Эрээнийг хөгжлийнх нь дээд цэгт хүргэсэн, одоо Улаан-Үүдийг
Монголчууд XX зуунд орос ах нарынхаа буянаар бөөс, тэмбүүнээсээ салж, Европ хэв маягаар амьдрах болсон нь  Ази тив дэх орчин цагийн шинэ амьдралын анхны тохиолдол ч байж мэднэ. Хөгжлийн эл ололт зуун дамжин үргэлжилсэн төдийгүй урд хөршийн хилийн хотын хөгжилд нөлөөлсний тод илрэл нь Эрээн хот. Монгол Улс зах зээлд шилжсэн даруйд хилийн боомт болох Эрээн хот ямар байлаа. Шавар тагз, шавартай гудамж, хөвөнтэй өмдөндөө баарцагласан хэдэн наймаачдаас өөр гийгүүлэх юмгүй жижигхэн гацаа байсныг түмэн мэднэ. Гэтэл 25 жилийн дотор монголчуудын мөнгөөр нүүрээ угааж, нөгөө дээлээ өмссө хүүхэн адил танигдахгүй болтлоо хөгжсөн. Өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан, засаг захиргааны ордон, музей, худалдааны том том төвүүд, гудамж талбайн цэцэрлэгжилт, хот төлөвлөлт энэ тэрээрээ манийгаа гүйцэж түрүүлээд хол хяасан.
 
Суурин оршин суугчидтай ч болж амжсан. Эдүгээ тэдэнд 20 жилийн өмнөхийг нь сануулбал “Үхэр монгол чи дуугүй бай. Чам шиг гуйлгачин ингэж хэлэх болоогүй” гэж томрох биз. Нөгөөтэйгүүр, бид хятад иргэдийн овсгоотой занг муулах бус тэднээс сурах ёстой юм байна. Биднийг биеэ тоон улстөржиж, том том ярьж суух завсар Улаан-Үүд гэх жижигхэн хот Эрээний адил танигдахгүй болтлоо хөгжчихөөд монголчуудыг хэлэх үггүй болгох вий. Тэр цагт “Та нар монгол жуулчид, наймаачдын мөнгөөр хөл дээрээ боссон шүү дээ" хэмээн мянга хашгираад нэмэргүй шүү дээ. Үнэн хэрэгтээ орос ах нар хятад андаасаа жишээ авч Монгол Улс - ОХУ- ын иргэд харилцан визгүй зорчих эрхийг нээлттэй болгосон хэрэг. Тодруулж хэлбэл, Монголын Эрээн руу урсч буй мөнгөн урсгалыг өөр рүүгээ татах гэсэн санаа байхгүй юу. Тэгээд ч манайхан орост суурьшин амьдрал зохионо гэж байхгүй. Үсрээд л Итгэлт хамбад мөргөх далимдаа хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэх, цаашлаад Байгаль далайд амрахаас хэтрэхгүй. Гэхдээ үүнийг өчүүхэн зүйл гэж бодоод тоохгүй өнгөрч болохгүй юм байна гэдгийг харилцан визгүй зорчиж эхэлсэн нэгхэн жилийн хугацаа харууллаа.
 
Үүнд монгол хүний хөөрүү зан ч нөлөөлдөг бололтой. Дэлхийн жуулчдын дундаж насыг ажиглахад дийлэнхдээ 60-аас дээш насныхан байдаг. Залуучуудын тухайд үсрээд л 15 хувийг эзлэх байх. Ахимаг насны жуулчдын тухайд залуу сайхан явах үедээ хийдгээ хийж, тэтгэвэртээ суусан хойноо жаргах мөнгөн хуримтлалаа бий болгоод амжчихсан түүнийгээ үрж ядахдаа жуулчилдаг бол монголчууд мөнгөтэй, мөнгөгүй нь хамаагүй гол нь олдсон боломжийг алдахгүйг хичээдэг зантай. Мөнгөгүй бол хүүхдүүдээсээ татвар хураана, бас танил нөхдөөсөө хүүтэй ч хамаагүй зээлж, өр тавьж аваад л гарч өгнө. Энэ жишгээр Итгэлт хамбад мөргөх аялал лав гурван жил өрнөсөн. Дээр нь визгүй болсон явдал чухамдаа ташуур болж буй. Ах дүү төрөл саднаараа, байгууллага хамт олноороо, ангиараа, аймаг сумаараа гээд л автобус автобусаар хөвөрч эхэлсэн. Азтан тодруулахад хүртэл энэ аялал хамаатай болсон. Мэдээж аялж яваа хүний халаас хоосон байхгүй. Хамгийн багадаа замын зардлаасаа гадна монгол мөнгөөр 500 мянган төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний рубльтэй явж таарна. Түүнийгээ үрэх шиг болно.
 
