“Доржсамбуу найруулагчийн нүдэнд өртсөн минь бурхны хишиг”

Уншигч Та лав УДЭТ-ын хойхнотой орших талбай дээр зүүн урагшаа харан, түшлэгтэй сандал дээр хөлөө ачин суух нэгэн эрхэм хүний хөшөөний хажуугаар сахал үсэндээ дарагдсан хэрнээ сэмбэлзтэл алхах нэгэн эртэй таарсан байж таарна. Зарим даа юм үглэж яваа харагдах. Мэдэхгүй нэг нь галзуу солиотой юм болов уу гэж ч бодохоор. Мэдэх нэг нь ээлжит дүрийнхээ үгийг давтаж явна гэж бодох. Энэ бол Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-т 1991 онд “билэг танхай найруулагч Г.Доржсамбууд уригдан хөдөөнөөс ирсэн хүн, би” гэж хаа нэг түхийх дуу муутай, үг цөөнтэй тайз-дэлгэцийн урлагийн жүжигчин Жамсранжав овогтой ПҮРЭВДОРЖ.

Саяхан нэг өдөр Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн найруулагч Б.Баатар “хүрээд ирээч, нэг яриа байна” гэхээр очтол урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж, гавьяат жүжигчин С.Дамдин гурав хүлээж байлаа. Баатар найруулагч мэнд амараа мэдэлцээд шууд л “...Та манай жүжигчин Пүрэвдоржийн талаар нэг юм бичээд өгөөч. Дуугүй нь дэндсэн энэ нэг амьтан найруулагчид тоогдон тоглох дүр олдвол наддаа шагнал гэсээр болохоо байх нь...” гэдэг байгаа. Зүс мэдэхээс үг сольж үзээгүйгээ хэлтэл хөх чоно-Дамдин: “Таны хэдэн жүжигт бүгдэд нь тоглосон шүү дээ. Төр мэдвэл мэдэхээр болсон, манай Пүрэвдоржийг. Мөн ч олон жүжиг, кино, сүүлийн үед гарч байгаа телевизийн олон ангит киноны ихэнхэд тоглосон шүү дээ... Дуулна, бүжиглэнэ, нэг үе баруун хэдэн аймгийнхан дундаа л босоо байсан хүн. Манай Доржсамбуу найруулагч олж ирсэн... Одоо өнөө авчирсан хүн нь өөд болчихоод бүр хаягдах нь...” гээд намайг байтугай “нам засгаа” яллах маягтай амьсгаа дээртэй, цухалдуу хэлж байсан.   

Б.Баатар мэргэжил, төгссөн сургууль нэгтэй, урлан бүтээхүйн сэтгэл ч нэгтэй болоод тэр үү Доржсамбуу найруулагчтай холбоотой яриа хөөрөө гарах бүрт арай л нэг өөр хандаад байхыг нэг бус анзаарсан болохоор хойшоо хэлж доошоо малтаад нэмэргүйг гадарлана. “Оролдоод үзье. Пүрэвдорж оо харин олж уулзуулаарай” гээд гарсан. Үнэндээ бол надад ч бас их залуужиж байгаа театрын жүжигчдийн дунд ахмадад тоологдох болсон “хөдөөх өвгөн” Пүрэвдоржийн талаар хэн нэгэн бичээсэй гэж бодож явсан юм. Хийсэн юмтай, хэлэх үгтэй байвал байхаар энэ эр “төрийн түмэн нүдэнд” өртвөл өртөхөөр болсон хүн гэж санадаг болоод тэр л дээ.

Пүрэвдоржтойгоо уулз­лаа, нэлээд ярьлаа. Зарим нэг ном сударт гарсан зүйл ч үзлээ. Бүтээсэн хийгээд бүтээхээр завдах олон дүрийнхээ дотоод сэтгэлийн зовлон жаргал, бодол эрэгцүүлэлд ээрэгдэн үс сахалдаа дарагдаж явдаг болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлэн намуухан хүүрнэх түүний ярианаас толилуулж буй минь энэ.

