тэр цаг үе дор энд тэнд бас дуулж  явахдаа Дамчаа гуайтай ерөөлөөр учирч олон газар байгууллагад  ая дуугаа хамт өргөж явснаар барахгүй сүүлдээ Дамчаа гуайн “Монгол кино” үйлдвэрт жүжигчнээр очсон 1968 онд Болгар улсын Софи хотноо Дэлхийн залуучууд оюутны IX их наадмаас дуугаар алтан медаль авч байсан маань үнэн боловч дуугаа орхисон маань одоо бодоход их л том алдаа болж дээ хэмээн хааяа боддог юм.

Гэтэл Дамчаа гуай дуугаа огт орхиогүй бөгөөд  “Дайсны цэргүүд сонсоцгоо” кинонд тэрхүү киноны ерөнхий найруулагч Б.Сумхүү, Б.Ермолаев нарын хүссэнээр тэрхүү бүтээлийн маш нарийн, “эрдэнэсийн” шигтгээ болсон дууг дуулсан нь  түүний дуулах урлагийн оргил болсон билээ. Мөн “Хурд” хамтлагийн клипэнд дуулсан эх орны тухай дуу ч өвөрмөц нэгэн том уран бүтээл болсон юм. Тэрээр тийнхүү “Монгол кино” үйлдвэрт 1968 оноос 199З он хүртэл ажилласан бөгөөд  олон арван  киноны гол болон туслах дүрд тоглож, хэдэн зуун гадаадын киноны дууг оруулжээ. Жүжигчин Дамчаа хэдийвээр 1968 онд кино үйлдвэрт ажиллах болсон боловч түүний жүжигчний авъяас билэгийг нээсэн нэрт найруулагч Д.Жигжид 1966 онд бүтээсэн “Үер”кинондоо нэг гол дүр болох Моломын дүрийг түүнд найдаж өгсөн нь уг киноны өнгө аясад маш чухал нөлөө үзүүлж билээ.

Аливаа кинонд зөв олсон жүжигчдийн чуулбар маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл Дамчаагийн дүр авъяаслагаар бүтээгдсэн учраас эерэг эсрэг дүрүүдийг тэнцвэржүүлэхэд  гайхамшигтай нөлөө өгсөн байдаг. Тэрээр Моломын хорон муу санаа, арга заль, шунаг сэтгэлийг үзэгчдийн оюун ухаанд хоногштол хурц тод харуулсан билээ. Оргож явсан улаантны цэргийг туслах нэрээр гэртээ авчираад цагаантнуудад барьж өгөн буудуулж байгаа хэсэгт Дамчаа дүрийнхээ бодол санааны хувирлыг маш уран нарийн гаргажээ. Молом тэрхүү цэрэгт итгэл үнэмшил төрүүлэн оросоор ярьж гэртээ авчирч буй нь хэнд ч гэсэн түүнийг үнэхээр тус хүргэх гэж байгаа юм байна гэж бодмоор... Гэртээ авчирсан цэрэгтээ хоол унд өгч сууснаа гэрээсээ гарч цагаантны цэргүүл явж буйг хармагцаа царай нь өөрчлөгдөх нь өөртөө ашигтай хорон санаа бодож олсон хэрэг байлаа.

Тэр цэргийг буудуулсаны дараа цагаантны офицерийн өгсөн зүйлийг сэтгэл дүүрэн хүлээж авч байгаа нь Моломын ямар өөдгүй хүн болохыг харуулна.Энэ бүхнээс харахад жүжигчин Дамчаагийн урлах эрдэм ямар их өндөр хэмжээнд байсныг гэрчилдэг юм. 1968 онд  “Хүргэн хүү” киноны Хайдав хэмээх туслах дүрийг гол дүрийн хэмжээнд хүртэл харуулж чадсан нь мөнөөх билэгт жүжигчин Дамчаа байлаа. Хайдав бол ерөнхий төрхөөрөө Моломтой адил боловч Дамчаа түүнийг огт өөр өнгө төрхөөр харуулсан юм. Баян айлын хүргэн болсон боловч гэрийн зарц болсон Дэмбэрэлтэй хээр уулзаад тоглоом шоглоом болгон хэлж байгаа үгээ  доромжилсон аялагаар хэлж буй Хайдавын дүр төрхийг Дамчаа үнэхээр чадамгай урласан билээ. Должинтой ярьж суухдаа “Дэмбэрэл та хоёрыг сууснаас хойш миний хувьд хохимой толгойд залгасан хоёр хөл л үлдсэн дээ” хэмээн хэлэхдээ Хайдав /Дамчаа/ нэг талаар өрөвдүүлэх гэсэн мэт харагдавч сэтгэл дотроо бол янзыг нь үзэе гэсэн байдалтай байдаг.

