Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд болсон онцлох үйл явдлуудын тоймыг хүргэж байна.

Монгол улсын ерөнхийлөгч Францад айлчиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Франц улсад албан ёсны айлчлал хийж тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийн, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Мөн хамтарсан мэдэгдэл гаргасан. Уг Хамтарсан мэдэгдэл нь Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ ирээдүйн зорилтыг тодорхойлж, улмаар хамтын ажиллагааг тодорхой чиглэл бүрээр гаргасан юм. Мөн энэ үеэр хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;

-Францын хүнсний тусламжийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;

-Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хооронд сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээр;

-Кино урлагийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Франц Улсын Кино дүрсний үндэсний төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

-Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн яам хоорондын хэлэлцээр;

-Үхрийн үүлдэр угсаа сайжруулах чиглэлээр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яам хоорондын хамтын ажиллагааны эрмэлзэх бичиг зэрэгт гарын үсэг зурлаа.
 
Б.Батзаяаг дахин хорилоо

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг дахин цагдан хорихоор боллоо. Тодруулбал, түүнийг энэ сарын 16-нд батлан даалтад гаргасан ч уг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь эсэргүүцэл бичсэнээр цагдан хорионы асуудлыг өнөөдөр дахин хэлэлцсэн юм.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар дөнгөж сая шийдвэрээ гаргаж, Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргав.

Ингэснээр прокуророос гаргасан хүсэлтийг үндэслэж, Б.Батзаяаг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгалаа.

Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа юм. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан.

Тэднийг өнгөрсөн аравдугаар сарын 30-нд саатуулсан бол Б.Батзаяагийн хэрэгт хамт сэжиглэгдээд буй "МТЗ" ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, "Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байгаа юм. Энэхүү хэргийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн бүтэн жил орчим хөөцөлдөн байж баримт сэлт цуглуулсны үр дүнд баривчилсан гэдэг.
 
Д.Булганыг баривчилсан талаар мэдээлэв

1990 оны Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсны эхнэр Д.Булганыг баривчилсныг нэрээ хэлэхийг хүсээгүй цагдаагийн эх сурвалж баталлаа. Эх сурвалж хэлэхдээ "Д.Булганыг баривчилсан нь үнэн. Ямар хэргээр баривчилсныг нь мэдэхгүй байна" гэлээ.

Энэ талаар албан ёсны хариулт өгөх үүднээс Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Иргэн Д.Булганыг саатуулан шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн тайлбарыг өглөө.
 
Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.20.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар сонгуулийн хуультай холбоотойгоор өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт сонгуультай холбоотой энэ дөрвөн хуулийн төслийн хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлтийг хамтад нь сонсож, гишүүд асуулт, саналаа хэлэх нь зүйтэй юм, харин санал хураалтыг хуулийн төсөл тус бүрээр явуулья гэсэн горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжсэн юм.
 
Газар өмчлөх бүртгэл явуулав


Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэлээр Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нийт 16 байршилд 26 302 иргэн газар өмчлөхөөр сонгогдсон.

Тэднээс 1591 иргэн хуулийнхаа хугацаанд багтаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй  байна. Тиймээс 1591  талбарт газар өмчлүүлэх цахим шалгаруулалтыг дахин явуулжээ.

Дээрх цахим хэлбэрээр газар өмчлүүлэх шалгаруулалтад оролцож, газар өмчлөх эрхтэй болсон иргэд ажлын 10 хоногт багтаан, харьяа дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд хандаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулах юм. Хэрэв хуулийн хугацаанд газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй бол нийслэлийн Өмчийн харилцааны газраас эрхийг хүчингүй болгож, дахин шалгаруулалтаар өөр иргэнд өмчлүүлэх юм байна. Иргэд газар өмчлөх эрхээ баталгаажуулахдаа иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж, харъяа дүүргийнхээ Газрын албанд  очих бүртгүүлэх аж.
 
Б.Сансар
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.