Хямралыг сөрсөн төсөв болж чадаагүй гэв
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаар УИХ-аас баталсан Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийг хэлэлцээд эдийн засгийн хямралыг сөрсөн төсөв болж чадаагүй хэмээн дүгнэсэн байна.
 
Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хэт хөөсөрсөн, өрийн ачааллыг нэмэгдүүлсэн туйлын хариуцлагагүй төсөв баталсан. Ирэх оны төсвийн хуультай холбоотойгоор МАН- аас зардал бууруулахтай холбоотой тодорхой санал хүргүүлсэн байсан ч дийлэнх нь тусаагүй. Ганц нэг санал орсон. Тэр нь Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын нөхөн олговрыг нэмэгдүүлэх, Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэхтэй холбоотой санал байсан. Цалин, тэтгэврийг хасахгүй байх ёстой гэсэн санал оруулсан. Ажлын хэсгийг ахалж байсан Д.Ганхуяг гишүүн “135 тэрбум төгрөгөөр зардал өсч байгаа. Энэ нь цалинтай холбоотой МАН-ынхны санал” гэж байсан. Гэвч Онцгой, цагдаа, эрүүл мэнд, боловсролын салбараас бусдынх нь цалин ирэх онд 10 хувиар буурах, эс бол цомхотгол хийх нөхцөл байдал үүссэн. Ардын нам үүний эсрэг байсан гэдгийг хэлье. Өрийн хэмжээ ирэх онд 1.7 их наяд төгрөг буюу 850 сая ам.доллараар батлагдлаа. Өрийнхөө үйлчилгээний төлбөр буюу зээлийн хүүнд 950 тэрбум төгрөг төлнө. Улсын төсөвт маш том дарамт ирнэ. Түүхэндээ бид ийм том өр зээлийг хүүтэй нь төлж байсан тохиолдол байхгүй.
 
Төсвийн хуультай холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүний үнийг буулга гэдэг шаардлагыг тавьж байсан. ОХУ-д нэг литр шатахуун 1000, АНУ-д 1200 төгрөгийн үнэтэй бол Улаанбаатар хотод 1600, орон нутагт 1800-2100 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ саналыг УИХ олонхиороо хүлээж аваагүй. Харин алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг Улаанбаатар хотынхтой ойролцоо болгохоор боллоо. Нефтийн үнийг буулгасан бол иддэг талх, өмсдөг гутал, экспортод гаргадаг нүүрсний өртөг зардал буурч, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэх энэ хэмжээгээр дампуурахгүй байх суурь үнэ нь болох байсан ч харамсалтай нь хүлээж аваагүй” гэсэн юм.
 
Мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн аж. МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт дээрх асуудлыг хэлэлцэж байр сууриа тодорхой болгосон. Гэтэл УИХ, байнгын хороодын энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд багтаж орж ирсэн тул дахин ярьжээ. Энэ тухай бүлгийн дарга “Ард нийтийн санал асуулга нэрийн дор Үндсэн хуулийг өөрчлөх бодолтой гишүүн олон биш. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад нэлээн олон үйл явц бий. Хоёрдугаарт, УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 50 орчим заалт хөндөгдсөн. Энэ бол Үндсэн хуулийг шинэчлэн найруулсны чинээ том өөрчлөлт. Үндсэн хуулийг өөрчлөхөд бүх хууль тогтоомжийг нийцүүлэх шаардлага үүснэ. Энэ мэт нарийн асуудал байгаа учраас энэ УИХ Үндсэн хуулийг яаран өөрчлөх чадваргүй гэж үзэж байгаа. МАН-ын бүлгийн саналтай бие даагч гишүүд, Ардчилсан намын бүлгийн олон гишүүн санал нэгдэнэ. Боломжгүй зүйлийг хүч түрж явах гээд байна. Гуравны хоёрын босго давах ёстой. Үүний оронд Сонгуулийн хуулиа баталъя. Сонгуулийг шударга, булхай луйваргүй явуулах нь чухал. УИХ-д нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн дөрвөн төсөл байгаа. Гэхдээ Р.Бурмаа нарын 15 гишүүний санаачлан боловсруулсан хуулийн төсөлд долоон гишүүн нь дэмжих брломжгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл өргөн мэдүүлсэн. Мөн сонгуулийн ерөнхий хороо уг хуулийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн төсөл Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн төслөөс тэс өөр. Эрх барьж байгаа намууд нь Сонгуулийн хууль дээр саналаа нэгтгэж чадахгүй байна. Энэ бол зөвшилцлөөр гарах ёстой хууль” гэлээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.