Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа.

2015 оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь тэд ирээдүйд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээргүй нөхцлийг бүрдүүлж байна. Иймд манай улсын эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуйд ажиллагчдыг дэмжих, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Мөн малчны тэтгэвэр тогтоолгох насыг бууруулах арга хэмжээнээс илүүтэй цэрэг, цагдаа, дипломат алба, шүүхийн шинжилгээ зэрэг зарим салбарт ажиллагчдын ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцдог жишгийг баримтлан жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ дагаж, өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд 100 хувийн саналаар дэмжив.
 

Parliament.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.