Ц.Баатархүү: Дүрэмгүй хот гэдэг бол хуульгүй улстай адил
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүтэй ярилцлаа.
 
-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт хугацаа  бараг талдаа орох гэж байна. Энэ хугацаанд иргэд рүүгээ чиглэсэн  ямар томоохон ажлууд амжуулав. Ер нь нийслэлийн иргэдийн өмнө хамгийн ихээр тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ. Энэ талаар яриагаа эхлэе?
 
-Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асууда бүрийг тоочвол олон зүйлийг нэрлэж болно. Юуг асуудал гэж харах нь өөрөөө жинхэнэ асуудал байдаг юм.
 
-Таныхаар тэгвэл ямар асуудлыг нь жинхэнэ асуудал гэж харж байна вэ?
 
- Нэгт, асуудлыг харах бидний сэтгэлгээнд байна. Төр засаг бүхнийг хийх гэж оролдох, иргэд төр засгаас бүхий л асуудлаа шийдүүлэх гэж хүлээдэг сэтгэлгээ бол Монгол хүний өрсөлдөх чадамжид саад болж байна. Хоёрт, асуудлыг шийдвэрлэх суурь зарчмаа бид өөрчлөх цаг болсон. Захиргааны аливаа шийдвэр хүмүүсийн амьдралд шууд тусгалаа өгдөг учир судалгаа шинжилгээнд суурилсан, тооцоо судалгаатай шийдвэрүүд чухал байна. Хангалттай судалгаагүй, харьцуулах стандарт байхгүй бол шийдвэр гаргахаа түр хойшлуулахад буруудах юм байхгүй.
 
-Таны хувьд өмнө нь нийс­лэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тэгвэл өнөөгийн нийслэлийн дарга нарын ажлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
 
-Өмнө нь жилдээ арай гэж хоёр удаа хуралддаг байсан нийслэлийн ИТХ cap бүр хуралдаж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг олон талаас нь хэлэлцэн шуурхай шийдвэрлэж байгаа. Хотын гүйцэтгэх удирдлагууд хотын хөгжлийн төлөө томоохон ажлыг зориг гарган эхлүүлсэн. Өмнөх хорин жил орхигдсон нийгмийн үйлчилгээ, дэд бүтэц, зам харилцаа, гэp хорооллын асуудлыг хоёрхон жилийн дотор чадлынхаа хэрээр шийдвэрлэж байна гэж хувьдаа дүгнэж байгаа.
 
-Таныхаар төлөөлөгч гэж хэн бэ. Иргэдийг төлөөлж суугаа төлөөлөгчид маань улстөржих, намчирхах нь хэр зохистой
юм бол оо?
 
-Нэгт, бид чинь хотын хөрөнгө оруулалтын бодлого тодорхойлох өндөр хариуцлагатай улс. Та бидний татварын мөнгийг хотын хөрөнгө оруулалтад зөв зарцуулах үүрэг хүлээсэн иргэний төлөөлөл шүү дээ. Хоёрт, нийслэлийн иргэдийг төлөөлж суугаа төлөөлөгч бол эрх мэдэлтэн биш үүрэг хүлээгч. Хариуцан ажиллаж буй тойргийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө тууштай ажиллах үүрэг хүлээгч нэгэн. Гуравт, намчирхал нь манай эх оронд нэг удаа сайн зүйл авчирч байгаагүй. Тиймээс намын засаглал биш мэдлэгийн засаглал, иргэний засаглал, хуулийн засаглал тогтоох хэрэгтэй. Үүний тулд улс төрийн намын, сонгуулийн тухай хуулиудыг  парламент яаралтай бталах хэрэгтэй байгаа юм.
 
-Иргэд УИХ-ын парламент гэхээсээ нийслэлийн парламентийг илүү сонирхдог болжээ. Таныхаар одоогийн эрх барьж буй АН маань бусад намынхаа төлөөллүүдтэй хэр уялдаа холбоотой ажиллаж байгаа вэ. Зарим нэг хурлын үеэр АН хэтэрхий туйлшраад, олонхоороо асуудлыг шийдээд байна хэмээн зарим төлөөлөгчид шүүмжилдэг?
-Ер нь бид төр болон олонхи гэсэн философи шинжтэй хоёр асуудлыг зөв ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Ингэхийн тулд юун түрүүнд аль ч нам эсвэл олонхи болсон тухайн Засгийн газар, хотын даргын үндсэн үүрэг, хариуцлага гэдэг зүйл бий. Энэ утгаараа цөөнхөө сонсоно, зохистой санал, зөв санаачилгыг дэмжиж ажиллах ёстой. Хоёрт, нэгэнт хотын иргэд олонхиороо 5А мөрийн хөтөлбөрт  орсон ажлуудыг энэ дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүл гээд итгэл хүлээлгэсэн учир цөөнхийн зарим нэг улстөржилтийг олонхийн саналаараа шийдээд явдаг жишиг дэлхийн бүхий л парламентад байдаг. Харин ч нийслэлийн парпаментад буй бусад улстөрийн намууд нийслэлийн ИТХ-ын ажлын арга барил, бидний бодлогыг их дэмжиж байгаа нь ажиглагддаг. Мэдээж шүүмжлэл хэлэх эрх бол бүх төлөөлөгчидөд нээлттэй байдаг.
 
