Сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.20.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар сонгуулийн хуультай холбоотойгоор өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт сонгуультай холбоотой энэ дөрвөн хуулийн төслийн хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлтийг хамтад нь сонсож, гишүүд асуулт, саналаа хэлэх нь зүйтэй юм, харин санал хураалтыг хуулийн төсөл тус бүрээр явуулья гэсэн горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь дэмжсэн юм.

Иймээс эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүнээс энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нар танилцуулав.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж зохицуулсан байна. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан нь төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон зохицуулалт юм. Гэвч уг зохицуулалтад төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг адилтган нэгэн адил шаардлага, шалгуурыг тавьж улмаар төрийн үйлчилгээний албаны гүйцэтгэх, туслах албан тушаал эрхэлж буй албан хаагчийн хувьд хувийн хэвшлийн ажилтантай харьцуулахад тэгш бус нөхцөл, хязгаарыг тогтоосон байна. Иймээс дээр дурдсан нөхцөл шаардлагын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөхөөр уг хуулийн төсөлд тусгажээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нар танилцууллаа.

Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 26 тоот захирамжаар “Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаагаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанар, уялдаа холбоог сайжруулах шаардлага зэргийг харгалзан сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангах, түүнчлэн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангахад чиглэгдсэн өөрчлөлтийг хийх зэргээр сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж улам боловсронгуй болгох шаардлагын үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг нэгтгэн хуулийн төслийг бүхэлд нь “Сонгуулийн хууль” гэж нэрлэж байгаа аж. Сонгуулийн хуулийн төсөл нь хоёр хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр нь бүлэг, дэд бүлэгтэй, нийт 19 бүлэг, 167 зүйлтэй юм. 

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нар танилцуулав.

Төсөл санаачлагч илтгэлддээ, уг хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан бөгөөд хуулийн 27 зүйл, 60 хэсэг, 13 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Төсөл нь 12 бүлэг, 23 зүйл, 37 хэсэг, 11 заалт бүхий 60 зүйлтэй. Хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 48 тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан байгуулахаар тусгасан. Мөн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж тухайн тойрогт нэр дэвшигчээ нэр дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгасан. Түүнчлэн гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн санал өгөх боломжийг нэмэгдүүлж цахим хэлбэрээр бүртгүүлэх, саналаа өгөх зэрэг зохицуулалтыг тусгаснаа дурдав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 8 гишүүн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Сү.Батболд нар танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хууль санаачлагчийн илтгэлдээ, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч 38 хүнийг 26 тойргоос, үлдэх 38 мандатыг нам, эвслээс нэр дэвшигчдийн авсан саналын тоог үндэслэн нам, эвслээс гаргасан жагсаалтад эрэмбэлж хуульчлахаар төсөлд тусгасан. Мөн сонгуулийн дүннг санал тоолох автоматжуулсан төхөөрөмжөөр хийх нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа тул хяналтын тооллогыг сонгуулийн бүх хэсэгт гараар хийх бөгөөд гар аргаар тоолсон тооллогын дүн эцсийнх байхаар хуульчлах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө зарлах, сонгуулийн сурталчилгаа 43 хоног байх, тойргийн болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүний 75 хувь нь Улсын Их Хуралд суудалтай намуудын төлөөлөл, 25 хувь нь төрийн албан хаагч байх зэрэг зохицуулалтыг тусгаснаа дурдлаа.

Хууль санаачлагчдын илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Д.Ганхуяг нар төсөл санаачлагчид болон байнгын хорооноос асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг төсөл тус бүрээр явуулахад Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь, мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын төслийг гишүүдийн 86 хувь нь, харин Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын төслийг 92, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын төслийг 58 хувь нь дэмжсэн тул хуулиудын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 76 HULGAICHID oorsdodoo ashigtai tosol b 2015-11-21 17:40:30
    76 HULGAICH ARAA BODOOD 100 % SANALAA OGNO. 38 TENEG ZUNUGUUD CHIREGDEJ UIH ORNO DOO.
  • Зочин 2015-11-20 07:32:40
    бүгдээрээ нэг нэг, өөрөөр хэлбэл 76 төсөл өргөн барихгүй муу л байна даа