Тэрээр “Манай ээж, аав хоёр Завханы улс. Би дүү нарынхаа хамт Шилүүстэй сумын сургуульд сурч VIII анги төгссөн. Тэр үед манай сургуульд монгол хэл, уран зохиолын багш Цэрэннамжил гэж хүн байлаа. Хиaчээл сайхан заадаг, мань мэтийн хөнгөн сэтгэлтэй заримын сэтгэлийн утсыг хөглөдөг хүн байж, одоо бодоход. Тэр л багшийнхаа нөлөөгөөр Д.Нацагдоржийн “... Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо...” хэмээн дуудаж, “...Энэ бол миний төрсөн нутаг...” гэж цээжээ дэлдэн омогших болсон.

Биднийг наймдугаар анги төгсөхөд сурлагаар жагсааж байгаад аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, техникум, ТМС, илгээлт гээд хуваарилсан. Би Ховдын ХАА-н техникумын зоотехникчийн ангид хуваарилагдсан. Ховдод очоод хичээл номоо үзэхийн зэрэгцээ мөн л урлаг уран сайхны ажилд гүйдэг оюутан байсан. Ийм л завгүй хэдэн жил өнгөрч зоотехникчийн үнэмлэх өвөртлөн сумандаа ирсэн. Тэр үед миний аз уу, эз үү аймгийн төвд манай сумын урлаг-соёлын гурав хоног зохиогдох болоод сумын удирдлага намайг зоо нэртэй боловсон хүчний ажилтай, сумын төвд уяатай нэгэн болгож билээ. Дахиад л дуулж, бүжиглэж, шүлэг уншсан, сумын улаан буланд уран сайхны ажил хөтлөсөн амьтан 1979-1983 оныг үдсэн. 1981 онд болсон Бүх ард түмний урлагийн анхдугаар их наадамд аймгаа төлөөлөн оролцож мөнгөн медаль авч олны хараанд өртөж эхэлсэн бололтой байдаг. Айхтар төлөвлөж, тэгнэ ингэнэ гэсэн зүйл надад байгаагүй. Тэгтэл аймагт Хөгжимт драмын театр байгуулагдаж байгаа тухай яриа чих дэлсэх болсон. Нэг өдөр аймгийн намын хорооноос “Пүрэвдоржийг гурав хоногийн дотор аймгийн Соёлын хэлтэст шилжүүл” гэсэн бичиг ирсэн. Тэр үеийн МАХН-ын хорооны бичиг гэдэг хууль болохоор заасан хоногт багтан аймгийн төвд иртэл “Хөгжимт драмын театрт дагалдан жүжигчин болох шийдвэр гарчихсан найруулагч Дэмбэрэлсамбуу гэдэг хүний цэрэг болж, Монголын мэргэжлийн урлагт 1983 онд хөл тавьсан гэх үү дээ. Дараа нь залгаад мэргэжлийн курс хичээллүүлсэн. Онол, дадлага хослуулаад л. Шинэ тулгар орон нутгийн театрыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах улсын бодлого ингэж хэрэгжиж байж. Бид олуулаа курсэд сууж, шалгалт өгсөн. Дэмбэрэлсамбуу, Лхагважав гэж найруулаг­чид, ахмад уран бүтээлчид хичээл заасан. Сургалт өндөр­лөх үед Соёлын яамнаас тусгай комисс ирж, билет сугалуулж шалгалт авсан. Шалгалтаа амжилттай өгсөн хүмүүст “жүжигчин” гэсэн үнэмлэх олгосон. Ингэж л аймгийн театрын жүжигчнээр жинхэлсэн.