-Төвлөрөл байгаа цагт дүрэм, журам зайлшгүй байх шаардлагатай. Тэр ч утгаараа өнгөрсөн хугацаанд төлөөлөгчид маш олон дүрэм, журам баталлаа. Харин тэдгээрийг амьдралд хэрхэн уялдуулах юм гэдэг асуудал гардаг. Нэг үгээр бол иргэдийн амьд­ралд нийцэхгүй байна хэмээж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Дүрэм, журам өөрөө амьдралаасаа урган гарч, иргэдийн
амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх учиртай. Хотод эмх цэгцгүй олон асуудал байсан. Үүнээс болж зарим нэг эрх мэдэлтэн хожиж энгийн иргэд хохирч үлддэг байсан. Үүнийг эрэмблэхийн тулд олон дүрэм журам батлан гаргаж байгаа нь үнэн. Гэхдээ бид аль болох иргэдэд ойр, ойлгомжтой, улаалаг төрийн үзэл санаатай нийцүүлэхийг хичээж байгаа. Иргэнд халтай, амьдралд нийцэхгүй тийм журам байгаа бол би хувьдаа сайжруулахын төлөө ажиллахад бэлэн байгаа.
 
-Хотын дүрэмтэй болох талаар яригдаж байгаа. Энэ асуудалд та зарчмын хувьд ямар зүйлүүдийг тусгах вэ?
 
-Дүрэмгүй хот гэдэг бол хуульгүй улстай адилхан. Хотын дүрэмд хотын соёлын талаар тодорхой заалтууд оруулж байгаа. Хот гэдэг бол хамтын зохион байгуулалтын дээд эрэмбэ. Хотын хөгжил бол нэг талаасаа иргэдийнх нь соёл, түүний дархлаатай холбоотой байдаг. Хотын соёл гэдгийг хамтран орших, бие биендээ хандах хандлага, хотын иргэдийн амьдралых нь дахин давтагдахгүй хэв маяг гэж боддог.
 
-Нийслэл хот өөрийн гэсэн бондтой болохоор ярьж байна. Эдийн засаг алдагдалтай үед бонд босгох нь зүйтэй гэх хүмүүс байгаа ч үүнийг өр хэмээх нь байна.Таны бодлоор нийслэлд хийгдэх том том төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бонд босгох зайлшгүй шаардлагатай юу?
 
-Бонд босгохыг дэмжиж байгаа. Гэхдээ босгосон мөнгийг хотын бодлоготой уялдуулах, аль төсөлд зарцуулах талаар эргэж сайн ярилцах байх. Чингис бондын зарцуулалт эхнээсээ ил тод биш, тооцоо судалгаанд тулгуурлахгүй үр дүнгүй, үрэлгэн, харалган ажил болсон талаар хаана хаанаа л ярьж байна шүү дээ. Тиймээс зарцуулах төсөлд сайн судалгаа хийх хэрэгтэй байгаа.
 
-Нийслэлийн АН-ын дэд даргын хувьд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэр байгаа вэ?
 
-Өнгөрсөн долоо хоногт тойргийн иргэдтэйгээ уулзаж ажлын тайлангаа танилцууллаа. Иргэд хотын ажилд дүнгээ тавиад эхлэж байгаа нь ажиглагдсан. Би хувьдаа мөрийн хөтөлбөрт тусгагдсан, иргэдэд хүлээлт өгч буй ажлуудыг үр дүнтэй, чанартай хийхийн тулд шахаж ажиллах үедээ шахаж шаардаад, хамтран ажиллах үедээ хамтраад явна даа.
 
-Гэр хорооллын дахин төлөвлөлт, хотын дэд төвүүд гээд олон бүтээн байгуулалт Улаанбаатарт өрнөж байна. Энэ томоохон ажлуудад та хэрхэн оролцож байна?
 
-Энэ маш чухал ажил. Улаанбаатар хотын хөгжүүлэх хамгийн оновчтой шийдэл бол хотын дэд төвүүдийг бүтээн босгох. Энэ аж­лыг хурдан шуурхай хийхэд хоёр бэрхшээл байгаа. Нэг нь хөрөнгө босгох, нөгөө нь газрын асуудал. Ер нь газрын харилцааны асуудал бол манай хотын шүдний өвчин болчихоод байгаа шүү. Би “Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн хорооны ахлагчийн хувиар газрын нэгдсэн мэдээллийг тодорхой болгох, газрын бирж байгуулах ажлуудад бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна даа.
 
Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.