Монгол Улс төвийг сахиж чадах уу
Гадаад бодлогын аливаа дорвитой санаачлага нь зөвхөн тухайн улсын эрх ашиг, аюулгүй байдлын асуудлыг хөндөөд зогсдоггүй, хил залган байгаа хөрш гүрнүүд болон бусад сонирхогч том улсуудын ашиг сонирхол, эрх ашигт сайн муу, эерэг сөрөг аль нэг байдлаар нөлөөлдөг.
 
Тиймээс аливаа дорвитой санаачлага гаргахдаа ялангуяа мэргэжлийн олон хүн, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудаар тал бүрээс нь судлуулан, түүний манай улсын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлийн сайн тал, сөрөг муу үр дагаварыг нарийвчлан тогтоосны дараа олон нийтээс санаа бодлыг нь өргөн хүрээнд авах үндсэн дээр тухайн санаачлагыг дэвшүүлэх эсэхээ шийдэх учиртай. Гэтэл сүүлийн үед манай улсын гадаад бодлого, аюулгүй байдлыг ноцтой хөндөх том асуудлуудыг үндсэндээ ганц хүний үзэмж, сэтгэлийн хөөрөл, эсвэл нууц учир шалтгааны улмаас гэнэт гарган тавьж зүтгүүлдэг. Тэр нь мэргэжлийн болон асуудлыг гадарладаг шударга, зарчимч, хувийн өчүүхэн сонирхолоо улс эх орны язгуур эрх ашгаас дээгүүр тавьдаггүй хүмүүсийн нүдийг орой дээр гартал гайхал, бухимдлыг нь төрүүлдэг явдал хэвийн үзэгдэл болоод байна. Тийм нэг санаачлага нь Монгол Улс “Байнга төвийг сахих” асуудал юм.
 
Ийм санаачлага дэвшүүлэхийн тулд одоо манай баримталж байгаа аюулгүй байдлаа хангах бодлого баримтлал яагаад болохгүй байгааг тогтоон шинэ санаачлага одоогийнхоос юугаараа илүү сайн болохыг тод томруун харуулан тайлбарлах учиртай. Гэтэл энэ талаар итгэл үнэмшил төрүүлэхүйц тодорхой хэлж ярьж байгаа зүйл харагдаж сонсогдохгүй байна. Манайх 1980-аад оны эцэс хүртэл өөрийн улсын аюулгүй байдлыг ЗХУ-тай байгуулсан хоёр талын харилцан туслах гэрээний үндсэн дээр хангаж ирсэн түүхтэй. Гэтэл Зөвлөлтөд өөрт нь өрнөсөн шинэчлэлт өөрчлөлт болон Зүүн Европын социалист орнуудад өрнөсөн ардчиллын төлөөх хувьсгал, манай дотоодын улс төрийн үйл явцтай уялдан олон улсын харилцааны шинэ нөхцөл байдалд аюулгүй байдлаа хангах өөр арга зам хайх хэрэгтэй болсон. Зөвлөлттэй холбоотон байсан нь манай улсыг тусгаар тоггносон улс гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг монгол хүн бүр мэдэж талархаж байдаг.
 
Гэхдээ энэ холбоонд, Зөвлөлтийн нөмөр нөөлөгт олон жил болсон нь мөн цөөнгүй ноцтой асуудлыг бий болгосон билээ. Наад зах нь  Монголыг үнэхээр бие даасан тусгаар улс гэхээсээ Зөвлөлтийн 16 дахь БНУ гэх ойлголт дэлхийд төрүүлэхэд хүргэсэн. Дотоод гадаад бодлогоо өөрөө бараг шийдэх эрхгүй болсон. Тиймээс ч манайхыг олон улсын харилцааны томъёоллоор "Дагуул улс” гэдэг статуст хамруулж ирсэн билээ. Монгол Улс хоёр хөршийнхөө нэгэнтэй эвсэж нөгөөхтэй нь дайсагналцсан, түүний улмаас өөрийн газар нутгийг нөгөө хөршийн эсрэг хамгийн ойроос цохилт өгөх, давшилт хийх цэргийн том түшиц тавцан болгосон.
 