Эхлээд дуучин байсан. Найруулагч дуулуулах гэдэг, концерт ч тасрахгүй. Харин би дуулах дур муутай. Юутай ч театртаа гол дүрийн жүжигчин болсон. Миний хүсэх, хүсэхгүй байх хамаагүй шүү дээ, манайх Хөгжимт драмын театр байсан болохоор хөгжимт жүжиг олныг тавьсан. “Учиртай гурван толгой”-н Балганд дуулж байлаа. Дуурьд дуулна гэдэг бичсэн нотыг уншиж аялгуулахыг хэлдэг болохоос хэн нэгний хоолойд тааруулж өөрчилдөггүйг мэдэхгүй илүү юм хэлж найруулагч даа загнуулж явлаа. Яамнаас олгосон ч “жүжигчин” гэх үнэмлэхний маань хэмжүүр л тэр байж дээ” гэж хэлээд Ж.Пүрэвдорж мушийсхийснээ дуугаа хураахыг харахад урт сахал үс нь их зохицолтой харагдаж байлаа.

“Завханд найман жил ажиллахдаа 20-иод жүжгийн гол, туслах дүрд тоглосон. Концерт бол олон. Аймаг, сумаар тойрон тоглолт хийнэ, тун завгүй. Сүүлд УДЭТ-д ирээд хөдөө явснаа нэмээд үзэхээр 18 аймаг, 290 гаруй суманд очсон тоо гардаг. Бараг гүйцээсэн байгаа биз?...”

Ж.Пүрэвдоржоос УДЭТ-т ирэх болсон азтай учралын талаар асуухад нүд нь гялалзаад л, зэрэгцэж суугаа хэрнээ шалж дөхөөд л “Аа тэр үү тун азтай явдал. Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор тоглуулах шилдэг бүтээл орон нутгийн театруудаас шалгаруулж байсан. Ховдод баруун таван аймгийнхан цугласан, Улаанбаатараас Г.Доржсамбуу найруу­лагч, ардын зураач Ц.Доржпалам, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гээд олон хүнтэй комисс ирсэн. Тэгээд дүн гарах үеэр Доржсамбуу найруулагч “Завханы Пүрэвдоржийг УДЭТ-т урилгаар ажиллуулна” гэж зарласан. Ингээд би улсын төв театрт ирсэн азтай хүн” гээд цааш нь тэрээр “Энэ үед Доржсамбуу найруулагч театрын дарга байсан. Улс орон хэцүү, амаргүй үеийг туулж байсан. Харин тэр үед “театр эзгүйрсэн” гэдэгтэй би санал нийлдэггүй. Чухам энэ үед гадны хийгээд үндэсний ямар олон жүжиг тавьсан билээ? ОХУ-аас найруулагч урьж хүртэл жүжиг тавиулж байсан. Энэ бол баримт. Мэр сэр юм болж байсан л байх. Харин миний хувьд нийгэм бужигналаа, амьдрал хэцүү байна гэж бодох зав байгаагүй. Надад ташуур болох зүйл ч их байсан. Ядаж л хамт ажиллаж байгаа хүмүүсээ харахаар дандаа дээд сургууль төгссөн улс. Тэгээд л би бусдаас хоцорч болохгүй гэж зүтгэсээр он цагийг үдэж. Найруулагч, хамт ажиллаж байгаа уран бүтээлчдийн үг үйлдэл бүхэн надад шинэ учраас сураад мэдээд авчих юмсан, эднээс дутуугүй хийчих юмсан л гэж зүтгэж явтал цаг хугацаа хурдан өнгөрч. Мэдсэн, мэргэшсэнээр маруухан болохоор би бусдаас түрүүлж дуугарч байсангүй. Өөрийгөө голж явсан гэх үү дээ” хэмээн намуухан өгүүлээд мөн л бодолдоо дарагдан духайн суух. Бодол эрэгцүүллийн орчноос татан буулгах санаатай “Ингэж явсан чинь буруу байгаагүй биз? Аль эсвэл хотод ирээд...” гэж болгоомжтойхон асуувал “Юу нь буруу гэж дээ. Хөдөө гол дүрийн байсан хүн энд ирээд туслах дүрийн гэж асуух гээд байна уу? Үгүй дээ, надад тийм бодол байгаагүй. Жүжиг ганц гол дүрээс бүтдэггүй. Туслах дүргүй гол дүр гэж яаж байх билээ? Тийм болохоор элдэв бодол надад байгаагүй. Янз бүрийн дүрд тоглож байлаа. Түүхэн гурамсан жүжиг Мөнхдорж найруулагч тавихад хоёрт нь би тоглосон. Шагналын тухайд ч буруу юм байхгүй гэж би боддог. Миний хувьд аймгийн театрт ажиллаж байснаа оруулаад 20 гаруй жил болж байж “соёлын тэргүүн”-тэй бол­сон. Үнэ цэнэтэй сайхан шагналыг баруун солгойгүй тарааснаас болоод зарим улс зүүхээсээ ичдэг тэмдэг болчихож дээ. Ер нь уран бүтээлч хүний хувьд гавъяа шагнал гэдэг хоёр янз байдаг юм болов уу гэж би боддог шүү...

