МХЕГ-ын байцаагчдын алдаатай дүгнэлт олон хүний амь насанд заналхийлж байна
Нийслэлчүүдийг 2013 оноос, эхэлж хорт хүнд металлаар хордуулж буй “Заламт гол” ХХК- ийн үйл ажиллагааг зогсоочих зориг зүрхтэй хүн энэ төрийн албанд байхгүй бололтой. Ийн хэлэхийн учир нь 2013 оноос хойш өнөөг хүртэл төрийн байгууллагын үүд хаалгыг сахиж ойр орчныхоо иргэдийн эрүүл мэндийн төлөө явж буй нэгэн эмэгтэй "Эгч нь аргаа барж байна. Тиймээс дахин хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ асуудлыг дэлгэж тавихгүй бол МХЕГ-ын зарим байцаагч ашиг сонирхолын зөрчил агуулан олон хүний амь насыг сүйтгэхэд хүргээд байна” хэмээн манай сонинд хандсан юм.
 
Магадгүй уншигчид юун тухай хэлэх гээд байгааг гайхаж байж мэдэх. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр буюу бидний сайн мэдэх Хонхор өртөөнд “Заламт гол" гэх компани хуучин аккумлятор задалж дотор нь байгаа хар тугалгыг хайлуулж 25 кг-аар гулуузалж БНХАУ-руу гаргадаг байна. Тэдний хайлуулсан энэхүү хүнд металл агаарт тархан байгаль орчин, хүн, мал хордуулсаар байгаа ажээ. Тиймээс тус хорооны иргэд энэ талаар холбогдох албан тушаалтан хууль хяналтынханд хандаад ч тусыг эс олсон учраас ийнхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан дарга нарыг эл асуудлыг анхааралдаа авч “Заламт гол” ХХК-ийн үйл ажиллагааг дахин шалгаж өгөхийг хүссэн хэрэг.
 
Угтаа бол энэ компанийн үйл ажиллагаанаас болж мал нь үхдэг, хүмүүсийн биеэр юм туурдаг, хүүхэд хөгшид нь хорддог болжээ гэсэн үг. Тэд энэ бүхнийг хуучин аккумляторын батарейны хар тугалга, бусад шингэн бодисын нөлөөнөөс хэмээн тайлбарлаж буй юм. Тиймээс албаны хүмүүс энэ асуудлыг нэг тийш нь шийдэж үнэн худлыг дэнслэх цаг нь болжээ. Тэгээд ч хуучин аккумляторын хогоос салахын тулд дахин боловсруулах үйлдвэр байгуулахын буруу гэж байхгүй ч гэлээ хүний эрүүл мэнд гэдэг хамгаас чухал гэдгийг бас л бодолцох хэрэгтэй.
 
Д.Эрдэнэсайхан: МХЕГ- ын байцаагчид худлаа дүгнэлт гаргаад байна

Ингээд энэ асуудлаар2013 оноос өнөөг хүртэл “Заламт гол” ХХК-ийн уг ажлыг зогсоох гэж хүчрээгүй хэмээн тус хорооны иргэн Д.Эрдэнэсайхан дараах тайлбарыг хэлж байв. Тэрбээр "“Заламт гол" ХХК усны бүтэц үйл ажиллагаа явуулснаас болж тэр хавийн оршин суугчид хордож байна. Өөрөөр хэлбэл, ус булаг, гол горхины аман дээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Уг нь тус газрыг ямархуу орчинд ажлаа явуулж байгаа вэ гэдгийг мэргэжлийн байгууллага мэдэж байгаа. Гэтэл мэдсэн хэрнээ ямар ч аюул байхгүй гэсэн хуурамч дүгнэлт гаргаад байна. Угтаа бол Байгаль орчны бохирдолд дүгнэлт гаргуулахаар дээжийг нь аваад хоёр өөр лабораторт шинжлүүлэхэд хоёр өөр дүгнэлт гардаг.
 
Тодруулбал, мэргэжлийн  хяналтын өөрсдийнх нь лабораторийн дүгнэлтээр хордолтгүй зүгээр гэж гараад, мал эмнэлгийн лаборатийнх болохоор хордолттой гэсэн дүгнэлт гарч байгаагийн учрыг олох гэж бид өнөөг хүртэл энэ асуудлаар холбогдох хүмүүстэй нь уулзаад явж байна. Яг үнэндээ өнгөрсөн оны тавдугаар сард Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборторт хийсэн шинжилгээгээр 12.66 хувьтай гарч үхлийн дозын хэмжээнд очсон гэдгийг нь тогтоосон баримт миний гарт байж байна. Энэ нь хортой хүнд металл гэдгийг нь тогтоож иргэд бие эрхтнээрээ хохирч байна гэдгийг нь нотоллоо гэдгийг харуулж буй юм. Тиймээс л энэ компанийг 11 дүгээр хорооны нутгаас нүүлгэх хэрэгтэй гэгдийг манай хорооны иргэд тавьж буй юм. Бид хууль хяналтын байгууллагаар өчнөөн яваад тусыг эс олж байна. Яагаад вэ гэхээр МХЕГ-ын шалгалт хийсэн байцаагч нар байгаль орчинд ямар ч нөлөө байхгүй гэсэн дүгнэлтийг удаа дараа гаргаад байгаа учраас хуулийнхан байцаагчдын хийсэн дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад байгаа юм.
 