Үүнийг бие, сэтгэлийн үйлдлээс гадна үг ярианы үнэмшилтэй өнгөөр “зуржээ.” 1970 онд “Өглөө” киноны “Хачиг Луузан”-гийн дүрийг бүтээхдээ жүжигчин Дамчаа мөн л огт өөр дүр төрхийг бүтээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, жинхэнэ Луузанг зөрөөгүй харуулж үзэгчдийн сэтгэлд хоногшуулсан билээ. Луузан Сүхбаатар жанжинг өрөөнөөсөө гарч ирэхэд нь завшаантай хэрэг боллоо хэмээн бодож алгаа тосон дуу хоолойдоо өрөвдөм өнгө оруулж “Арван шарыг минь аваад адаг сүүлд нь намайг ийм байдалд хүргэлээ” гэхэд Сүхбаатар хилэгнэж, “Сэлэм” Тогмид буугаа суга татан гаргаж түүнийг буудахаар завдана.

Энд жүжигчин Дамчаа Луузангийн айхтар овсгоотой, арга зальтай хүн болохыг харуулаад зогсохгүй бусад жүжигчдийн үйлдэлд ч маш хурц нөлөө үзүүлж, дүрээ амьдаар холбож чаддаг “увьдастай” уран бүтээлч байсныг харуулдаг. “Мандухай сэцэн хатан” киноны Исмэлийн дүрийг бүтээхдээ бусад хорон санаатнуудаасаа тэс өөрөөр шийдсэн нь түүний урлан бүтээх арга барилын нарийн нууцыг илтгэсэн юм. Исмэл бол төрийн том сайд хүн. Гэхдээ цаад санаа нь хаан төрийг булааж авах зорилготой. Түүний зорилго, амьдралын гол шугамыг жүжигчин Дамчаа гүнзгий ойлгож, гаднаа ихэмсэг дүр эсгэж, хорон санаагаа чанд нууцлан хамраараа хорон санааныхаа “утааг” огт гаргахгүйг хичээж явсаар эцсийн эцэст Мандухайг егүүтгээд санасандаа хүрлээ хэмээн хаан суудалд сэтгэл тэнүүн суудаг.

Гэвч түүний санаа үл биелэнэ. Энэ бүх үйд явцын дунд түүний бодол санаа үргэлж түгшүүртэй байх боловч тэрээр бууриа огт алдахгүй явсаар мөхөлдөө хүрнэ. Жүжигчин Дамчаа тэр үед зүрх нь хааяа тасалддаг байсан боловч бүтээлийнхээ төлөө эр зориг харамгүй гаргаж бүтэн булуулдагийг үзэгчид санаж байгаа байхаа. Тэрбээр бүтээлээ сайн болгохын төлөө тийнхүү бүхий л эрч хүчээ дайчилдаг няцашгүй уран бүтээлч байсан билээ. Дамчаа гуай өөрийн олон сайхан дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөрч үлдсэн төдийгүй монголын кино урлагийн хөгжил дэвшилд асар их үнэтэй хувь нэмэр оруулсан нэртэй уран бүтээлч байсныг Монголын ард түмэн яахан мартах билээ.
Монголын мэдээ
Кино зохиолч, судлаач ДҮЙНХОРЫН  МЯГМАРСҮРЭН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганаа 2015-11-23 15:57:01
    Урианхайчуудын дундаас төрсөн алдар цуутай од яах аргагүй мөн байлаа. Ану хатнаар кино хийх нь түүний мөрөөдөл, үүнийхээ төлөө чадах ядахаараа зүтгэсэн дээ...