Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар танилцуулав.

2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дүгээр чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг баталсан бөгөөд уг протоколд Монгол улс нэгдэн орсныг Улсын Их Хурал 2008 онд соёрхон баталсан. Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газрын 2013 оны 281 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн тусламж, дэмжлэг болон эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх харилцааг голчлон зохицуулж байгааг өөрчилж, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгахдаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хүний эрхэд чиглэсэн зохицуулалтыг үндэс суурь болгосон гэдгийг  салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Д.Тэрбишдагва, Н.Энхболд нар асуулт асууж хариулт авав. Мөн хуулийн төслүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Р.Гончигдорж нар үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, хууль батлагдсанаар асран хамгаалагчийн нийгмийн хамгааллын асуудал ямар байдлаар зохицуулагдах болон стандарт тогтоосон эсэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл саруул иргэдтэй ижил түвшинд байх бололцоог хэр тусгасан талаар тодотгосон юм.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гишүүний асуултад өгсөн хариултдаа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарсан, хамгаалсан, халамжилсан асран хамгаалагчийн хувьд төрөөс ямар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх асуудал зохицуулагддаг байсан. Мөн энэ хууль батлагдсанаар холбогдох хуулиуд дээр нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлэнэ. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн дэд бүтцийг яаж бий болгох, боловсрол, соёл, зам, тээвэр, орон сууц гээд маш олон асуудалд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт оруулах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн нийгмийн тэгш үйлчилгээ үзүүлэх нөхцлийг хангасан хуулийн заалтуудыг нэмж оруулах асуудал дээр ажиллах юм. Хамгийн гол нь эхлээд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн суурь хуулийг батлаад дараа нь үүн дээрээ тулгуурлаад холбогдох нэлээд олон хуулиудыг өөрчлөх шаардлага байгаа. Энэ чиглэлээр ажиллана гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт асуултдаа, энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт үр өгөөж нь наалдах ёстой. Энэ талаар тодорхой ямар зохицуулалт байна вэ. Хөгжлийн бэрхшээлтэй 110 гаруй мянган иргэдийн 34 мянга нь хүүхэд байгаа гэж байна. Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг 3, сургууль 5, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нэг байдаг. Гэтэл цэцэрлэгт нь үндсэндээ 200 орчим хүүхэд явдаг юм уу үгүй юу мэдэхгүй, сургуульд нь зөвхөн хэл, ярианы бэрхшээлтэй 200 гаруй хүүхэд явдаг юм билээ гээд, 34 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт хэрхэн хамруулах зохицуулалтыг  тусгасан эсэх асуудлыг хөндсөн юм.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал буюу нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй, тэдний хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцлийг сайжруулах арга хэмжээг хуулийн төсөлд тусгасан.

Өмнө нь цөөн тооны сургууль, цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах асуудлыг авч үздэг байсан бол одоо 30 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Хөгжлийн үндэсний төв”-ийг 60 гаруй орчим тэрбум төгрөгөөр барьж байгуулах ажил удахгүй эхэлнэ гэлээ. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 93.3 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.