С.Эрдэнийн өөрийгөө шатаасан хэрэг Б.Батбилэгийг халснаар дуусах уу
“Эрдэнэс тавантолгой” ХК 206 ажилчнаа БНХАУ-ын компанид шилжүүлэн ажиллуулах болсонтой холбогдуулан эсэргүүцлийн жагсаал цуглаан өнгөрсөн өдрүүдэд тасарсангүй. Эцэс сүүлд нь нэг иргэн өөрийн амь насыг золих дөхлөө.

Тодруулбал тус компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ компанийнхаа удирдлагуудын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж буйгаа удаа дараа мэдэгдсэн боловч хүлээн аваагүй тул хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийллээ. Урьд өмнө нь гарч байгаагүй энэ харамсалтай үйл явдал өчигдөр /2015.11.13/ “Үндэсний мэдээллийн төв”-д өдрийн 12:30 цагийн үед боллоо.

Хэвлэлийн хурлын үеэр С.Эрдэнэ компанийн удирдлагууд ажилчдаа Хятадын компанид шилжүүлэхээр улайран зүтгэж 12 сарын хугацаатай байсныг 33 сар болгон нэмэгдүүллээ. Эдгээр шилжиж буй ажилчдад ажилтай үлдэнэ гэх баталгаа байхгүй хэмээн хэлсэн юм. Ингээд уурхайн олон зуун ажилчны энэ олон хоног хийсэн эсэргүүцлийг авч хэлэлцэхгүй байгаад бухимдан өөрийгөө шатаасан юм. Тэрбээр шатсаныхаа дараа Үндэсний мэдээллийн төвөөс гарч компанийнхаа байран дээр ирсэн. Үүний дараа яаралтай түргэн тусламжийнхан ирж, эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан юм. 
 
Одоогоор С.Эрдэнэ гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр өчигдөр 14:00 цагийн үед ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Харин манай сурвалжлах баг 15:00 цагийн үед тус эмнэлэгт очиж  түүний биеийн байдлын талаар Түлэнхий мэс заслын нөхөн сэргээх эмчилгээний эмч Т.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. 

Т.Бат-Эрдэнэ: Амьсгалын замын түлэгдлийг амь насанд аюултай гэж үздэг 

-С.Эрдэнийн биеийн байдал ямар байна вэ? Анх хүлээн авахад ямар байдалтай байсан бэ?


-30-40 хувийн түлэгдэлтэй ирсэн. Дөрвөн мөч, биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн байна. Мөн түлэгдэлт амьсгалын замд нөлөөлсөн тул биеийн байдал хүнд, дэмийрлийн байдалтай байна. Бид шокноос гаргах, тайвшруулах эмчилгээг хийж байгаа. Биеийн байдлыг нөхөн сэргээсний дараа цаашид мэс засал хийж магадгүй. Түлэгдэлт амьсгалын замд нөлөөлсөн учир өвчтөний амь насанд нөлөөлж болзошгүй байгаа.

-Цаашид биеийн байдал нь яаж ч магадгүй байгаа гэж ойлгож болох уу?

-Түлэгдэлт гэдэг бол маш аюултай. Тэр дундаа амьсгалын замын түлэгдэл бол амь насанд ч аюул учруулж мэднэ. Бидний зүгээс шаардлагатай  эмчилгээнүүдийг хийж байна.

-Түлэгдсэнийхээ дараа нэлээд хугацааны дараа эмнэлгийн тусламж авсан нь биеийн байдал нь ингэж хүндрэхэд нөлөөлсөн юм болов уу? 

-Энэ хүн манайд 13:30-14:00 цагийн хооронд хүргэгдэж ирсэн. Тухайн үйл явдал 12:30 цагийн үед болсон юм байна лээ. 

Бид эмчтэй нь ийнхүү уулзсаны дараа түүнтэй хамт мэдээлэл хийсэн  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилтан С.Түмэндэлгэр, Т.Гансүх нараас цөөн асуултад хариулт авлаа.

-С.Эрдэнийг өөрийгөө галдан шатаахыг та бүхэн мэдэж байсан уу?

-Үгүй. С.Эрдэнээ ах бидэнд ийм зүйл болно гэж урьдчилан хэлээгүй. Мэдсэн бол юу гэж ийм байдалд хүргэх билээ. Ажилтнуудынхаа төлөө амь насаа хайхралгүй өөрийгөө галдан шатаасанд одоо ч итгэхгүй байна.

