"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 42 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ.

Энэ тогтоолоор, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг хууль тогтоогч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад хуульчлахдаа Улсын дээд шүүх зөвхөн тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана гэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд хуулийг нэг мөр, зөв хэрэглэхтэй холбоотой асуудлаар гарсан саналыг үндэслэн тайлбар гаргах Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг явцууруулан хязгаарласан байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тайлбар гэсэн ойлголтыг тусад нь томьёолон хуульчилсан байх тул Улсын дээд шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргасан шийдвэр нь шууд хуулийн албан ёсны тайлбар болохоор Монгол Улсын шүхийн тухай хуульд тусгасан нь Үндсэн хуулийн үзэл баримтлал болон зохицуулалтад харшилж байна гэжээ.

Тиймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах,”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосон шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан байна.

Мөн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэжээ.

 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд, “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэсэн зэрэг, түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасны “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосон тогтоолыг Үндсэн хуулийн цэц гаргасан байна.

 Эдгээр тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг мөн дурджээ. гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.