Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдрийн /2015.11.11/ үдээс хойш үргэлжлэн хуралдаж Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байсан ч завсарлагын хугацааг дуусгасан хэмээн мэдэгдсэн учир хуралдаан үргэлжилж, Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

УИХ дахь МАН-ын бүлэг "Монгол цэрэг, бүтээн байгуулалт хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах 24.0 тэрбум төгрөгийг Батлан хамгаалах сайдын төсвийн багцад нэмж тусгах саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн, дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг, "Монгол цэрэг, бүтээн байгуулалт хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдсэн гээд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, энэ ажилд цэргийн алба хааж буй залуучуудыг мэргэшүүлэн, цалин олгож, орлоготой болгох ач холбогдолтой хэмээн тайлбарласан. Дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Түүнчлэн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, газар хөдлөлтийн идэвхжилт, цаашдын төлөв байдлыг нарийвчлан судлах ажлыг өргөжүүлэх, газар хөдлөлтийг бүртгэх станцын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж холбогдох салбарын сайд нарын төсвийн багцын урсгал зардлыг 783.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх санал дэмжигдсэн юм.

Мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багц дахь махны урамшууллын зардлыг 2.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Баян-Өлгий аймагт шинээр ашиглалтанд орж буй хувийн цэцэрлэгийн хувьсах зардал, орон нутгийн өмчит цэцэрлэгийн хувьсах болон тогтмол зардалд нийт 218.9 сая төгрөгийг нэмж тусгах, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багц дахь эрдэм шинжилгээний ажлын урсгал зардлыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Тусгай сургуулиудад /6 сургууль/ туслах багш ажиллуулах болон үдийн цай, хоол, эм, хичээл практикийн зардалд зориулж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцын урсгал зардлыг 1.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд олонхын дэмжлэг авлаа.

Гишүүд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас хасах, 2016 онд санхүүжих дүнг бууруулах болон нэмэгдүүлэх, зохицуулалт хийх саналуудыг санал тус бүрээр хэлэлцэн шийдвэрлэсэн.Тухайлбал, Уул, уурхайн сайдын төсвийн багцын өөрийн орлогыг 5,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, энэхүү орлогын гүйцэтгэлд үндэслэн геологи хайгуул, судалгааны зардлыг 5,000.0 сая төгрөг хүртэлх дүнгээр нэмэгдүүлэх, АСЕМ-ын чуулга уулзалтын аюулгүй байдлыг хангах үүднээс Иргэний нисэхийн ерөнхий газрын аюулгүйн тоног төхөөрөмжийн зардлыг 13,500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн дүнгээр тус газрын навигацийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтын саналууд олонхын дэмжлэг авлаа.

Энэ өдрийн хуралдаанаар төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн асуудал, Гамшиг судлалын хүрээлэнг ОБЕГ-тай нэгтгэх эсэх, Завхан аймгийн Их-Уул суманд баригдах сургуулийн барилгатай холбоотой асуудал хөндөгдсөн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд дээрх асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу чуулганы хуралдаан түр завсарлаж, Төсвийн байнгын хороо хуралдлаа. Байнгын хороо УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу асуудлыг хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулсан юм.

Төсвийн байнгын хорооны дараа чуулганы нэгдсэн хуралдаан дахин үргэлжилж зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын нэгдүгээр төв эмнэлгээс санаачилсан "Нэг эмнэлэг-хоёр жигүүр" төслийг 2016 онд хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих орлого, зардлыг 2.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Эрүүл мэндийн сайдын багцад тусгах саналыг дэмжсэн юм. Ингэснээр шинээр баригдаж буй төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилга эмнэлгийн зориулалтаар ашиглагдах хэвээр үлдэж, улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн нэг жигүүр болох юм байна.

Түүнчлэн Гамшиг судлалын хүрээлэнг Онцгой байдлын ерөнхий газарт нэгтгэхгүй байх, үүнтэй холбогдуулан 150.4 сая төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлэх, Завхан аймгийн Их-Уул суманд баригдах 640 хүүхдийн сургуулийн барилгыг барихад шаардагдах 4.5 тэрбум төгрөгийн 1.5 тэрбум төгрөгийг 2016 оны төсөвт тусгах санал олонхын дэмжлэг авлаа.
Ийнхүү санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-13 02:17:32
    14, 15 амралтын өдөр, тэгэхээр хүчээр өнөөдөр батлах байх, энэ УИХ-д юу ч хэлээд нэмэргүй, үүссэн өдрөөсөө эхлээд л хууль зөрчөө биз дээ, Цэцэд зарим нь очиж ба...
  • иргэн 2015-11-12 12:39:12
    Хэлэх ч үг алга. Баахан зардал нэмчихэж. Үнэн шийдчихсэн авилгачид юмаа.