Хуулийн төслүүдийг соёрхон батлав

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.11.20.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 11 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Олон Улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвецид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү нар танилцуулав.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ОУЦХБ/ нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт болон мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд анх 1865 онд “Олон улсын телеграфын хороо” нэртэйгээр байгуулагджээ. Тус холбооны төв нь Женев хотноо, Ази, Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын Бангкок хотод байрладаг аж. Өнөөдрийн байдлаар тус байгууллагад дэлхийн 192 орон гишүүнээр элсээд байгаа агаад манай улс 1964 онд гишүүн орноор элсчээ.

ОУЦХБ-ын эрх барих дээд удирдах байгууллага нь 4 жилд нэг удаа хуралддаг Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурал юм. “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Дүрэм, Конвенци”-ийг Монгол Улсын Их Хурал 1994 онд соёрхон баталсан бөгөөд 1998 онд АНУ-ын Минеаполис хотноо хуралдсан Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурлаас тус байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Их Хурал 2003 оны 4 дүгээр сард соёрхон баталжээ.

Харин 2010 оны 10 дугаар сард Мексикийн Нэгдсэн Улсын Гуадалахара хотноо хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бага хурлаас тус байгууллагын Үндсэн дүрэм болон конвенцид нэмэлт өөрчлөлт оруулсан тул Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу уг нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагыг үндэслэн энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэхэд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийг төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.

Дараа нь Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар танилцуулсан юм.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжихийн хэрээр манай иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес эрхлэх зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монгол иргэд олноор зорчдог зарим улстай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлд анхаарч, одоогоор 7 улстай ийм гэрээ байгуулаад байгаа аж. Мөн манай улс Ялтан шилжүүлэх тухай 1978 оны Берлиний конвенцид нэгдэж орсон орнуудын нэг юм.

Харин Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид Европын холбооны гишүүн 47 улс, гишүүн бус 19 улс нэгдэж орсны тоонд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Ирланд Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Япон зэрэг улсууд багтдаг аж. Иймд уг конвенцид нэгдэн орсон улс тус бүртэй ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулахын оронд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэж орсноор эх орондоо ялаа эдлэхийг хүссэн иргэдийг шилжүүлэх харилцааг зохицуулсан эрх зүйн үндэс бүрдэх юм байна. Энэ хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны саналаар хуулийн төслийг соёрхон батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.5 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-20 07:29:48
    лут том хоёр хууль баталжээ, их ядарсан байх үдээс хойш ажилдаа ирсний хэрэггүй, сайхан амарцгаа гишүүд минь улс орныхоо төлөө их зүтгэж байгаа улс шүү