Нэгэнт ноцтой дайсагнасан уур амьсгалд өмнөд хөрштэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал хаалттай явж ирсэн нь тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хэт хүчирхэг гүрэнтэй холбоонд орж ханган, нөлөөнд нь хэт удаан явахын сөрөг муу талыг тодорхой харуулсан.
 
Энэ байдлыг өөрчнлж тусгаар тогтнол аюулгүй байдлаа өөр арга замаар хангах шаардлага тулгарсан. Энэ зорилтыг өнөөгийн манай явуулж буй гадаад бодлого сүүлийн 26-27 жилийн хугацаанд Гадаад бодлогын гурван үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын хоёр үзэл баримтлал, цэргийн номнол зэрэг төрийн бодлогын суурь баримтлалуудад тулгуурлан амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ өөрчлөлтийн ачаар Монгол Улс гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаа өөрийн толгойгоор тунгаан шүүж бие даан шийддэг болсон. Хоёр хөрш гүрэнтэй нэгэнтэй нь эвсэж нөгөөтэй нь дайсагнасан харилцааны хэлбэрээс аль алинд нь адил тэнцүү хандаж, харилцан ашигтай сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Өрнө Дорнын ардчилсан улс гүрнүүдтэй “Гурав дахь хөрш”-ийн бодлогын хүрээнд идэвхтэй харилцан хамтран ажиллах, дэлхийн бусад улстай харилцаа хөгжүүлэхэд нээлттэй байхаа зарлаж тунхаглан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ бүх бодлогыг базаад Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдлаа "Улс төр, дипломатын аргаар хангана” хэмээн тодорхойлсон. Энэ бодлого өнөөдрийг хүртэл тун амжилттай хэрэгжиж байгаа гэж үзнэ.
 
Манай өнөөгийн бодлогыг олон улсын харилцааны томъёоллоор аюулгүй байдлаа "Буфер" улсын байдлаар буюу “Жийргэвч" маягаар хангах гэж тодорхойлдог. Байнга төвийг сахих бодлогыг өнөөгийн бодлого баримтлалын үргэлжлэл, түүнийг илүү дээд төвшинд гарган хэлбэржүүлж буй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Буфер байх, Төвийг сахих хоёр тусдаа биеэ даасан аюулгүй байдлыг хангах хэрэгслүүд юм. Тиймээс ч энэ хоёр нь бодлогын өөр өөр баримтлалыг, арга хэрэгслийг шаарддаг. Хэдийгээр Щвейцарь лугаа төвийг сахих боломж байх эсэхийг манай үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээсэн удирдагчид тухайн үедээ судалж байсан гэдгийг өнөөгийн манайхан иш татаж ярьдаг ч энэ зүйл бүтээгүй тул суурь үндэслэл болгох учиргүй. Буфер баримтлал ямар бодлого, чиг баримтлалаар дамжин хэрэгждэгийг манай өнөөгийн жишээ тод харуулж байгаа тул үүнийг нэг их дэлгэрүүлж бичих нь илүүц биз ээ.
 
Харин “Байнга төвийг сахих” бодлогыг манай төрийн бодлогын шинэ чиг баримтлал болгон авбал ямар үндсэн өөрчлөлт хийхэд хүрэх, ямар үр дагавар хор уршиг авчирч болохыг тоймлож гаргахыг оролдъё.
 
Буфер баримтлалын үед аюулгүй байдлаа “Улс төр, дипломатын аргаар хангах”- ыг гол болгон баримтлах хэдий ч манай эргэн тойрны байдал эрс хурцдан, Монгол Улсын аюулгүй байдалд ноцтой аюул учруулах заналхийлэл бий болбол бусад том улс гүрэн, эвсэл холбоонд хандан тэдний нөмөр нөөлөгт орох боломж нээлттэй төдийгүй, хамгаалах тийм эвсэл холбоог тайван цагт эрж олох, амлалт дэмжлэгийг нь авах явдлыг гадаад бодлогын нэг гол зорилт болгон 1994 оны Үзэл баримтлалд тод тусгаж өгсөн байдаг. Хэрэв Төвийг сахихаар шийдвэл тийм аюул заналхийлсэн үед бусдад найдах үүд хаалга хаагдах бөгөөд өөрнйгөө хамгаалах явдал гол зорилт болон тавигддаг. Мэдээж манай төвийг сахисан байдлыг үл хэрэгсэн дайрч довтолж орж ирсэн аль нэг гүрнийг Монгол Улс байлдаад ялах магадлал байхгүй тул ядаж тэдний гол хот, стратегийн төвүүдэд “хүлээн зөвшөөрч үл болох" хэмжээний хүчтэй хариу цохилт өгч чадах тийм цэрэг байлдааны чадавхи, төрөл зүйлийг хөгжүүлэх шаардлагатай болдог.
 
