2016 оны төсөв батлагдлаа
УИХ-ын баасан гарагийн үдээс хойш хуралдаанаар 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөлөл, 2016 оны нэгдсэн төсвийг дагалдан өргөн барьсан хуулиудыг баталсны дараа Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийсэн юм.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Тус байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгажээ.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй, Худалдан авах ажиллагааны газар, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын албыг татан буулгахгүй болсонтой холбогдуулан урсгал зардлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж тооцсон байна.

Бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна.

Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төслөөс хасч, 79.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгажээ.Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэж байна.

Түүнчлэн байнгын хороо төсөв батлагдсантай холбогдуулан зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт тогтоолоор үүрэг өгөх нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, -Хууль зүйн сайдын багц дахь Мөрдөн байцаах албаны конторын барилгын концессын асуудлыг шийдвэрлэх, уг барилгыг Улсын нэгдүгээр эмнэлгийн амбулаторын зориулалттай барилга болгож, дуусгах хөрөнгийн талаар санал боловсруулах,

-Улсын нэгдүгээр төв эмнэлгээс санаачилсан “Нэг эмнэлэг-хоёр жигүүр” төслийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэх,

-Зам тээврийн сайдын багцын авто замын төсөвт өртгийг залруулах, нэмэгдүүлэх шаардлагатай ажлуудын асуудлыг Засгийн газар тусгайлан судалж, холбогдох шийдвэр гаргах,

-Улсын Их Хурлаас концессоор хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн төсөл, арга хэмжээг 2016 оны 1 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэх,

-Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбарын байгууллагаас бусад бүх шатны төрийн байгууллагуудын цалингийн санг 10 хувиар бууруулсантай холбогдуулан Төсвийн ерөнхийлөн захирагчид батлагдсан урсгал зардлыг төсвийн ангилал хооронд зохицуулалт хийж, өр авлага үүсгэхгүй ажиллах,

-Бодит гүйцэтгэл нь 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа боловч санхүүжилтийг 2015 онд бүрэн олгож чадаагүй төсөл арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, дүнг Монгол Улсын 2017 оны төсөвт тусгах гэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авснаар 2016 оны улсын төсвийн болон сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгав.

Ингээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг эхэлж, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдаан даргалагч Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон тус бүрээр нь санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төслийг баталлаа.   
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.