-Та бүхэн дараа дараагийн шатанд ямар тэмцлийн хэлбэр сонгох вэ?

-Өөр зүйл ярихгүй” гэж хэлээд, гарч одов.

Харин цагдаагийн байгууллагаас иргэн С.Эрдэнэд санаатайгаар амиа хорлох гэж оролдсон, ил гал гаргахыг хориглосон газар гал гаргасан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтыг эхлүүлжээ.

Т.Гэрэтсансар: С.Эрдэнийн хийсэн үйлдэлд харамсаж байна

Дээрх үйл явдлын дараа “Эрдэнэс тавантолгой” ХК-аас  мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Тус компанийн гадаад харилцаа, орон нутаг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Гэрэлтсансар “С.Эрдэнийн хийсэн үйлдэлд харамсаж байна. Бид ажилчдаа сул зогсолт хийлгэхгүй, ажилтай байлгах үүднээс 33 сарын турш өөр компанид ажиллуулахаар шийдвэрлэсэн” хэмээгээд сэтгүүлчдийн бусад асуултад хариу өгөлгүй гарч явсан юм.

Харин энэ  үеэр тус компанийн ажилчид компанийнхаа байран дээр ирж эсэргүүцлээ үргэлжлүүлсээр  байлаа.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, төв байранд шуугиан дэгдээлээ. Тэд “203 уурхайчин ажилгүй болох бус биднээс гадна ахиж 50 ажилтнаа оны өмнө, 200 гаруй ажилтнаа оны дараа цомхотгох мэдээлэл байгаа. Тэд ажилчдаа шилжүүлэх нэрээр халж, цаасан дээр тогтсон компани болж, Монголын иргэдийн 1072 хувьцааг салхинд хийсгэх гэж байна” хэмээн компанийн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцсэн хэвээр байгаагаа хэлэв. Мөн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн үйлдэл бол ЭТТ компани бидний олон удаагийн санал, хүсэлтийг үл тоож, асуудлыг шийдэхгүй явсан нь ийм байдалд хүргэсэн. Энэ бол аргаа барсандаа хийсэн зүйл" гэж тайлбарласан юм.



Тэгвэл олон зуун ажилчин нь удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байхад тоохгүй явсаар эцэст нь нэг ажилчнаа амь насандаа эрсдэлтэй алхам хийхэд хүргэсэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлагуудад хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг асуултыг олон хүн асууж байна. 

Уул уурхайн сайд Р.Жигжид  уг харамсалтай хэрэг явдал болсны дараа Төрийн ордонд мэдээлэл хийж,  С.Эрдэнийн үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлээд эмчилгээний зардлыг “Эрдэнэс тавантолгой” ХК-иас гаргуулна гэдгийг хэллээ. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлж орны хүнийг томилсноо дуулгасан юм. Тэгвэл олон нийтийн зүгээс уг хэрэг явдлын дараа ганц хүнийг халаад асуудлыг дуусгаж болохгүй хэмээж байна. Ажилчдын эсэргүүцээд байгаа Хятадын компанид шилжүүлэх гэрээг ч мөн эргэн харах нь зүйтэй гэж үзэх хүн цөөнгүй байна. Мөн гүйцэтгэх захирал гэдэг бол гүйцэтгэх үүрэгтэй, цаана нь жинхэнэ эзэд байгаа. Тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл С.Эрдэнийн өөрийгөө шатаасан хэргийг Б.Батбилэгийг халснаар дуусгаж болохгүй гэсэн үг юм. 

Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Huurhii 2015-11-14 13:34:29
    Ene bol zasgiin gazriin shiidwereer hiigdej bui ajil batbileg bol huuheldei.erdenee argaa barj tsuhursundu l. Gehdee zorigtoi shiidemgii hun yum bn
  • Mongol 2015-11-14 12:42:24
    Iim yavdal bolson ni haramsaltai. Asuudliig shalgaj magadalya gedeg kino shig yum boloh ni ee. Jigjid said aa, ogtsor. Tegvees ner tani biten uldene.
  • Zochin 2015-11-14 05:32:29
    Hiisen uildeld ni haramsch baina gejee, udirdlaguud ni. Argaa barsandaa l iim shiideld hursen gedgiig ni oilgohiig ch husehgui baih shiv.