Бүх нийтээрээ бүсээ чангалах төсөв батлагдав
Засгийн газраас аравдугаар сарын 1-нд ирэх 2016 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Анх оруулж ирэхдээ данхайсан төрийн том бүтцийг шинэчлэх зорилготой хэмээж байсан  хуулийн төсөл нь сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар 360 градус эргэсэн төсөв болж сар гаруйн дараа ийн батлагдлаа.   Энэ оны төсөв өмнөх жилүүдийнх шигээ  үргүй зардлыг хэмнэнэ гэж байсан ч яг батлагдахдаа зарлага нэмэгддэг жишгээ давтлаа. Тухайлбал энэ оны төсөвт зарлагыг өмнө нь оруулж ирснээсээ 130 тэрбумаар нэмж баталлаа. 

Ингээд засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй, Худалдан авах ажиллагааны газар, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын албыг татан буулгахгүй болсонтой холбогдуулан урсгал зардлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж тооцсон байна.
 
Бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна.
 
Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төслөөс хасч, 79.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгажээ.
 
Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэж байна. Түүнчлэн, Хууль зүйн сайдын багц дахь Мөрдөн байцаах албаны конторын барилгын концессын асуудлыг шийдвэрлэх, уг барилгыг Улсын нэгдүгээр эмнэлгийн амбулаторийн зориулалттай барилга болгох шийдвэр гарав. Концессоор хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн төсөл, арга хэмжээг ирэх оны улиралд багтаан хэрэгжүүлэхээр боллоо.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хэд, хэдэн агентлагийг татан буулгаж, нэгтгэхээр оруулж ирсэн.

Тэгвэл УИХ-аас Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэх шийдвэр гаргалаа. Энэ хоёр агентлагийг нэгтгэснээр Орлого бүрдүүлэлтийн цоо шинэ агентлагийг бий болгож, Гааль, Татвар нэг дор төвлөрснөөр нэг агентлагийн байрыг хувьчлах мөн төрийн нүсэр бүтцийг цомхон болгох учиртай. Эндээс тодорхой хэмжээний мөнгийг олох учиртай. Мөн Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж, Хууль зүйн эрхлэх сайдын харьяанд аваачив. Төсвийн хуулийг хэлэлцэх шатанд Үндэсний статистикийн хороог Засгийн газрын мэдэлд өгч болохгүй, УИХ-ын харьяанд байх ёстой гэсэн асуудал хөндөгдөж, гишүүдээр санал хураалгасан ч олонхийн дэмжлэг хүлээгээгүй юм. 

Засгийн газрын мэдэлд аваачих нь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих боломж нь алдагдана гэж үзсэн юм. Гэсэн ч хэлэлцүүлгийн шатанд асуудлыг засаагүй, улмаар гуравдугаар хэлэлцүүлэг рүү орж ирсэн учраас засаж залруулж чадаагүй юм. Энэ хоёр том агентлаг нэгдсэнээр УИХ-ын харьяанд бус Хууль зүйн сайдын харьяанд ажиллах болж байна. Мөн 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхэлж Засгийн газар есөн яамтай ажиллах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө төсөл санаачлагчид буцаан татсанаар эл асуудал Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэхээр болж байна.
 
Ирэх онд  цалин тэтгэвэр нэмэгдүүлэхгүй

Аравдугаар сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн тухай хуульд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг 30 хувиар, албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулахаар тусгасан байсан юм. Тэгвэл Засгийн газрын энэхүү саналыг сөрөг хүчин хүчтэй эсэргүүцсэнээр төрийн албан хаагчдын цалин хасагдахгүй болж байгаа юм.  Мөн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхгүй байхаар тусгалаа. 