МЭРГЭШСЭН ЖҮЖИГЧИН Ж.ПҮРЭВДОРЖ

...Ялангуяа жүжигчин бидний хувьд дүр олдоно гэдэг том шагнал. Тийм болохоор том театрт ирж, том бүтээлд гарна гэдэг том шагнал, том хишиг. Бод л доо би төв театрын жүжигчин болсон учраас л гадаадын хэд хэдэн кинонд уригдан тоглосон цөөхөн монгол жүжигчдийн нэг боллоо. Доржсамбуу найруулагчийн нүдэнд өртсөн минь миний амьдралд олон боломж, олон өөрчлөлт дагуулсан бурхны хишиг байсан гэж хэлэх дуртай.  Би аймгийнхаа театрт байсан бол кинонд тоглож, бүр 1990-ээд онд Японы кино наадамд оролцох боломж гарахгүй. Жүжигчин хүний гол шагнал бол найруулагчаас гардаж авдаг дүр гэж би боддог, итгэдэг. Дараа нь үзэгч олны зүгээс түрэх урам жүжигчний хувьд тэтгэгдэх ундарга-цаг хугацааг даах гол шагнал нь болдог гэж боддог юм” гээд онигор нүдээ улам онийлгож, ханан дотор хашаатай хэрнээ тэнгэрийн хаяа эрнэ үү гэлтэй өлийснөө: “Энэ зуур Дэмбэрэлсамбуу, Лхагважав хоёроос эхлээд драмын олон найруулагчтай ажиллажээ. Г.Доржсамбуу, Б.Мөнхдорж, Л.Лхасүрэн, Б.Баатар, И.Нямгаваа, Ч.Найдандорж, Э.Санчигдан, Комиссаров, Кондратьев, Ч.Түвшин, Н.Наранбаатар гээд олон хүний нэр хэлж болно. Дээр нь Б.Балжинням, С.Бужгар, Б.Сумхүү, Л.Эрдэнэбулган, О.Бат-Өлзий гээд олон кино найруулагч хэлэхтэй болжээ би. Жүжигчин төрүүлдэг найруулагч гэж би Доржсамбуугаа л онцолно доо. Дөрөвхөн жүжгэн дээр хамт ажиллажээ. Энэ хүн даанч эрт, 45-хан насандаа бурханы оронд заларч дээ” гээд нүдээ нуух аятай толгой гудайлган дуугаа хураав.

Яриагаа таслахгүй са­наа­тай өдөхдөө “Танайхан театрыг ариун сүм гэх юм билээ. Таныхаар бол энэ юу гэсэн үг вэ?” гэвэл бодол харууслын орчноос эргэн ирэв бололтой тогтуухан харсанаа “Минийхээр бол хүнд юм бодуулах газар. Зөв бодож зөв дүгнэхэд хүнд тус болох учиртай газар театр гэдэг утгаар л сүмтэй харьцуулах болсон байх. Наад захын жишээ гэвэл Кихот ноён шүү дээ. Жүжиг үзчихээд ийм галзуу солиотыг тавих хэрэг байна уу? гэж байгаа хүн байна. Харин бодуулж чадвал галзуу хүн биш байна гэж бодоод гарна. Эндээс л өнөө ариусах гэдэг маань эхлэх учиртай байх. Одоо ч өөр, боломж өргөн, үзэх харах юм ч их болж. Тэрний хэрээр урлаг, уран сайхны онол арга зүйн ном ч уншиж судлахтай боллоо. Хуучин манайд огт байгаагүй Захава, Мейерхольд, П.Брук, Гротовски нарын аваргуудын бүтээлийг бидэнд ойртуулж өгч байгаад талархаж явдагаа Танд уулзсан боломжоо ашиглан илэрхийлье”.