Аав ээж, хань ижил, ач зээдээ гээд таалагдсан бүхэндээ гар татахгүй. Бас зам зуур зогсох тоолонд ундаа уснаас авахуулаад зүгээр байхгүй. Өлсч чаддаггүй нэг нь буриад авгай нарын бууз, цуйванд явна. Энэ мэтчилэн их мөнгөний урсгалын нэгэн салаа Улаан-Үүдэд хөгжил болон хувирч үлдэх жамтай. Харин монголчуудын тэндээс тээж ирсэн гутал хувцас нь зургаан сарын дараа өмсөхгүй хог болж, чихэр жимс нь ходоодоор ороод даший шог. Хөөрхий зээл тавьсан мөнгөнийх нь хүү явсаар сая хол илүү гарч, шал дэмий зүйлд цаг, мөнгөө үрснээ ухааравч хожимдсон байдаг. Ийм л дүр төрх бүхий амьдрал үргэлжилж байна.
 
Гэтэл ийм амаа барьсан алхам хийхгүй байх боломжууд бидэнд байхгүй биш байна. Улаан-Үүдийн Итгэлт хамбаас эрдэм номоороо илүү шүтээн Архангай аймгийн Цахир суманд бий. Аймгийн удирдлагууд хийгээд төр, засаг түүнийгээ эдийн засгийн эргэлтэд яагаад оруулж болохгүй гэж. Лаврин хийд байгуулж, түүндээ залан сүсэгтэн олонд үйлчлүүлэх аваас аймаг төдийгүй улсын халаас мөнгөтэй болох учиртай. Тэгээд л зам дагуу нь хоолны газар, иж бүрэн үйлчилгээ бүхий зочид буудлуудтай болгочих. Нэгэнт Архангайг зорьсон хүн Тайхар чулуу, Өгий нуурыг зорьж л таарна. Тэр хавийг нь бас тохижуулчих. Явуулын улсад юу хамаа байх вэ гэдгээр гурилан бухал /цуйван/, гурил нь томдсон бууз, хуушуур төдийхнөөр “эрүү толгойг зодолдуулж” болохгүй. Энэ мэтчилэн дотоодын аялал жуулчлалаар монгол төгрөгийг эх орондоо эргэлдүүлэх өчнөөн боломж бидэнд байна. Үнэндээ Эрээнийг хөгжлийнх нь дээд цэгт хүргэсэн, одоо Улаан- Үүдийг хөгжүүлэхийн төлөө чөмгөө дундалж явна. Одоо боллоо, эх орноо хөгжүүлье л дээ.
 
Монголын мэдээ
Ч.Чулуунцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bod 2015-11-23 17:04:24
    Manaih yamar zorilgotoi, yagaad mungu tugrug zeelen bj 2 tiish ursgaad bga bilee? Bid uildverlegch bish uchir ter! Odoo shine jil, tsagaan saraar ch yavj ugnudu...
  • zolboo 2015-11-23 14:29:51
    Ynen
  • tsoomoo 2015-11-23 13:52:45
    Ene mash zov yum bichjee. za yahav bid yavaad mongoo ursgadag yum baij, harin ugui yadaj l zoruuleed mongo tatah ursgaliig mongol ruugaa bii bolgoh heregtei.
  • ХЭРЭГЛЭГЧИД 2015-11-23 08:32:08
    ЯААГ ГОЛЫГ НЬ ОЛООД ХЭЛЖЭЭ...
  • concerned 2015-11-23 07:34:24
    Arkhangain Nutgiin Zovlol and Tsahir sumyn nutgiin zovlol niilj arkhangaichuudyg hodolgooch.Khov Uvsynhan iim zuil deer negdej chaddagaas suraltsval yasan yum?
  • Kb 2015-11-23 05:01:36
    Aimag sumaraa yavdagiig yaj boliulah ve, bugd tsalingiin zeel avaad l jiriij ugnu, ene talaar sain bichih heregtei,
  • иргэн 2015-11-23 04:33:10
    монголчуудыг доромжлохоо болино шүү. юу яриьж байгаагаа ч мэдэхгүй тэнэгүүд
  • dd 2015-11-23 03:22:27
    Zub l sedev bna
  • oplolll 2015-11-23 02:54:21
    Ulun, guilgachin tsarailchihaad l hairan munguu uren taran hiin hogiin baraagiin zuuh yum...mongolchuud ulsuugui bsan ch ih muuhai ulun zantai
  • Зочин 2015-11-23 02:26:51
    Үнэхээр бодууштай сэдэв байна. Дэмжиж байна. Нээрээ алийн болгон гадагшаа мөнгөө зөөж улс, орныхоо хөгжлийг хойш татаж амьдарцгаах юм бэ.