Бохирдуулах тактик
Дөрвөн жилийн мөчлөгтэй УИХ-ын сонгуулийн сурталчилгаа сонгууль болохоос нэг жилийн өмнө, эсвэл хэдэн сарын өмнө эхэлдэг байсан бол сүүлийн үед энэ хугацаа илүү уртассан. Иргэд нэр дэвшигчийн тараасан мөнгө, тойрогтоо очиж толилуулдаг шоу концертод хууртахаа больсон. Өөрийнхөө нэрийг бичсэн шаазан аягаар сонгогчдоо хуурдаг байсан тэр цаг үе өнгөрсөн учраас тойргийн сонгогчдоо улстөрчид нэр дэвшиж ялалт байгуулсан өдрөөсөө эхлэн л байнга тойглох болжээ. Ядахдаа л хоёр жилийн өмнөөс эхлэн нэр дэвших аймаг, сум, дүүрэг рүүгээ гүйдэлтэй болж, эсрэг намынхаа нэр дэвшигчээс илүү гарах бүхнийг хийдэг болсон. Тэр ч ёсоор 2012 оноос хойш улстөрчид маань ёстой л шидийг үзүүллээ. Зурагт болгоноор дуулж бүжиглэж, эмнэлэг угааж, цас цэвэрлэж, ноос ноолуур самнаж гүйлээ. Автобусанд сууж сэльфидэж, аргаа барсан зарим нь өдөр болгон хэвлэлийн хурал хүртэл хийж олны анхаарлыг татах гэж оролдов. Босч үг хэлнэ ээ гэсэн бардам амандаа хүрэхийн тулд дөрвөн жил босоо зогсч өөрийгөө зовоов. Гэвч энэ бүхэн нь гэгээхэн хиргүй байдаг нь сайхан.
 
Хэдийгээр өөрийгөө тэнэг байдалд оруулж, өрөөл бусдаар шоглуулдаг ч хүн л юм хойно ард түмэндээ сайхан харагдахыг хусэлгүй л яахав. Би ингээд хэлчихвэл, эсвэл дуулчихвал энгийн харагдах болов уу гэсэн бодлын үүднээс хийсэн үйлдэл нь өөрт нь ч өрөөл бусдад ч гэм хоргүй нь сайхан. Харин улс төрийн сөрөг пиар идэвхжээд ирэхээрээ л бишдэж эхэлдэг. Өрсөлдөгчөө намнах гэсэн сөрөг муухай мэдээллийг цацаж, өөрийгөө дөвийлгөх гэж улайрч эхлэхээрээ л улс төр биш болдог бичигдээгүй хуультай.
 
 Гурван жил “гэнэн” сурталчилгаа хийж, бие биетэйгээ өрсөлдөж байсан улстөрчид маань сүүлийн үед нэгнийхээ араас “хутгалах”, өрсөлдөгчөө намнах ид шидээ үзүүлж эхэллээ. Одоо л сонгууль жинхэнэ утгаараа эхэлж байгаа нь энэ. Монголын улс төрд өрсөлдөгчөө намнах тун муухай арга хэрэгсэл дэлгэрчихлээ. Үүндээ хууль хүчний байгууллагыг ашигладаг, гэмгүй байсан ч гэмтэн болгож харагдуулах зохион байгуулалттай ажил хийдэг болов. Нэг үгээр хэлбэл, сонгогчид шаазан аяга, шоу концертод хууртахаа больсон учраас өөрийгөө энхийн цагаан тагтаа, өрсөлдөгчөө элээ, хэрээ болгож харагдуулах бохирдуулах тактикийг тэд энэ дөрвөн жилд олж сэджээ. Энэ бүхэн эхлээд Н.Энхбаяраас эхэлсэн. Н.Энхбаярыг эхэлж баривчилж, араас нь ах дүү амраг садан туслахыг нь хүртэл шалгасан. Хэрэг нь эцэслэгдэлгүй бараг л таван жилийг үзлээ. Дуртай цагт нь хил гаргаад явуулчихдаг атлаа эргээд ирэхэд дахиад л шинэ төрлийн хэрэг үүсгэчихсэн байдаг нь нууц биш. Сонгууль болгоны үеэр л Н.Энхбаяр ба түүний нөхдийг эрэн сурвалжлах ажил эхэлдэг. Энэ аргыг дараа нь Х.Тэмүүжинд хэрэглэж мөн л сайдын суудлаас нь буулгаж, “сайн ах” гэсэн муу нэрийг түүнд зохион байгуулалттайгаар өгч улс төрөөс арчихыг оролдсон. Одоо ч гэсэн Х.Тэмүүжинг чиглэсэн элдэв янзын улс төр явсаар л байгаа. Мөн л энэ аргаа Ерөнхий сайд байхад нь Н.Алтанхуягт хэрэгжүүлсэн.
 
