Долоо хоногийн тойм
Өнгөрөгч долоо хоногт олон үйл явдал болов. Энэ долоо хоногт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал багагүй анхаарал татсан. Мөн Халх голыг чөлөөт бүс болгох асуудлыг эсэргүүцэгчид өөрслдийн дуу хоолойгоо илэрхийлсээр байлаа. Ингээд долоо хоногийн онцлох үйл явдлаас тоймлон хүргэж байна.

2016 оны төсвийг батлав
УИХ-ын баасан гарагийн үдээс хойш хуралдаанаар 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөлөл, 2016 оны нэгдсэн төсвийг дагалдан өргөн барьсан хуулиудыг баталлаа.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй, Худалдан авах ажиллагааны газар, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын албыг татан буулгахгүй болсонтой холбогдуулан урсгал зардлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж тооцсон байна.
Бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна.

Эрдэнэс таван толгойн ажилчин өөрийгөө шатааж, асуудлыг хурцатгав
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид өнгөрсөн баасан гарагт компанийнхаа удирдлагуудын талаар мэдээлэл хийх үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг оролдлоо. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр “Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн. Дахиад 200 гаруй ажилтанг халах гэж байгаа. Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” хэмээж, үүний дараа өөр рүүгээ гэнэт шүдэнз зурсанаар гал авалзсан. Эл явдал нийгэмд багагүй шүүмж дагууллаа. С.Эрдэнийн бие нэлээд хүнд түлэгдэлт авсан.
Эл асуудал юунаас болов гэхээр  тус компанийн удирдлагууд ажилчдаа Хятадын “Xinyuan Group Investment”-д шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Нийт 203 ажилтнаа шилжүүлэх, мөн 200 ажилтнаа халахаар болсон гэх мэдээлэл бий.  

Монгол бахархлын өдөр тохиов
Өнөөдөр билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр тохиолоо. Энэ өдөр бол Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр бөгөөд эд өдрийг Монгол бахархлын өдөр болгон  Монгол Улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсоор хэдэн жилийг үдэж байна. Энэ өдөр төрийн далбаа мандуулах, төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслолууд Чингис хааны нэрэмжит талбайд болов.

Мөн Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болж,улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон юм. 

Ерөнхийлөгч Хятадад айлчлав
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  БНХАУ-д төрийн айлчлал хийгээд өчигдөр орой эх орондоо ирлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн юм.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхлаа.
Айлчлалын дүнгээр хоёр талын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргасан билээ.

Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.