Өнөөгийн Хойт Солонгос өрх гэрийн дарангуйллын системээ хамгаалах үүднээс тийм чадавхийг бий болгохоор ард түмнээ өлсгөж зовоохыг умартан олон жил тэмцэж байгааг бид мэднэ. Төвийг сахисан сонгомол улс Щвейцарь ч байлдааны тийм чадавхийг хангахаар тэмцэж ирсэн орны тод жишээ юм. Манайхаас газар нутгийн хувьд 36 дахин жижиг энэ улс орчин үеийн байлдааны 190- ээд нисэх онгоцтой, батлан хамгаалах жилийн төсөв нь 4.8 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Байлдааны олон төрлийн зэвсэг техникээ өөрөө үйлдвэрлэдэг, айл бүрээ байлдааны буу зэвсэгээр зэвсэглэсэн, байлдааны байнгын бэлэн байдалд байдаг гээд тоочоод байвал төвийг сахихыг ямар их үнэ цэнэ, хүч чармайлт, байлдааны бэлтгэл, хөрөнгө хүч зарцуулж байж хангадгийг харж болно.
 
Зөвхөн эндээс Төвийг сахих бодлого нь Буферийн үргэлжлэл, дээд төвшин биш, харин аюулгүй байдлаа хангах өөр бодлого, цэрэг улс төрийн тэс өөр арга хэрэгсэл шаарддаг баримтлал болох нь тод харагдана. Тиймээс хэрэв манайх Төвийг сахихаар шийдвэл Гадаад бодлогын өнөөгийн үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, нэн ялангуяа Цэргийн номнол зэрэг төрийн бодлогод олон дорвитой өөрчлөлт хийхэд хүргэх юм.
 
Тийм бодлого зарлавал наад зах нь манайх НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд өөрийн цэрэг дайчдыг илгээх боломж хаагдана. Зөвхөн арын алба, холбоо техникийн алба зэрэгт цөөн хэдэн хүн илгээж чадвал дээдийн заяа болно. Нөгөө гол орнуудтай байгуулсан Стратегийн түншлэлийн харилцаа залуучуудын ярьдгаар будаа болно гэсэн үг. Энэ мэтчилэн өнөөгийн бодлого, үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй гэсэн сурталчилгаа оргүй худал болохыг олон зүйлээс харж болно.

Улс орны хувь заяа, аюулгүй байдалд дорвитой нөлөөлөх санал санаачлага гаргахдаа өөрийн улсын хүч чадал, хөрөнгө, эдийн засгийн чадавхи боломж, гадаад нөлоө хамаарал гээд олон зүйлийг нэн бодитой, реалист байдлаар үнэлэн цэгнэх явдал зайлшгүй хийх ёстой зүйл. Нөгөө “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэсэн үг юм. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал өөрөөс нь гэхээсээ илүү хөрш хоёр гүрний хоорондын харилцааны байдлаас үндсэндээ хамаардгийг манай түүх харуулдаг.
 
Манай хоёр хөрш эдүгээ хоорондоо сайн харилцаатай байгаа нь Монгол Улсын хувьд ч хөгжиж дэвших сайхан боломжийг олгож байна. Гэхдээ олон улсын харилцаа үргэлж өөрчлөгдөж байдаг. Мөнхийн найз нөхөр гэж байдаггүй. Харин мөнхийн эрх ашиг гэж байдгийг түүх олонтоо харуулж ирсэн. Хэрэв хэзээ нэгэн цагт хоёр хөршийн маань харилцаа 1960-аад оны үеийнх шиг бие биеэ багалзуурдах хэмжээнд, дайтах байлдахдаа хүрч муудвал Монгол Улс Төвийг сахисан бодлогоо хэвээр хадгалж чадах уу гэсэн асуултад өнөөдөр хариулт өгч байж энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх учиртай. Миний бодлоор бид чадахгүй.
 
Тийм үед хоёр том гүрэн Монголыг төвийг сахисан хэвээр нь байлгах боломжгүй. Яагаад гэвэл хэн нь Монголыг өөрийн талд холбоотон болгоно, тэр нөгөөгийнхөө эсрэг цэрэг стратегийн илт давамгай байдлыг олж авдагт нууц нь оршино. Монгол хүсэхгүй ч аль нэг нь Монголыг хүчээр өөртөө татах болно. Өөрөөр хэлбэл, Төвийг сахих тухай тунхаглан зарлах амархан. Харин тийм ноцтой, хүнд сорилт шалгуурыг Монгол Улс төвийг сахисан хэвээр давж гарч чадахгүй. Энэ бол олон улсын харилцаан дахь манай бодит байдал, онцлог юм. Энд мөн Монгол Улс газар нутгийн хэмжээ, цэрэг стратегийн ач холбогдлоор Щвейцариас хол ялгаатай болох нь харагдана. Нөгөөтэйгүүр, дэлхийн II дайны өмнө Балтын гурван улс төвийг сахих бодлогыг тунхагласан боловч түүнийгээ хамгаалж чадаагүй төдийгүй ЗХУ-д эзлэгдэн тусгаар тогтнолоо олон жил алдаж байсан гашуун сургамж бий. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр Төвийг сахих бодлого зарлавал дээрх сургамж давтагдах магадлал нэн өндөр гэж үзнэ.
 
Түүгээр яваа гайг үүгээр дуудаж авчирна гэгчээр өнөөдөр болж бүтэж  таарч тохирч байгаа гадаад бодлого, аюулгүй байдлын чиг баримтлалаа таягдан хаяж, хадгалж хамгаалж эс чадах Төвийг сахисан байдлыг сонгох нь хэр ухаалаг алхам бол оо. Ядарч тэвдсэн хүнд үед холбоотон ч үгүй, өмгөөлөл хамгааллыг авч болдог үүд хаалгаа үүрд түгжиж хаях нь хэр зөв бол. Төвийг сахих талаар УИХ-аар хэлэлцэж төрийн бодлого болгон зарлаагүй байхад олон улсад хандан НҮБ-ын хүндэт индрээс энэ бодлогыг дэмжихийг уриалж байдаг нь бушуу туулай борвиндоо... гэгчээр манайд юмны ээлж дараа, учир холбогдлоо мэдэхээ больсны тодорхой жишээ болоод байна.
 
Төвийг сахисан бодлого зарлаад 60 жил болсон Австри улсын удаа дараагийн удирдлага энэ бодлогоосоо хэрхэн салж хагацахаа мэдэхгүй аргаа барж байгаа тухай тэнд ажиллаж байсан манай нэг ахмад дипломатч ойрмогхон тодорхой баримтаар бичсэн байсан. Бүх нийтийн санал асуулга явуулж байж Австри улс Европын холбоонд гишүүн болж чадсан ч яаж НАТО-гийн гишүүн болохоо одоо болтол мэдэхгүй байгаа. Зарласан бодлогоосоо ухрах ямар хүнд хэцүү байдгийг харуулсан бусдын ийм  сургамж бидэнд одоо л юм бодогдуулах учиртайсан.

Зууны мэдээ
Элчин сайд Ч.Баатар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sure 2015-11-23 10:01:01
    http://sonin.mn/news/politics-economy/51157 -d bui Төвийг сахих нь Монголын язгуур эрх ашиг мөн үү sonin yum
  • Зочин 2015-11-23 08:09:20
    за юун сүртэй юм монголтой монголгүй дэлхий сөнөх бол сөнөнө, хөгжих бол хөгжинө, хэн манайхыг тоож байгаа юм, төвийг сахина уу, төөрч үхнэ үү хэнд хамаатай юм
  •  2015-11-23 07:34:37
    Төвийг сахиж чадаж л таарна. Юу гээд өдөөн хатгаад байгаа юм бэ.
  • zochin  2015-11-23 06:48:56
    mash zvvtei. onoodor tor maani 3 tiish harsan tolgoitoi atgaaljin har mangas gedeg l wolchihoj.
  • konsul 2015-11-23 05:51:30
    MASH ZOV, ERUUL UXAANTAI SANAA BODOL BICHSEN BAINA.