Ярианы сэдэв өөр тийш эргэх янзтай болохоор хаших санаатай “Дэлгэцийн урлагт бас л сүүлд хөл тавьжээ” гэтэл -“Кинонд уу, их сонин. Уг нь би “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд надаас өөр хүн оноож бараг харахааргүй морьтой давхиж яваа зураг анх авахуулсан хүн. Тийм болохоор миний хувьд “Цахилж яваа гөрөөс” дэлгэцийн анхны том бүтээл. 1993 оны кино. Тэр жил манайд 44 кино гарснаас шалгаруулахад тэргүүн байр эзэлсэн. Мөнгөн шагналын хажуугаар кино наадамд оролцох урилга ирсэн. Азийн кино фонд гэж байгуулах сонголтод манай кино оролцох болсон юм билээ. Кино наадмын урилга “найруулагч И.Нямгаваа, жүжигчин Ж.Пүрэвдорж нарт” гэж бүр нэр зааж ирсэн учраас 1995 онд арлын орныг зорьж байлаа. Аймгийнхаа театрт “батганы толгой байсан нь дээр” гээд сууж байсан бол ийм боломж гарахгүй дээ. Хятадын найруулагчийн кинонд 2010 онд Өвөрмонгол явсан. Италийн “Салхины хаан”, ВВС-гийн “Чингис хаан” гээд нэлээн хэдэн гадны кинонд дүрээ үлдээх боломж бас гарсан. Өвөл нь ирж судлаж үзээд баахан материал авч яваад зун  долдугаар сард голдуу зураг авах юм. Австрийн кинонд Сорхон шар болсон. Хонгконгийн кинонд ч оролцсон...” гээд мөн л намайг асуухыг хүлээн дуугаа хураав.

“Таны сая нэрлээд байгаа кинонууд зах зээл дээр хэр байдаг юм бол?” гэвэл тэр ч надад юу хамаа байхав дээ гэх янзтай над руу харсанаа “Италийн кино гайгүй дуулдсан. ВВС-гийн “Чингис хаан” Монголд гарсан шүү дээ. Өвөрмонголчуудын хийж байгаа кино арай гараагүй байна. 20 ангитай том кино гэж байгаа” гэлээ. “Гадныхан жүжигчнээ яаж сонгож байх юм” гэвэл “Фото зураг авна, жүжигчилсэн тоглолт хийлгэж бичлэг авах гээд баахан юм болж байгаад буцдаг. Олон хүн үздэг юм билээ. Тэгээд төв дөө очоод сонголтоо хийдэг байх. Театрт ажилласан олон жилийн туршлага минь л нүдэнд нь тусч сонгогдож байна гэж би ойлгодог. Сүүлийн үед телевизийнхэн олон ангит кино гээд бас мундахгүй л байна” гэчихээд дэмий олон үг хэлчихэв үү дээ гэж бодов бололтой мөн л нүдээ нуух янзтай өөр тийш харав. Би ч миний асуух ээлж ирж гэж ойлгоод “Гадаадын дэлгэцийн урлагийнхан өөрийг чинь мэддэг болж. Манай үзэгчид хэр таньж байна?” гэвэл мушийснаа “Таних нь таньж байна аа. Гудамжинд хүүхэд багачууд, жаахан халамцуу улс хоёр л таньж яриа өдөж байх юм. Голдуу киногоор танина шүү” гээд мөн л дуугаа хураалаа.

