Банкуудын 1%-ийн шимтгэлийг болиулах асуудал мянгуужингийн үлгэр болох уу
УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр яригдаж байсан нэг асуудал бол арилжааны банкуудын зээлийн хүүг дунджаар 1-3 хувиар бууруулах бодлого боловсруулах санал гаргасныг  олонх дэмжсэн билээ. Тэгвэл эл асуудал мэдээж банкуудын эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. Гэхдээ улсын төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит салбарыг дэмжих, хувийн хэвшлийг сайжруулахад чиглүүлэх, зээлийн эрсдэлийг бууруулж, санхүүгийн жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх замаар үнэхээр л зээлийн хүүг буулгаж чадвал энэ энэ парламент иргэдийнхээ төлөө нэг ч гэсэн сайн үйл хийсэнд тооцъё.

Үүнээс гадна иргэдэд хүлээлт үүсгэсэн банкуудтай холбоотой нэг асуудал бол "банкуудын зээл олгосныхоо төлөө нэг хувийн шимтгэл авдгийг зогсоох" явдал байсан.

Тодруулбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус гэж үзэн шаардах бичиг хүргүүлсэн. Энэхүү шаардлагыг нийт арилжааны 13 банканд өгсөн байдаг. Гэвч банкууд ШӨХТГ-ын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учир удирдлагууд нь шүүхэд гомдол гаргаснаар эл хэрэг явахаа байсан.
Энэхүү асуудлыг өнгөрсөн хугацаанд хоёр ч шатны шүүхээр хэлэлцээд ШӨХТГ-ын талд шийдвэр гарсан. Гэтэл эл асуудлыг дахин анхан шатны шүүх рүү буцааснаар  ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгочихоод байна. 

Тэгэхээр өмнөх хоёр шатны шүүхээр нэг хувийн шимтгэл нь хууль бус гэсэн ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч банкуудын эсэргүүцэж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ Дээд шүүхээс эргүүлээд анхан шат руу дахиад шилжүүлснээр яг ижил шатны шүүхээс ижилхэн хэрэг дээр хоёр өөр шийдвэр гарч байгааг гайхахгүй байхын аргагүй.

Мөн банкуудын удирдлагууд "Ерөнхий сайдад ШӨХТГ хууль бусаар банкуудыг шалгасан, үүнийг зогсоож өгнө үү" гэсэн албан тоотыг илгээсэн байдаг.  Ийн эл асуудлыг дээгүүрээ бие бие рүүгээ шидэлцсээр, нэг асуудлын учрыг олох гэж цаг хугацааг элээсээр байтал иргэдийн хүлээлт, ШӨХТГ-т итгэх итгэл алдарч эхэлж байна. 

Уул нь тус газрын хуучин дарга О.Магнай эл асуудлыг анх эхлүүлчихээд иргэдийн талархлыг ихээр хүлээж байсан. Гэтэл одоо бүх зүйл эсрэгээрээ болох нь. Энэхүү асуудал мянгуужингийн үлгэр болоод өнгөрөх вий гэсэн түгшүүр иргэдийн дунд байна. 

Өнөөдөр манай улсад зээлгүй өрх гэж байхгүй. Мэдээж нэг ижил шатны шүүхээс 2 хоёр өөр шийдвэр гаргасантай холбоотойгоор ШӨХТГ-аас Авлигатай тэмцэх газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл рүү нэр бүхий шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоолгохыг хүсэж албан тоот явуулснаа мэдэгдээд буй.

Гэхдээ л АТГ-аас ШӨХТГ-ын хүссэн хариуг өгөхгүй бол арилжааны банкуудын нэг хувийн шимтгэлийн асуудал энэ чигээрээ замхарч мэдэхээр дүр зураг харагдаж байна. Иймээс иргэдийн төлөө гэх хаягийг зүүсэн ШӨХТГ ажлаа хийж чадахгүй байна уу эсвэл шүүхийн шийдвэр өөрчлөгдсөн нь шүүх хяналтын байгууллага хийгээд банкныхны хоорондын ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэх үү.
Юутай ч ШӨХТГ-ын дарга  Т.Аюурсайхан  "Манайх есөн банктай хүч тэнцвэргүй тэмцэл өрнүүлж байна" хэмээн хэлж байсан. Тэгэхээр энэхүү хүч тэнцвэргүй тулаанд  ШӨХТГ болон иргэд ялагдал хүлээх нь үү дээ.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-16 23:11:32
    МУУ Л БАЙНА ДАА. БАНКУУД МАШ ИХ МОНГО ОЛЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН ХУУ МАШ ОНДОР МОРТЛОО АРД ИРГЭДИЙН АВЧ БАЙГАА ЗЭЭЛЭЭС ХУУ ШИМТГЭЛ АВААД БАЙХААР АРД ТУМЭН ЯАХ ВЭ.