Орон нутгийн замд хурд хэтрүүлбэл гэрийн  хаягаар нь торгуулийн хуудас илгээнэ
Урин дулаан цаг эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийн замд хурд хэтрүүлсэнээс үүдэн зам тээврийн осол хэрэг ихээр гарах болжээ. Тухайлбал, 2014 оны эхний таван сарын байдлаар манай улсад нийт 769 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 148 хүний амь эрсдэж, 486 хүн эрүүл мэндээрээ хохирсон гэх харамсалтай тоон үзүүлэлт гарсан байна. Гэхдээ эдгээр ослын дийлэнх хувь нь орон нутгийн замд хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсоноос үүдэн гарсан байх юм. Тиймээс ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлшсээс иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс өчигдөр мэдээлэл хийлээ.
 
Т.Сугаржав: Орон нутгийн замд осол их гарч байна
 
ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Сугаржав мэдээлэл хийх үеэрээ “Орон нутагт гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас хохирч амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүмүүсийн тоо их байна. Учир нь орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал болгоомжгүйгээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг шалтгааны улмаас зам тээврийн осол ихээр гаргаж байна. Түүнчлэн тээврийн хэрэгслээр зорчих жолооч нар хамгаалах бүсийг хэрэглэхгүй байгаатай холбоотой осолд өртөх магадлал нь өндөр болдог.  Мөн хөдөөгийн иргэд Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль унаж яваад зам тээврийн осол гаргаж, эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол огцом ихэсч байгаа. Зориулалтын хамгаалалтын малгай өмсч хэвшээгүйгээс болоод ослын үед амь насаа алдах, тархи болон нуруу нугасны хүнд гэмтэл авах нь цөөнгүй гарч байна” гэв.
 
Үнэхээр ч сүүлийн үед орон нутгийн замд ноцтой осол их гарч байгаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Төв аймагт ноцтой осол гарч найман иргэн амиа алдаж, таван хүн бэртсэн. Осол Төв аймгийн Баян сумын Өгөөмөр бригадын нутаг Сондуул гэдэг газарт машин мөргөлдөж, хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 80 дугаар ангийн тасгийг очиход “Honda Fit” загварын суудлын артомашин “Nissan Wingroud” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. Ослын улмаас таван иргэн хүнд гэмтсэн байсныг эмнэлэгт хүргэж, найман иргэн машины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж, цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна. Талийгаачдын дөрөв нь том хүн, үлдсэн дөрөв нь хүүхэд байсан билээ.
 
Ү.Зоригтбаатар: Хятад мотоциклийн дугуйг стандартад нийцсэн эсэхийг тогтооно
 
Сүүлийн үед малчид мотоциклиор морь малаа хариулах болсон. Энэхүү хайлшин обудтай Хятад мотоциклиудаас болж малчин залуус эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол их гарч байгаа бөгөөд бүр гамшгийн хэмжээнд очоод байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Тухайлбал, өнгөрсөн 2012 онд мотоцикльтой холбоотой 371 осол гарчээ. Үүнээс 345 нь Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклиос болсон бөгөөд өөрийн болгоомжгүйгээс болж онхолдсон 134, обуд нь хагарснаас болж 22 осол гарч байжээ. Энэхүү тоо өдөр ирэх тусам өссөөр байгаа аж.
 
Энэ талаар ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга Ү.Зоригтбаатар “Мотоциклийг хөдөөгийн иргэд унаж эдлэхдээ зориулалтын замаар явдаггүйгээс болж осолдож амь насаа алдах нь их байна гэдгийг цагдаагийхан судалж үзсэн. Гэхдээ гол шалтгаан нь Хятадад үйлдвэрлэсэн эдгээр мотоцикль нь дандаа хайлшин обудтай байдгаас болдог байх магадлалтай. Учир нь хайлшин обудтай мотоцикль зөвхөн хатуу хучилттай замд явах ёстой байдаг. Гэтэл манай хөдөөгийн иргэд уул, талаар малаа хариулахдаа унаж эдэлдэг учир хайлшин обуд нь хагарч осол гарах шалтгаан болдог. Тэгэхээр өмнө ньунадаг байсан хэрээсэн төмөртэй обудтай мотоцикль цохилтын хүчийг саармагжуулж, хагарч бутардаггүй учир иргэд осолд өртөх нь бага байсан байх магадлалтай гэж бид үзсэн. Тиймээс ЦЕГ, Механик инженерийн сургууль, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар хамтарсан ажлын хэсэг байгуулаад байна. Өөрөөр хэлбэл, Механик инженерийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтарч эдгээр мотоциклийн обудны металл хийцийн бүтцийн судалгаа явуулж байгаа юм. Тухайн хайлшин обудны гангын хатуулаг нь дэлхий нийтийн ISO стандартаас хэр доогуур төвшинд байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа” гэлээ. Тиймээс тун удахгүй ажлын хэсэг судалгааны ажлаа дуусгаад үр дүнгийн талаар иргэдэд мэдээлэл өгөх юм байна.
 