Хууль хүчний байгууллагын тусламжтайгаар Г.Дэнзэн түүний гэргий Г.Уянга, ахлах зөвлөхөөрн нь ажиллаж байсан Л.Гансүх гэх мэтээр Н.Алтанхуягийн ойр тойрны хүмүүсийг намнах ажил эхэлж байлаа. Улстөрийн зорилгоо  биелүүлж Н.Алтанхуяг хамгийн муу муухай болж харагдан Засгийн газрыг нь унагаж дөнгөсөн. Л.Гансүхэд үүсгэсэн хэргийн шүүх хурал дөрвөн өдөр нээлттэй явсны дараа иргэд яаж хүнд зохиомол хэрэг үүсгэж, хэрхэн намнаж хэн ч биш болгож чаддаг вэ гэдгийг харсан юм даг.
 
УИХ-ын талаар ширүүхэн шүүмжлэл хэлж, улстөрчдийн алдаа мадгийг хатуу шүүмжилсэн  М.Батчимэг гишүүнийг УИХ- ын гишүүнээс татгалз хэмээн шаардаж, улмаар “Тайваний тагнуул” мэтээр харагдуулах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явсныг эрхэм гишүүн өөрөө хүртэл ярьсан. 2012 оны сонгуулийн өмнөхөн “Сод Монгол” грудппын захирал Ц.Анандбазарт мөн л эрүүгийн хэрэг үүсгэж байлаа. Харин сонгууль дууссаны дараа өнөөх л гэмгүй болоод суллагдаж байсан. Тэр үед Ц.Анандбазар Дорноговьд нэр дэвшигчдийн дунд хамгийн өндөр рейтингтэй байсан нь худлаа биш. Улс төрийн сөрөг пиар, шантааждаа хууль хүчний байгууллагыг ашиглах хүсэл сонирхол цөөн хэдэн хүмүүст байгааг энэ мэт үйлдлээс харж болно. Сонгууль дөхөж эхлэнгүүт нэр цэвэр өрсөлдөгчөө дарж авах гэж, нийгэмд муу хүн болгож харагдуулах сэжүүр бүхнийг тэд ил далд янз бүрийн аргаар эрж хайдаг боллоо. Хуулийг ашиглан өрсөлдөгчөө намнах ажиллагаа хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Х.Баттулгаар илэрлээ. Өмнөх жишээнүүдийн адил эхлээд түүний эргэн тойрны хүмүүсийг муухай харагдуулах кампанит ажил эхэлсэн. Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг шалгаж, улмаар энэ жагсаалтаа түүний эхнэр хүүхдээр хүртэл баяжуулсныг унпшгч та санаж буй биз. Хэвлэлд тавьсан материалыг хэн хаанаас бэлтгэж өгснийг эрхэм гишүүн өөрөө ярьсан. Өнөөх л хуулийн байгуулагыг улстөрийн зорилгоор ашигладаг
жишгийг давтаж прокурорын байгууллага энэ асуудалд хамаатай тухай хэвлэлээр гарч эхэллээ.
 
Баялагт эзэн суух гэсэн хэсэг бүлгийн зохион байгуулалттай үйл ажиллагаа Х.Баттулга ба түүний нөхдийг бууж өгтөл ажлаа зогсоохгүй. Цаашид ч энэ ажиллагаа улам бүр нарийн зохион байгуулалттайгаар өрнөх нь дамжиггүй. Н.Алтанхуяг шиг буулгаж авахгүй бол, Ц.Анандбазар шиг бууж өгөхгүй бол, М.Батчимэг шиг амаа хамхихгүй бол, Х.Тэмүүжин шиг суудлаасаа буухгүй л бол түүнийг намнасаар байх болно. Улс төр цаашдаа улам сонирхолтой болох нь. Гэнэн сурталчилгаа одоо дуусчээ. Одоо өрсөлдөгчөө намнах зохион байгуулалттай ажиллагааг тэд эхлүүллээ. Эмнэлгийн байр цэвэрлэдэг, эсвэл дуулж бүжиглэх цаг нь дууссан. Хэн нэр хүндтэй байна, хэн өрсөлдөгчөөсөө илүү байгааг судлах, нухчин дарах, үүндээ хууль хүчний байгууллагыг ашиглах, худлаа үнэн ч хамаагүй гүтгэсэн материал ч болов хэвлэлд нийтлүүлэх уралдаант ажлаа улстөрчид маань эхэллээ. Урьд өмнөх жилүүдэд өрсөлдөгчөө намнах ажиллагаа ганцхан нэр дэвшигч рүү чиглэдэг байсан бол одоо нэр дэвшигч ба түүний эргэн тойрныхон гэсэн илүү өргөн хүрээг хамардаг болов. Магад илүү үнэмшилтэй байлгах үүднээс ч хажууд нь 1-2 золиосны хүнийг хамруулдаг байж мэдэх юм. Сонгууль жинхэнэ утгаараа эхэллээ. Цаашдаа хэдэн нэр дэвшигч, хэн гэж туслахын хамт үдшээр, үүр цүүрээр ачигдахыг таах аргагүй.
 
Монголын мэдээ
Б.Балжир
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine