Ард нийтийн санал асуулгын  хууль эхний хэлэлцүүлгээ давлаа
УИХ-ын баасан гарагийн хуралдаан 10.30 цагт 51.3 хувийн ирцтэй хуралдаж эхэлсэн юм. Энэ өдрийн хуралдааны анхаарал татсан хоёр хуулийн төсөл нь Р.Бурмаа, Х.Тэмүүжин, О.Баасанхүү, Су.Батболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай хуулийн төслүүд болон Н.Батбаяр нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал байв.
 
Хуралдаанаар эхлээд Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид оруулсан нэмэлт өөрчлөлт болон Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлав. Үргэлжлүүлэн Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 55.1 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар өргөн мэдүүлэхдээ Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг давхар мэдүүлсэн юм. Хуулийг өргөн мэдүүлсэн нь ард түмнээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү, үгүй юу гэж санал авах болсонтой холбоотой.
 
Санал асуулгын хуулийг УИХ-аас 1995 онд баталсан ч нэг ч удаа хэрэглээгүй. Харин одоо өөрчлөлт оруулахгүй бол хуучирсан байна. Төсөл санаачлагчдын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал асуулгыг энэ сарын 26-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч хугацаа тулгамдсан тул хойшлуулахаас аргагүйд хурээд буй юм. Хуулийн төслийн талаар гишүүд байр сууриа илэрхийлэв.
 
 Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Нийгэмд тулгамдсан асуудал, бодлогын чанартай асуудлыг ард түмнээс асуух ёстой. Улс орны амин чухал асуудлыг Ард түмний санал асуулгын тухай хуулиа боловсронгуй болгоод асуучихад болохгүй юм байхгүй. Ард нийтийн санал асуулга албан ёсоор асуугаагүй байж ард түмэн ингэж ярьж байна гэх нь ёс зүйгүй асуудал. Улс төрийн намын тухай хуулиараа ч санал асууя. Үл хөдлөх хөрөнгө түрээсэлдэг, үүнийгээ ч асууя. Санал асуулга явуулах хуулиа боловсронгуй болгочихъё, дэмжиж байна” гэсэн бол Ж.Батзандан гишүүн “УИХ-ын төвшинд шийдэж чадахгүй байгаа олон асуудлаар ард түмнээс санал асууж шийдэх боломжтой. Хуулийг дэмжиж байна” хэмээлээ.
 
Хуралдаанаар үргэлжлүүлэн Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-д сонгуулийн тухай дөрвөн ч хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хууль, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Р.Бурмаа гишүүний боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуульд ямар үндэслэлээр сонгуулийн сурталчилгааг сониноор хийхгүй байхаар заасныг тодруулав. Харин төсөл санаачлаг хуульд сонингоор сурталчилгаа хийх заалтыг хэлэлцүүлгийн шатанд оруулаад явах боломжтой гэсэн хариулт өгсөн юм. Ингэснээр хууль тус бүрээр санал хураалт явуулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хууль тус бүр дээр дэмжиж байнгын хороонд шилжүүллээ.
 
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс гишүүд сэдэв харгалзахгүйгээр асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гипгүүн С.Оюун “Утаатай тэмцэх ажлаа Засгийн газар зогсолтгүй үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Нүүрсний хэрэглээг бууруулахын тулд цахилгаан халаагуураар халаах, газаар дулааныг хангах гээд энэ ажлуудыг явуулах хэрэгтэй байгаа. Газаар дулааныг хангахад 500 сая доллар хэрэгтэй гэсэн том мөнгө дуулдсан. Гэхдээ тэрийг хүлээлгүйгээр бага багаар хийж байсан ажлаа зогсолтгүй үргэлжлүүлэх. Сэргээгдэх эрчим хүчээр, эсвэл цахилгаан халаагуураар халаахаар ажлыг бага ч болов урагшлуулахгүй бол тасалж боломгүй байна. Өнгөрсөн өвөл нарийн ширхэгтэй тоосонцор 30 хувиар буурсан, 2008 оноос хойш нэмэгдсээр 5 дахин өссөн байсан нь буурснаар 2-3 дахин илүү болж, буурсан. Ажлаа зогсоохгүй бага ч болов явуулах шаардлагатай байна” гэсэн санал хэллээ.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хийн үйлдвэр барих ажлаа үргэлжлүүлнэ. Хоёр том үйлдвэрийн төсөл явж байна. Туршилтын журмаар нэг ажил явж байна. Нүүрснээс газ боловсруулах асуудал технологийн хувьд нэмж шаардаж байна. Тавантолгойн нүүрсийг Улаанбаатар хотод авчирах гээд асуудал бий. Энэ жил хийн үйлдвэрийн туршилтаа үргэлжлүүлнэ. 2.8 сая ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн. Аль нэг эх үүсвэрээр шийдээд хамтарч ажиллана. Шахмал түлшний үйлдвэр 900 тонныг үйлдвэрлэх боломжтой гэсэн. Энэ хүрээндээ санхүүгийн бололцоогоо харгалзан 10 мянган өрхийг шахмал түлшний татаас руу шилжүүлэхээр ажиллаж байна. Эрчим хүчний яамтай ярьсан, цахилгаан халаагуурыг дэмжих зорилгоор шөнийн цагийн тарифыг дахиж дэмжин эрчим хүчний төлбөрийг нь 50 хувиар буруулна” гэсэн хариулт өглөө. Ерөнхий сайдаас асуух асуулт дууссаны дараа Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.
Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баагий 2015-11-23 07:58:52
    чадахгүй юм чинь асуухаас өөр яах вэ харин асуух юмаа зөв асуугаарай ард түмэн бид хариулья
    202.179.7.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-23 04:15:12
    ард түмнээсээ асуу асуу, төрөө байтугай биеэ засахыг хүртэл асуу, яагаад гэвэл биеэ засаагүй хүмүүс, сэтгэцийн өвчтэй хүмүүс уих-д олон байна шүү дээ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах