Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ баталбал, Монголын төрийг самарна
“Хүн тэнгэрийн дор амьдарч хуулийн дор бөхийдөг” хэмээн Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр хүмүүн бид тэнгэрийн дор амьдарч байгаа ч хуулийн дор бөхийх, хуулиа дагаж мөрдөхийг умартах болжээ. Бүр Монгол Улсын Үндсэн хуульдаа байсхийгээд гар хүрдэг, аливаа болохгүйн бурууг түүн рүү чихдэг,  улмаар хуулиараа тоглодог ийм нэгэн үзэгдэл ардчиллын салхинд гарч иржээ. 
Үндсэн хууль батална гэдэг амаргүй ажил. Үндсэн хуулийг батлах гэж, Ардын их хурлын 430 депутат бүтэн 76 өдөр хуралдаж байж, сая нэг шийдэж, нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын их хурлаар баталж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн түүхтэй. 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгч байв. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх зэрэг олон эрхийг энэ л хуулиараа олгож байлаа. Мөн энэ хуульд Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгууль явагдах зэргийн талаар товч агуулдаг бөгөөд хуулийн энэ л хэсэг улс төрчдийн хувьд “бүхнийг залруулах, буруудуулах гарц” болон харагдсаар уг хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуулийн анхны өөрчлөлтийг хийж байсан. Тухайн үедээ уг өөрчлөлтийг Үндсэн хуулийг дордуулсан долоон заалт” хэмээн нэрлэж байсан. 

Үндсэн хуульд хуулийн хугацаанд нь өөрчлөлт оруулж амжих уу
Тэгвэл өнөөдөр Үндсэн хуульд хоёр дахь нэмэлт өөрчлөлт оруулахаар энэ сарын 6-нд УИХ-ын нэр бүхий гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Ингэхдээ уг хуулийн өөрчлөлтөд иргэдийн саналыг тусгах бөгөөд тэрхүү ард нийтийн санал асуулгыг энэ сарын 26-нд товлосон байв.  Гэтэл Ард нийтийн санал асуулга болтол ес хоногийн хугацаа өнгөрчхөөд байна. Эл хуулийн өөрчлөлтийн талаар иргэд хангалттай ойлголт муу байна. Учир нь уг хуулийн сурталчилгаа ухуулга одоог хүртэл хийгдээгүй байгаа юм. 

Дээрээс нь ард нийтийн санал асуулгыг явуулахын тулд Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульдаа заавал өөрчлөлт оруулах ёстой гэж байгаа. Тэгэхээр олон хуулийн дамжлага дамжиж байж эл хуулийн хэлэлцүүлэг эхлэх ёстой болж таарч байна. 

Тэгвэл Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах асуудал сонгуулийн өмнө амжина гэдэгт олон эргэлзээ байна. Мөн уг хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэгчид нэмэгдсээр байна.

Засгийн эрхийг барьж буй УИХ-ын АН-ын бүлэг гэхэд л энэ асуудалд байр сууриа нэгтгээгүй байгаа бөгөөд  УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, анхан шатны нэгж дээр Засаг дарга томилох эсэх асуудал хамгийн ихээр маргаан дагуулж байгаа гэдгийг тус намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар  хэлж байна. Мөн “Ард нийтийн санал асуулгыг энэ сард явуулж амжихгүй байх” гэсэн үгийг ч унагаж байна.

Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өчигдөр “"Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар батлах ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх сонирхолтой гишүүн УИХ дотор олон биш. УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг үзэхэд 50 орчим заалт хөндөгдөх нь. Энэ нь Үндсэн хуулийг шинээр батлах асуудал үүснэ гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл. Үндсэн хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулж олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал үүснэ. Тиймээс энэ УИХ давчуу хугацаанд яаран өөрчилж болохгүй. Бие даагчид, АН-ын бүлгийн олон гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй гэдэгт санал нэгдэж байгаа. Боломжгүй зүйлийг хүч түрэх хэлбэрээр явуулах нь зохисгүй. Энэ асуудал зөвшилцөл, ойлголцлоор явах ёстой" гэсэн байр сууриа илэрхийллээ.
Тэгвэл ард иргэдийн дунд дэмжлэг хүлээн шинээр гарч ирж буй нам Хөдөлмөрийн үндэсний нам билээ. Тус намаас өчигдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг бүхий ард нийтийн хурлыг зохион байгуулсан энэ хурал дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох ч гэлээ цагаа ололгүй, байгаа оноогүй өөрчлөлтүүдийг хийх гэж байгаад бухимдагсад олон байв.

Д.Мандах: Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ баталбал, Үндсэн хуульгүй болно 
Үндсэн Хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах “Манай холбооны саналыг аваагүй,төсөлд оролцуулаагүй. Ийм муу төсөл явж байгаад сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлсэн юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.

Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг таатай хүлээн авахгүй байгаа хүмүүсийн нэг. Ямар учраас одоо өргөн баригдаад байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа юм бэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг УИХ-ын бие даагч гишүүд, МАН болон бусад УИХ-ын гишүүд дэмжихгүй байна. Ард иргэд ч эсэргүүцэж байна. Эсэргүүцэж байгаагийн гол шалтгаан нь хуулиа иж бүрэн боловсруулаагүй, ард олон нийтийн санал бодлыг тусгаагүй, асуудлаа шийдээгүй, цаг хугацаагаар хавчиж, хууль зөрчиж хийх гэж байгаатай санал нийлэхгүй байна. Манай Монголчууд хуулиа биелүүлж, ёс жаягаа дагаж ирсэн намба төрхтэй ард түмэн. Гэтэл үндсэн хуулийг өргөн барьснаар хууль зөрчсөн.
Гэхдээ өргөн баригдсан хуулийг бүхлээр нь үгүйсгээгүй.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал бүр 2000 оноос эхлэлтэй. Тэр үед Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дордуулсан долоон өөрчлөлт гэж манай ард түмэн нэрлэсэн. Тэр өөрчлөлтөөр төрийнхөө зохион байгуулалт, удирдлагыг алдагдуулсан. Хууль нь хууль биш болсон. Өнөөгийн төрийг хүчгүйдүүлж байгаа, эмх цэгцгүй болгож байгаа, эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа энэ бүх урхаг ужиг бий болсон учир ард иргэдийн дургүйцлийг аргагүй хүргэж байна. Үүнийг засъя гэж хүн бүхэн хэлж ярьж байгаа нь сайшаалтай.
-Тэгэхээр та үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг ямар байгаасай хэмээн хүсэж байна вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв. Хуульд өөрчлөлт оруулах тодорхой заалтууд тусгагдсан. 76- г 99 болгох. Засаглал, парламентын хугацааг 4 байсныг 5 жил болгох зэрэг. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Хуулийн төслийн эдгээр заалтуудыг шүүмжлэх сонирхол бага байна. Манай Үндсэн хууль тогтоогчдын холбоо бол хууль санаачлагчтай зөвлөлдөөд суугаад санал боловсруулсан. Харамсалтай нь бидний саналыг тусгаагүй. 
1990-1992 онд манай улс Парламентын 2 танхимтай байсан. Ардын бага хуралтай, Ардын их хуралтай байсан. Урьд өмнө ч байсан. Иймээс бид одоогийн нэг танхимтай байх нь буруу гэж үзсэн. Бидний өгсөн саналын нэгдүгээрт тэр “дордуулсан долоон өөрчлөлтийг” засах байсан. 
-Одоогийн УИХ-ыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чадамжгүй гэж байна?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг авч үзээд зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзвэл боловсруулсан төслөө бүх ард түмнээрээ хэлэлцүүлж байж яг “энэ өөрчлөлт боллоо” гэсэн тохиолдолд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх ёстой. Ийм туршлага манайд бий шүү дээ. 
Гарч байгаа заалтыг үг, өгүүлбэр бүрээр, утга бүрээр нь авч хэлэлцэх ёстой. Үүнд хугацаа орох ёстой. Уг хуулийн төслийг УИХ-д өргөн баригдах хүртлээ тодорхой цаг хугацааг туулсан, ард иргэд хийгээд эрдэмтэн судлаач, хуульчдын санаа бодол туссан гээд олон шат дамжлагыг дамжсан байх ёстой. Тухайлбал, үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд, уг төслийг өргөн барихаас өмнө ард иргэдийнхээ дунд “одоогийн парламентыг их, бага суудалтай болгох, эсэх талаар ард иргэдийн саналыг сарын хугацаатай авсан байх хэрэгтэй.  Гэтэл энэ хуулийн төслийг хэдэн гишүүд сууж байгаад боловсруулаад оруулж ирж байна. Ийм юм байж болохгүй.
-Хэрэв одоогийн өргөн баригдаад байгаа өөрчлөлтийг дэмжвэл ямар үр дагавар гарах вэ. Та юу гэж үзэж байна вэ?
-Нөгөө миний хэлсэнчлэн дордуулсан долоон өөрчлөлт төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийг доройтуулсан. Тэгвэл энэ удаагийн УИХ-д өргөн бариад байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ баталбал, Монголын төрийг самарна, Үндсэн хуульгүй болно.

Д.Үүрцайх: Өргөн баригдаад буй төслийг эхний хэлэлцүүлгээс буцаах ёстой
Харин тус намын ЕНБД-ийн зөвлөх, хуульч Д.Үүрцайх “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэ удаагийн үйлдэл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж байна. Энэ  нь Төрийн эсрэг гэмт хэрэг болж буй үйлдэл. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа ард иргэдээс асуугаад дараа нь УИХ-аар хэлэлцээд дахин ард нийтээс асуугаад  хэлэлцэх ёстой. Мөн өргөн баригдаад буй төслийг хэлэлцээд эхний хэлэлцүүлгээр буцаах эсвэл хууль санаачлагч төслөө татах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. 
ХҮН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь нэрнээсээ авахуулаад хууль зөрчсөн гэлээ. 50 гаруй зүйл заалтыг өөрчилж байгаа учир "хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” бус “Хуулийн төсөл” гэдгээр явах байсан. Гэтэл “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөл” гэдгээр оруулж ирж байгаа нь буруу гэсэн юм.
Ингээд тус намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь хэд хэдэн хууль зөрчсөн гэдгийг ийнхүү хэлэв.
Улсын Их Хурал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг нарийвчлан тогтоосон хуулийг мөрдөж ажиллахын оронд хууль зөрчсөн эс үйлдэхүйгээ, хууль зөрчсөн үйлдэл болгон, улам даамжруулж байна гэсэн.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг зөрчиж, УИХ-ын бүрэн эрхийг хэт дөвийлгөсөн байна. Үүнд:

