Р.Амаржаргалын тодорхойлсон эдийн засгийн эрх чөлөө
Монгол Улс гадны хөрөнгө оруулагчид, ялангуяа урд хөршөөс эдийн засгийн хувьд улам бүр хараат болсоор байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урд хөршид хийсэн айлчлалын хүрээнд 2016онд 300 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор болсноос гадна БНХАУ-ын Экспорт Импорт банкаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөттэй зээл авахаар болсон. Энэ нь одоо байгаа Монгол Улсын 21 тэрбум ам долларын гадаад өрийг дахин нэг тэрбумаар нэмэгдүүлсэн хэрэг юм. Товчхондоо бид хэзээ төлж барагдах нь мэдэгдэхгүй өрийн их сүлжээнд автлаа. Гадаад их өртэй зэрэгцэн дотооддоо ч эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, барилга, банкны салбарыг нэлэнхүйд нь хамарсан өрийн гинжин холбоонд улам бүр автагдаж, 2016 онд албан ёсоор дампуурлаа зарлаж ч болзошгүй аймшигт үнэний өмнө Монгол улс тулж ирээд зогсчихлоо.
 
Сүүлийн   жилүүдэд тогтмол нэг их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталдаг болов. Товчхондоо Монгол Улс бүх талаараа дампуурч эхэллээ. Тэгвэл Монголын зарим тэргүүлэх улстөрчид “Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөө гадаад өрийн хэмжээгээр боомилогдсоор байгаа”-г арав гаруй жилийн өмнөөс сануулсаар ирж.
 
Тухайлбал өнөөдрийн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа 2004 оны УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр “Бидэнд амьдралын хүнд бэрхийг нийгмийн хэсэг бүлгүүдэд эн тэнцүү үүрүүлж, нам хүчний харьцааг тэнцүүлж хянадаг, нийгмийн зөвшилцөлд хүргэдэг ёс суртахууны үнэлэмж, сахилга хариуцлагаас эхлээд өмчийн болон улс төрийн соёлыг хүртэл агуулсан тогтолцоо үгүйлэгдэж байна. Энэ бүгдийг бүрдүүлэхийн тулд тэвчээр, цаг хугацаа, өдөр тутмын нөр их хөдөлмөр хэрэгтэй. Бидэнд дутагдаад байгаа зүйл бол нийгмийн зөвшилцөл юм. Үүнийг бид бүрдүүлж чадахгүй бол улстөрийн тогтвортой байдал, ардчилалд хохирол учирна. Бид улс төрийн бие даасан тогтвортой байдлаа эдийн засгийн хувьд баталгаажуулах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Бид  эдийн засгийн тусгаар тогтнолыг өргөн хүрээнд шинэ байдлаар авч үзэх шаардлагатай тулгарлаа. Нэг орны зээл тусламжаар амьдардаг байснаа өнөөдөр Олон улсын хандивлагчдын зээл тусламжид дулдуйдан амьдарч байна. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлыг шийдэж байгаа хэрэг биш. Манай залуучууд амьдралтай залгахын тулд хилийн дээсийг олноороо алхаж байна. Энэ бол бас эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлыг шийдэж байгаа хэрэг огтхон ч бишээ. Эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг нь ядууралд орсон нийгмийн тодорхой хэсэг нь тэтгэлэг хүртдэг тогтолцоог бас хэлэхгүй. Зарим үйлдвэрүүд өрсөлдөх чадваргүй зогсож ноос, ноолуур хилээр хулгайгаар гарч, малын хулгай газар авч, сая сая мал гамшиг зуданд нэрвэгдэж байгаа нь эдийн засгийн тусгаар тогтнолд тустай зүйл лав биш. Эрхэм гишүүд нь хурал хаях замаар нийгэмд зайлшгүй чухал арга хэмжээ,  өөрчлөлтүүдийг зогсоодог нь эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлж байгаа хэрэг мөн л биш” хэмээн хэлж байж.
 
Өнөөдрийн гүйцэтгэх засаглалын тэргүүнд дутагдаж байгаа эдийн засагчийн байр сууринаас тэрээр цааш нь "Бидний өдрөөс өдөрт алдсаар л байгаа “Эдийн засгийн тусгаар тогтнол” гэдэг нь нэг талаар ажлын шинэ байр, ард иргэдийн илүү чинээлэг амьдралыг хэлдэг бол нөгөө талаар өнө эртний түүх соёл, уламжлалаа хадгалах бололцоог ч хэлдэг аж. Эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг нь асуудалд эрүүл саруул ухаанаар хандана гэсэн үг. Энэ утгаар нь авч үзвэл дараахь хоёр асуудалд анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Нэгдүгээрт, бүтээмжийн тухай асуудал орно. Өмнөх нийгмийн үед  үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэдэг байсан учраас тэнд бүтээмжийн тухай ойлголт туйлын бүрхэг, ач холбогдол багатай байж. Тэгвэл өнөөдөр бид дэлхийн зах зээлд бүтээмжээрээ өрсөлдөж байж л бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ борлуулж, эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авч чадна.
 