Орон нутгийн жолооч  нат торгуулийн хуудас илгээнэ
 
Орон нутгийн замд , гарч байгаа осол ихэсч байгаа ч энэ мэт шалтгаанаар албаныхан анхаарч ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газраас ажлын хэсэг байгуулаад мотоцикльтой холбоотой осол хэргийг бууруулах зорилгоор ажиллаж байгаа аж. Мөн ЦЕГ- ын даргын 2016 оны зургадугаар сарын 9-ний 416 тоот тушаалаар улсын чанартай төв замуудад цэгэн болон хөдөлгөөнт эргүүлүүдийг ажиллуулах чиглэлийг өгсөн байна. Энэхүү тушаал өнгөрсөн ням гарагаас эхлэн хэрэгжиж эхэлжээ.
 
 Тиймээс хот хоорондын хяналтгүй байгаа замуудад буюу сум суурин газруудад цэгийн шинжтэй хяналтуудыг гаргасан байна. Тиймээс иргэд аль нэг газраас нийслэл рүү гарахад замд таарах аль нэг суман дээр шалгалт хийдэг болсон гэсэн үг. Түүнчлэн эдгээр замуудад зөөврийн хөдөлгөөнт хурд хэмжигч, камерыг суурилуулж эхэлжээ. Тиймээс ямар нэгэн байдлаар нэг цэгт шалгуулаагүй өнгөр­сөн байлаа ч дараагийн шалгал­тын постод тухайн жолоочийн хурд хэтрүүлсэн мэдээлэл хүргэгдсэн байх гэнэ. Тиймээс тухайн жолооч хурд хэтрүүлэн аль нэг постод шалгуулаагүй өнгөрсөн ч дараагийн шалгалтын постод эсвэл гэртээ очиход араас нь буюу гэрийн хаягаар нь торгуулийн хуудас хүргэгдэх ажээ. 2012 онд гарсан Засгийн газрын тогтоолоор 150 км зам тутамд нэгээс доошгүй хяналтын пост ажиллуулах учиртай. Ийнхүү орон нутгийн замд зам тээврийн осол гэмтэл гарах нь ихэсч байгаа тул энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан байна.
 
Энэ талаар ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Галсанжамц хэлэхдээ “Тус тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Зам тээврийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэхүү ажлын хэсэг орон нутгийн замд төлбөр цэг, Замын цагдаагийн постуудыг нэгдсэн журмаар зохион байгуулан бариулах юм. Үүнд голдуу орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан камерын хяналтыг сайжруулах чиглэлээр ажлууд хийгдэж байгаа” гэв.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2014-06-17 04:45:42
    ТОГУУЛИЙН ХУУДАС БИЧИХ ТӨДИЙГӨӨР ХЯЗГААРЛАЖ БОЛОХГҮЙ. ЖОЛОО БАРИХ ЭРХИЙГ НЬ ХАСАЖ, ЯПОН, СОЛОНГОСЫН ХОГООС АЧИЖ ИРСЭН ТӨМӨР АВСЫГ НЬ ШУУД ХОГИЙН ЦЭГ РҮҮ АЧИХ НЬ ЗҮЙТЭЙ. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ХОГ Л ШҮҮ ДЭЭ. ИНГЭХ НЬ ХУРД ХЭТРҮҮЛДЭГ, ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛДЭГ, СОГТУУРДАГ ӨВ