О.Ганбат дарга аа, шинэчлэл нэртэй сэлгээ хэрээс хэтэрлээ
О.Ганбат ГЕГ-ын даргаар буцан томилогдсоноос хойш гаальчдын хувь заяагаар жинхэнэ утгаар нь тоглож байна. Уг нь “Хааны алба халаатай, Эзний алба ээлжтэй” гэдэг. Гэтэл бүх насаараа тус газрын даргаа байхаар сэрүүн зүүдэлж яваа О.Ганбат гэгч эрхмийг одоо нойрноосоо сэр гэж анхааруулах цаг нь болжээ. Ийн хэлэхийн учир нь тэрбээр тус газрын даргын албыг өмнө нь хашиж байхдаа ч нэлээд олон хүнийг ажлаас нь чөлөөлж, заримыг нь сэлгэн ажилуулах нэрээр нутаг заан нүүлгэсэн.
 
Ингээд арай гэж ажин түжин болж байсан гаалийн газарт МАН-ын О.Цэнгэл гэгч эрхэм заларч, мөн л бужигнуулсан. Энэ хугацаанд үнэндээ гаалийнхан ажлаа ч тайван хийж чадахаа больж хэзээ, сэлгээнд орох бол гэсэн битүүхэн айдастай явж байсан. Гэтэл ар өврөөрөө нэг аалзны торонд хэрүүлсэн О.Ганбат дахин ГЕГ-ын даргаар томилогдож, бас л бужигнуулаад эхэлжээ.
 
Энэ түжигнээнийг бичээд байвал зай талбай ч хүрэлцэхгүй байх. Ямартай ч түүний хамгийн том, эхний сэлгээ нь Замын-Үүдийн боомтоос эхэлж, тус газрын дарга Б.Хишигбатыг Улаанбаатар хотын Шуудангийн гаальд томилсон байна. Түүний оронд УИХ-ын гишүүн Ч.Улааны нутгийн дүү, Ж.Батзандан гишүүний хамаатан гэгдэх О.Цогтбаатар гэх эрхмийг томилжээ.
 
Юутай ч өнгөрсөн сарын 12-ны өдөр их сэлгээний шуурганд өртсөн Б.Хишигбат даргын араас 32 хүнийг өөр газарт нутаг заан, сэлгээ хийж 23 хүнийг Замын- Үүдийн боомтод байцаагч, ахлах байцаагч гэсэн ажлын орон тоон дээр томилжээ. Хэрвээ уншигчид санаж байгаа бол тус газрын дарга асан Х.Баатарын үед мөнгө өгч гаальд ордог гэх яриа гарч байсан. Тэгвэл энэхүү түүхэн уламжлал одоог хүртэл гаалийн байгууллагад байгаа гэдгийг зарим байцаагчид хэлж байна.
 
Тухайлбал, Замын-Үүд, Хотын гаальд газар хэлтэс, албаны даргын албан тушаалд очихын тулд 20-25 сая төгрөг, ахлах байцаагч болохын тулд 10-12 сая, энгийн байцаагч нь газар орны байршлаасаа хамаарч хамгийн ихдээ 6-12 сая төгрөг өгч Гаалийн саарал формыг өмсөх эрх үүсдэг жишиг өнөөг хүртэл нууцлагдмал байдлаар удирдлагууд авч байгаа гэдгийг хэлж байсан. Энэ мэтчилэн гаалийн байгууллагад асар их “но”- той, ноцтой зүйл байгаа гэдгийг гаальчид хэлж байна. Түүнчлэн зарим хүнийг өөрсдөө сайн дураараа ажлаасаа гарах өргөдлөө өг хэмээн тулган шаардалтаа ч эхлүүлээд байгаа аж.
 
Хамгийн наад захын жишээ гэхэд л улстөрийн томилгоогоор ирсэн энэ мэт дарга нараас болж гэнэт ажлаасаа халагдсан гаальчдад нөхөн олговор хэдэн зуун мянгаар нь өгч, ядарсан төсөвт нь нэрмээс болсныг хүн бүхэн мэднэ. Яг үнэндээ сүүлийн таван жилд гаалийн байгууллагыг муухай харагдуулах болсон асуудал нь тус газар дахь халаа сэлгээ, нутаг заах үйлдэл болчихоод байгаа юм. Мэдээж энэ бүхэнд гаальчид буруугүй ч тэд аль нэг намыг дагаж ам тостоогүй учраас азгүйчүүдийн тоонд орж дарга нарынхаа хорхойтой шүдний араанд зуугдаж, ажлаа өгөх болсон хэрэг.
 