Хоёрдугаарт, боловсролын асуудал орно. Ур чадвартай, өндөр бүтээмжтэй болох зорилтыг хэрэгжүүлэхэд боловсролын орчин үеийн тогтолцоо онц чухал болж байна. Бид боловсрол, мэдлэгээ дэлхийн жишиг хэмжүүрээр хэмжиж, дээшлүүлэх, болж өгвөл тэргүүлэх түвшинд очих шаардлагатай болж байгаа юм. Уг нь монголчууд сургуульд хамрагдсан тоогоороо, төгссөн сургууль, курсынхаа тоогоор хөгжиж байгаа орнууд, Азийн олон орны иргэдээс дээгүүр байгаа. Энэ том давуу талаа эхэнд тавьж байж Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөө баталгаажуулах боломжтой. Дээрх хоёр чиглэлийг өмнөө тавьж, тууштай хөдөлмөрлөж чадахгүй бол Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөө улам бүр алдах болно. Эдгээр зорилтоо бид биелүүлж чадахгүй бол бусдын гарыг царайчлан харж, улам л хүндрэлтэй амьдрахад хүрнэ. Гадаадын тусламж гэдэг бол гадаадын хөрөнгө оруулалт биш гэдгийг дээр, дооргүй ухамсарлах ойлгох цаг болжээ” хэмээн өнөөдрийн амьдралын үнэнийг 10 гаруй жилийн өмнө хэлж байж.
 
Эцэст нь дүгнэхэд Монголчууд бид өнгөрсөн 20 жилд олсон улстөрийн тусгаар тогтнолоо ирэх жилүүдэд эдийн засгийн тусгаар тогтнолоор батжуулж, бэхжүүлэхээс өөр зам байхгүй. Улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах жинхэнэ үйлдвэрлэгчид бол малчид, ажилчид, сэхээтнүүд, бизнесменүүд. УИХ, шүүх, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн мэргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг нийгмийн бүх төлөөлөл энэ баг дотор орж ажиллах ёстой болж байна. Товчхондоо Монголчууд бид атгасан гар шиг нэгдэл нягтралтай, тодорхой зорилготой, чанд хатуу санхүүгийн сахилга баттай ажиллаж байж ойрын үед төлж барагдуулах их өрийн дарамтаас гарч, улмаар эдийн засгийн эрх чөлөөгөө баталгаажуулах боломжтой болно.
 
Өнөөдөр Монгол Улсыг эдийн засагч бус, банк, санхүүгийн зах зээлийн тун дулимагхан мэдлэгтэй улстөрчид удирдаж, Засгийн газрууд нь эдийн засаг, санхүүгийн алсын хараатай цогц бодлого боловсруулж, шат дараатай хэрэгжүүлэхийн оронд хэн дуртай нь гарч ирээд төрийн уламжлалт бодлогыг алдагдуулж, өөрийнхөө хүсэл сонирхлоор чиглүүлж байгаа нь өнөөдрийн Монголын эмгэнэл болоод байна. Иймд УИХ, Засгийн газарт байгаа Р.Амаржаргал мэтийн тэргүүлэх эдийн засагчид, эрдэмтэн мэргэдээс бүрдсэн чадварлаг ажлын хэсгүүд байгуулж Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх, хойшдын тогтвортой эдийн засгийн өсөлтийн хөрс суурийг бүрдүүлэх чиглэлээр нэн яаралтай ажиллаж эхлэх цаг болжээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-11-20 00:34:11
    2009 оны хямралыг МАН, С.Баяр сайн давж чадсан эдийн засаг өссөн, 12 онд АН буруу бодлого явуулж эдийн засаг хямрал авчирсан, АН чадваргүй, арчаагүй байгаа биз...
  • амаржаргал худлаа 2015-11-19 20:39:54
    амаржаргал худлаа. дандаа л онол энэ тэр ярих юм. олигтой хийсэн юм байхгүй . зөвхөн өөрийгөө маш их боддог хүндээ.. худлаа гардаа
  • Баадай 2015-11-19 08:03:58
    Төрийн 3 өндөрлөгт зөвлөх орон тооны бус зөвлөлийг Амаржаргал, Бямбасүрэн, Гунгаадорж зэрэг онол практик мэдлэгтэй, мууд холбоогүй нэр цэвэр хүмүүсээр байгууляа...
  • зочин  2015-11-19 06:41:19
    одоо нэг олигтой эдийн засагч нараа дэмжиж хямралаас гарах юмсандаа
  • zochin 2015-11-19 04:29:23
    Yag ynen. Chadvarlag Ediin zasagchdin chadavhiig ashiglah tsag boljee