Хэрвээ МХЕГ-ын байцаагч нөхцөл байдлыг бодит үнэнээр нь судлаж үнэлэлт дүгнэлт өгсөн бол асуудал өөрөөр эргэх байсан. Гэтэл тэд дүгнэлтээ удаа дараа хуурамчаар үйлдэж байгаад асуудлын гол байгаа юм. Тус компанийнхан хүнд металлын лагаа Улаанчулуутын хогийн цэг дээр аваачиж асгадаг. Үүнийг нь ч цагдаагийнхан тогтоосон. Бидний амьдарч буй энэхүү орчинд одоогийн байдлаар гахайн хоёр ферм, газар тариалан, мал аж ахуй гэсэн чиглэлүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Газар шороо хүнд металлд хордсон учраас мал үхээд эхэллээ. Яг үнэндээ "Заламт гол” ХХК хар тугалаганы үйлдвэрлэл явуулах газрын гэрчилгээ байхгүй. Энэхүү газар нь Батчимэг гэдэг хүний нэр дээр байдаг. Уг нь энэхүү газрын зориулалт нь мал аж ахуй, газар тариалан фермерийн зориулалттай юм шүү дээ. Гэтэл мөнгө хөөсөн нөхөд хууль бусаар иймэрхүү үйл ажиллагаа явуулж иргэдийг хордуулж байхад мэргэжлийн хүмүүс нь тус компанийн талд орж хээв нэг байгаль орчин хүн малд ямар ч сөрөг нөлөө байхгүй гэсэн дүгнэлт гаргаад байгаад нь бид гайхаж байна. Бид одоо нэг газар шинжлүүлэх гээд өгсөн байгаа. Үүнийхээ хариуг харж байж МХЕГ-ын дарга дээр орж уулзана гэж бодож байна. Хэрвээ төрийн байгууллагын шийдвэр гаргаж буй хүмүүс "Заламт гол"- ыг энд нь хэвээр үлдээхэд хүрвэл иргэд бид тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэсэн юм.
 
“Заламт гол” компанийн балгаар олон хүн хорт хавдараар өвчилж нөгөө ертөнц рүү явах уу
 
Ямартай ч дээрх  иргэн хууль хяналтын байгууллагаар явж зөв шийдвэр гаргуулах гэхээр МХЕГ-ын байцаагчдын гаргасан дүгнэлт дээр үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байна гэлээ. Тэгэхээр хууль хяналтын байгууллагынхан заавал мэргэжлийн хяналтын энэхүү хуудуутай дүгнэлтийг үндэслэн хэрэг үүсгэхээс татгалзаж байхын оронд шинжээчийн баг томилон нөхцөл байдал газар дээрээ ямархуу байгааг судлан шинжлүүлж болдоггүй юм байхдаа гэсэн бодол төрж байлаа.

Энэхүү асуудал үүсгээд байгаа "Залам гол” ХХК-ийн хар тугалга нь амьсгалын замаар дамжин, хүний биеийн бүх эд эрхтэнг гэмтээх, өвчлүүлэх аюултай байдаг гэнэ. Ялангуяа бага насны хүүхдүүдийн мэдрэлийн системийн үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг, хорт хавдар үүсгэх аюултай гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Ямартай ч тус компанийн эдгээр үйлдлүүд нь Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай”, “Агаарын тухай”, Химийн хорт болон аюултай хог хаягдлын тухай”, “Усны тухай” хуулиудыг зөрчсөн юм билээ.

Хэрвээ уншигчид санаж байгаа бол Мянганы сорилтын сангаас ахуйн хэрэглээнд ашиглаж байсан будганд байгаа хар тугалгын хэмжээг тогтооход нэн аюултайд хүрсэн нь тогтоогдож байсан. Гэтэл энэ төрлийн ямар ч хараа хяналтгүй үйлдвэр явуулах зөвшөөрлийг манай хяналтын байгууллагынхан өгөөд сууж байгаад гайхаж байна. Өнөөдөр “Заламт гол" компани хүн мал байгаль орчныг хордуулж өөрсдөдөө ихээхэн хэмжээний ашиг олж болно. Хамгийн наад зах нь гуравхан сая хүн амтай улсынхаа хүн ардын эрүүл мэндийг яагаад хохироох болов оо гэдгийг л тус хорооны иргэд асуусаар байгаа ч хариулт нь олдохгүйд хэргийн гол учир оршиж буй юм.
 
Ямартай ч арга заль ихтэй тус компанийнхан өөрсдийнхөө үйл ажиллагааг шөнийн цагаар голдуу явуулж шалгалт очих үеэр үйлдвэрээ бүрэн зогсоочихдог муу зуршилтай хүмүүс гэдгийг олон иргэн хэлж байна лээ. Тиймээс албаны хүмүүс энэхүү компанийн үйл ажиллагаанд хараа хяналт тавьж иргэдээ хорт хавдар хэмээх аюулт өвчнөөс бага ч болов аврах, жаахан ч гэсэн ажил хийгээч гэж уншигчдынхаа өмнөөс хүсэх байна. Хүн арын хаалгатай байж болно. Гэхдээ хүний амь насаар дэнчин тавьж хүн малд хортой үйл ажиллагаа явуулах хэрэггүй л юм шиг санагдах юм. Эцэст нь хэлэхэд байгаль орчинг сүйтгэснээс гадна, хүний эрүүл мэндэд нэн хортой үйлдвэр явуулах дүгнэлтэд гарын үсэг зурсан МХЕГ-ын нэр бүхий байцаагч нарт хариуцлага тооцох ёстой гэдгийг тус газрын дарга Ш.Раднаасэдэд уламжлах байна.

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-19 03:43:42
    өө ийм зүйл бол Монгол даяар л байгаа шүүдээ, одоо чинь хууль тогтоомжийн дээр мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс л дураараа дургиж байна шүү дээ