Энэ бүх томилгоонд улстөрийнхний гар дэндүү гүнзгий дүрэгдсэн гэсэн үг. Товчхондоо засгийн эрхийг барьж байгаа нам, эвсэл, Сангийн сайд нарын нөлөө их байгаагаас энэ бүхэн бий болсон хэрэг. Өөрөөр хэлбэл, асар их мөнгөний эх үүсвэр гаальд байдаг болохоор дээрх нэр бүхий эрхмүүд өөрсдийн хүмүүсээ өндөр албанд томилуулах гэж улайран зүтгэдэг гэсэн үг. Тиймээс л намын даалгавар өвөртлөн очсон О.Ганбат дарга мэдээж дунд, доод шатны албан тушаалд өөрийн хүнээ тавихгүй бол төлөвлөсөн ажил нь урагш явахгүй учраас ийнхүү баруун солгойгүй шинэчлэл нэртэй сэлгээг ийн үргэлжлүүлэх болсон нь энэ юм. Ингээд бид сэлгээ нэртэй их шуурганд өртөж Улаанбаатар хотын гаальд томилогдон ирээд буй Б.Хишигбаттай уулзаж зарим зүйлийн талаар асууж тодруулах гэсэн боловч “Би одоогоор эмнэлэгт хэвтэж байна. Тиймээс сэлгээний асуудлаар удирдлагуудаас мэдээлэл авах хэрэгтэй" гэх хариултыг өгсөн юм.
 
Харин зарим байцаагч бидний дээр бичсэн албан тушаалд томилогдохын тулд их хэмжээний мөнгө өгдөг гэдгийг үнэн шүү хэмээн хэлж байсан. Тэгэхээр энэ салбар бүхэл бүтэн намыг санхүүжүүлж, төрд гарсан эрх мэдэлтнүүдийн ах дүү, амраг садан, найз нөхдийг хүртэл тэжээж ирсэн бас нэг том саалийн үнээ болж байгаа юм. Ямартай ч энэ толгой эргэм олон томилгоо, албан тушаалын наймаагаар ирэх сонгуульд хэрэглэх мөнгөө босгох зорилготой ч байж мэдэх юм. Хэрвээ О.Ганбат дарга гаалийн салбарыг хөгжүүлье гэсэн бодолтой байсан бол халаа, сэлгээг ингэж баруун солгойгүй хийхгүй л байсан байх. Тиймдээ ч гаалийн байгууллагыг төрлийн алба болгож мөнгөн бороо оруулдаг хэрэгсэл болгочихлоо гэж гаалийнхан өөрсдөө шогширцгоож байна.
 
Юутай ч О.Ганбатдарга аа, “Хааны алба халаатай, Эзний алба ээлжтэй” гэдгийг санан хэн нэгний дохио зангаагаар ажлаа хийж гүйцэтгэвэл эцэс сүүлд нь “аавынд” залардаг аймшигт түүх бийг бодолцохыг хичээгээрэй. Түүх давтагддаг юм гэнэ лээ. Х.Баатар дарга лав ашигтай ажилласныхаа төлөөсөнд “аавынхаар” ороод гарсан юм шүү.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Gaaliin hutuch 2015-11-18 01:43:05
    Ter monxbat gegch nohort manai kompan nehseniig n ogsoor bgaad ene 2015 onii sulleer dampuurlaa zarlah bolsoon avsan mongoo 01 dee ogdog geedl hoorood bnlee dee...
    116.113.210.21
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-18 01:37:44
    энэ ч харахаас луйварчин царайны нөхөр байна, махн-ынх гээ биздээ, албан тушаалын төлөө л тэр намд очсондоо
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Нүүрсчин  2015-11-18 01:28:43
    Энэ Гашуунсухайтын ГГ-т ГУАБ Мөнхбат гэгчийг тэндээс үтэр түргэн зайлуулаачээ !!! Энэ нөхөр чинь Монгол Хятадын харилцаанд сэв суулгаж байна шүү !!!!!!!!!!!!!! ...
    116.113.210.21
    Мэдэгдсэн Хариулах