Ирэх онд шинэ бүтээн байгуулалт хийхгүй    

 Ирэх 2016 оны төсөвт улсын төсвийн хөрөнгөөр шинэ бүтээн байгуулалтын ямар ч ажил хийхгүй байхаар тусгалаа. Харин 2015 онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа векселээр болон концессын гэрээгээр үргэлжлүүлэхээр боллоо. 
Ирэх оны төсвийг сөрөг хүчин хэрхэн дүгнэв 

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнгөрсөн долоо хоногт УИХ-аас баталсан Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийг хэлэлцээд эдийн засгийн хямралыг сөрсөн төсөв болж чадаагүй хэмээн дүгнэжээ.
Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хэт хөөсөрсөн, өрийн ачааллыг нэмэгдүүлсэн туйлын хариуцлагагүй төсөв баталсан. Ирэх оны төсвийн хуультай холбоотойгоор МАН-аас зардал бууруулахтай холбоотой тодорхой санал хүргүүлсэн байсан. Харамсалтай нь, дийлэнх нь тусаагүй. Ганц нэг санал орсон. Тэр нь Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын нөхөн олговрыг нэмэгдүүлэх, Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэхтэй холбоотой санал байсан. Цалин, тэтгэврийг хасахгүй байх ёстой гэсэн санал оруулсан. Ажлын хэсгийг ахалж байсан Д.Ганхуяг гишүүн “135 тэрбум төгрөгөөр зардал өсч байгаа, энэ нь цалинтай холбоотой МАН-ынхны санал” гэж байсан. Гэвч Онцгой, цагдаа, эрүүл мэнд, боловсролын салбараас бусдынх нь цалин ирэх онд 10 хувиар буурах, эс бол цомхотгол хийх нөхцөл байдал үүссэн. Ардын нам үүний эсрэг байсан гэдгийг хэлье.
 
Хэн хэдийг захиран зарцуулах вэ

Төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй субьектуудын зарцуулах мөнгөн дүнг хүргэе. 
1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 4.7 тэрбум
2.УИХ-ын дарга 18.637 тэрбум
3.Үндсэн хуулийн цэцийн дарга 809.2 сая
4.Улсын Дээд Шүүх 3.396 тэрбум
5.Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга 48.9 тэрбум
6.Хүний эрхийн үндэсний комисс 748.4 сая
7.Улсын ерөнхий прокурор 15 тэрбум
8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2.22 тэрбум
9.Улсын ерөнхий аудитор 9.6 тэрбум
10.Авлигатай тэмцэх газрын дарга 8.332 тэрбум
11.Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2.755.8 тэрбум
12.Төрийн албаны зөвлөл 558.2 сая
13.Сонгуулийн ерөнхий хороо 25.2 тэрбум
14.Ерөнхий сайд 99.630 тэрбум
15.Шадар сайд 110.1 тэрбум
16.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 27.2 тэрбум
17.Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 57.3 тэрбум
18.Гадаад хэргийн сайд 72.7 тэрбум
19.Сангийн сайд 3 их наяд 122.8 тэрбум
20.Хууль зүйн сайд 391.8 тэрбум
21.Зам тээврийн сайд 242.6 тэрбум
22.Батлан хамгаалахын сайд 218.6 тэрбум
23.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 1 их наяд 218.3 тэрбум
24.Уул уурхайн сайд 17.945 тэрбум
25.Хүнс хөдөө аж ахуйн сайд 131.1 тэрбум
26.Хөдөлмөрийн сайд 170.7 тэрбум
27.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум
28.Эрүүл мэнд спортын сайд 691.1 тэрбум
29.Эрчим хүчний сайд 67.6 тэрбум
30.Аж үйлдвэрийн сайд 40.8 тэрбум
31.Барилга хот, байгуулалтын сайд 49.4 тэрбум төгрөг байхаар баталлаа.Мөн 2016 онд Төсвийн тогтворжуулалтын санд 8 тэрбум 904 сая төгрөг төвлөрүүлэхээр  баталснаар ирэх 2016 оны төсвийн төсөл бэлэн боллоо. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.