Урлагийнхан гэхээр эгэл бидний дунд яриа хөөрөө ихтэй, их доргио улс гэсэн төсөөлөл байдаг. Харин энэ удаа миний амыг нь чангааж байгаа жүжигчин Ж.Пүрэвдорж лав тийм нэгэн биш аж. Асуухгүй л бол ам ангайхгүй нь нэгэнт тодорхой болохоор “Гэр бүлээ танилцуулаач?” гэвэл боливол яасан юм бэ дээ гэсэн янзтай нэгэнтээ харсанаа: “Гэргий маань Д.Цэгмид гэж бага ангийн багш мэргэжилтэй хүн бий. 1990-ээд онд хоёулаа төсвийн байгууллагын цалин хараад байхад хэцүү байсан учраас эхнэр маань ажлаасаа гарч дүү нартайгаа хамтран хувиараа юм хийж байлаа. Намайг л бас амар тайван ажил даа зүтгэг гэсэн санаа нь тэр байсан биз. Одоо бол зээгээ хардаг том ажил хийж байна. Хүү, охин хоёртой” гээд мөн л дуугаа хураав.

Ийм нэгэн даруухан, яриаг нь сонсоход чанга дуутай ч дуугүй талдаа цөлх нэгэн эрхэмтэй уншигч Таныг танилцууллаа. Өөрт оногдсоноо, өмнөхөө хэнээс ч дутахгүй хийх л гэж зүтгэх Ж.ПҮРЭВДОРЖ жүжигчний дотоод сэтгэл рүү өнгийх гэж оролдлоо. Энэ хүн олон түмэн үзэгчдэд танигдаж. Тайз, дэлгэцийн урлагийн мэргэжлийнхний хүрээнд өөрийн гэх орон зайтай болж. Энэ хүн олон улсын тавцанд цөөн гэж лав хэлэгдэхээргүй дэлгэцийн бүтээл урлажээ. Олон улсын уралдаан тэмцээнд байр эзлээд ирсэн тамирчдаа манайх насаар нь цалин олгох болоод хэдэн жил болж байгаа ... Энэ их зөв ажил. Тэгвэл Ж.Пүрэвдорж шиг уран бүтээлчийг яах ёстой вэ?  

Юутай ч хатуу шалгуур­тай, өндөр босготой Монголын урлагийнхан 23 жилийн дараа буюу 2006 онд Ж.Пүрэвдоржид  “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээ хайрлаж. Төд удалгүй төр хишгээ хайрлаж 2011 онд “Алтангадас” одонгоор энгэрийг нь мялааж. Гэсэн ч сүүлийн үед шагнал үерлүүлдэг болоод байгаа төр маань анхааран талибах хүн нь Жамсранжавын ПҮРЭВДОРЖ мөнөөс мөн гэхэд буруудах гэж үү?

Зууны мэдээ
Орчуулагч  Норовын Пүрэвдагва

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • батболд 2018-11-17 00:58:27
    даруухан сайхан хүн юм аа. тэр шагналыг нь өгчих хэрэгтэй ш дээ. алиа гаруд аваад л яваад байх юм.
  • tsetseg 2016-12-10 08:47:30
    их сайн жужигчин шуу. даруухан нь дэндуу. Доржсамбуу найруулагч Энхтуул. пурэвдорж хоерыг театрт заавал авна энэ хоерийг та нар хараарай гэдэгсэн.
  • nara 2016-07-12 14:16:06
    bie biedee temer egeh geed suid bolohoo bolimoor um,ichdeggui um baih daa
  • за 2015-11-24 03:24:13
    Энэ урлагийхан шагналаас өөр юм бодохоо байжээ хүн болгон гавьяат болох юм уу хаашаа юм .20-иод жил ажиллавао шууд гавьяат ккк
  • оооонн 2015-11-23 13:03:32
    Нутгийн ахдаа амжилт хүсье
  • Зочин 2015-11-23 08:13:38
    энэ урлагийнханд шагналаас өөр бодох юм байдаг юм уу, монголын төрийн шагнал, одон медаль утга чанараа алдсан, бараг одон авсан нь ичдэг болсон