1. УИХ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд “УИХ-ын гишүүн хүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг санаачлах”-ыг хориглосон байдаг. Гэтэл зөрсөн.

2.Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд тусгаснаар Ерөнхийлөгчийг сонгох эрхийг УИХ-д шууд олгосон нь УИХ-ын- бүрэн эрхийг өргөтгөсөн. 

3.Улсын Дээд Шүүхийн шүүгчдийг УИХ-ын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч батламжлахаар зохицуулж байгаа нь мөн УИХ-ын бүрэн эрхийг  өргөтгөсөн.

4. Улсын Ерөнхий Прокурорыг УИХ-ын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч батламжлахаар зохицуулж, УИХ-ын бүрэн эрхийг өргөтгөсөн.

5. 4-р зуйлд “далан зургаа гэснийг ерэн ес гэж” өөрчлөн, “дөрвөн гэснийг таван гэж” өөрчилж, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг сунгасан нь дээр дурдсан 8 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн байна.

5.  УИХ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрийг шууд зөрчиж байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэснийг зөрчиж УИХ өөрийн боловсруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” хэмээн нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш бөгөөд УИХ-ын хууль зөрчсөн энэхүү үйл ажиллагааг Үндсэн хуулийн Цэцийн хяналтаас гаргах зорилготой, 1999 оны зөрчлийг давтсан явуургүй, увайгүй, хууль бус үйлдэл гэж бид үзэж эрс буруутгаж байна.

6. Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл хууль зөрчсөн агуулгатай байна.
Иймд, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан журмыг зөрчин боловсруулж, өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хүлээн авсан шийдвэрээ цуцалж, төслүүдийг хууль санаачлагчид буцаах шийдвэрийг нэн даруй гаргахыг ХҮН-ынханУИХ-аас шаардаж байна. Мөн ийм илт хууль журам зөрчсөн төслийг хүлээн авч УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т:“Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” хэмээн заасан ёсоор эрүүгийн хариуцлага шууд хүлээлгэх үр дагавар бүхий үйлдэл болохыг тус намаас анхааруулав.

Ийнхүү Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан цагаасаа эхлэн эсэргүүцэлтэй тулгарлаа. Нам бүлгүүд хийгээд ард иргэд, улс төрд суудалгүй намуудын байр суурийг сонирхоход ийм байгаа бөгөөд эл хуулийн төслийг хуулийн хугацаанд нь багтааж батална гэдэг тун эргэлзээтэй байдал үүссэнийг энэ дашрамд дуулгая.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОНГОЛ 2015-11-17 12:21:24
    Их мөнгө, цаг хугацаа үрсэн, яаруу сандруу ийм зүйлийг ард түмэн зөвшөөрөхгүй ээ.....Яагаад гэвэл, өнөөгийн энэ идэж цаддаггүй "76 гахай"-д нэг их сайн сайха...
    103.229.122.138
    Мэдэгдсэн Хариулах
  • ok 2015-11-17 04:44:26
    Портунаа Батбаяр үнэхээр галзуурсан байхаа.Ер нь энэ ардчилсан намыхан юу ярьж байгаагаа ер мэддэггүй улс юмаа.Энхболдын хэлсэн тэнэг үгийг хараа....
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-11-17 03:24:29
    фортунагийн мэдрэлийг шалгуулахад гэмгүй шүү, 888, 99 гээд тэнэгтээд байгаа юм, мөд 111, 222, 333, 444, 555, 666, 777 гээд яваад байх шинжтэй шүү
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-11-17 03:20:45
    Yaag unen. Ed nar samarna.
    202.5.196.86
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-11-17 02:30:36
    ugaasaa samaruultsan turiig dahij samarlaa geed yalgaa baina uu? neeh goy togtoltsootoi yavaad baigaa tuuniig n uurchiluhguud baigaa yumshig yarij bichitsgeehin...
    59.153.113.231
    Мэдэгдсэн Хариулах
  • ???? 2015-11-17 01:43:22
    Б.Чимид гуай байсан бол цус харвах байж дээ, хөөрхий!!! Гудамжинд байх ёстой шавжнууд төрд шавчихаад Монгол төрийг самарч байна!!!
    202.179.28.89
    Мэдэгдсэн Хариулах