Газраа алдаагүй ганц эмнэлэг гэгдээд байсан ЭХЭМҮТ-ийн газраас 2011 онд Баянгол эмнэлэгт өгчээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшил газарт Баянгол эмнэлгийнхэн хашаа хатгасан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг ихэд татлаа. Тиймээс бид энэ талаар сурвалжлахаар ЭХЭМҮТ-ийг зорилоо. Биднийг очиход ням гарагийн үүрээр босгосон гэх хашааг буулгасан байдалтай байсан юм. Бид энэ талаар хамгийн эхэнд ЭХЭМҮТ-ийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Н.Анандратай уулзлаа. Түүнээс үүссэн асуудлын талаар зарим зүйлийг тодрууллаа.
 
Н.Анандра: Баянгол эмнэлгийнхэн манай газарт удаа дараа халдах оролдлого хийж байсан

-ЭХЭМҮТ, Баянгол эмнэлгийн хооронд газрын маргаан үүсээд байгаа юм байна. Сүүлийн үед үүсэн нөхцөл байдлын талаар тодруулж өгнө үү? 

-Манай ЭХЭҮТ маань 87542м2 газартай. Газрын төлбөрөө улирал бүр нийслэлийн өмчийн  харилцааны газар төлдөг. Улиралд 1.450.000 төгрөг улсад тушаадаг гэсэн үг.Баянгол эмнэлгийнхний  хашаа  хатгасан энэ газар бол манай эмнэлгийн кадастрын зурагт орсон газар. Уг газар доогуур манай эмнэлгийн дулааны гол шугам явсан байгаа юм. Тиймээс бид олон жилийн турш энэ газарт ямар нэгэн барилга бариагүй, машины зогсоол ч хийгээгүй энэ чигээр нь байлгаж ирсэн. Гэтэл Баянгол эмнэлгийнхэн арваннэгдүгээр сарын 8-ны үүрийн 04:00 цагт хашаа барьсан. Ингээд манай харуул хамгаалалтынхан бидэнд мэдэгдсэн даруйд ирж тэдний хашааг буулгах арга хэмжээг бид авлаа. Ингэхдээ багагүй тэмцэл өрнөсөн.

-Баянгол эмнэлэг яг хэдий хэмжээний газарт хашаа хатгасан юм бэ? 

-Яг хэмжээг нь бол би сайн хэлж мэдэхгүй  байна. Ямар ч  байсан манай дулааны төв шугам байгаа газарт барьсан байсан. Дулааны шугам доогуур нь явж байгаа тэр газрын байшин нь жижигхэн хэдий ч доогуур нь нэлээд том зай байгаа. Тэр зайны талд нь хүртэл хашаа хатгасан байсан. 

-Баянгол эмнэлгийн удирдлагуудтай уулзаж үзэв үү , ямар тайлбар өгч байх юм? 

-Баянгол эмнэлгийнхэн бол тайлбар өгөөгүй. Ямар ч байсан Нийслэлийн Засаг дарга Мөнхбаяр гэдэг хүний гарын үсэгтэй кадастрын зураг үзүүлсэн. Тэрийгээ сайн харуулаагүй болохоор сайн мэдэхгүй байна. 

-Баянгол эмнэлэг энэ газарт өргөтгөл барих гэж байгаа юм болов уу, ямар үйл ажиллагаа явуулах юм бол та бүхэнд мэдсэн зүйл байна уу?

-Барилга барих гэж байгаа юм уу гэдгийг бол тодорхой мэдээгүй байна, бидэнд тодорхой хэлээгүй. 

–Энэ газрын маргаан өнөөдөр болсон зүйл биш шүү дээ. 2013 онд бас ийм асуудал үүсэж байсныг санаж байна? 

-Тиймээ Баянгол эмнэлгийнхний манай газрыг булаацалддаг энэ байдал бол өнөөдрийнхтэй нийлээд  гурав дахь удаагийнх нь  болж байна. Өмнө нь 2013 оны тавдугаар сард  Эрүүл мэндийн яамны барьсан бетон хашааг эвдэж, хүнд даацын ухдаг том машинууд оруулж ирж байсан. Энэ үед манай хамт олон таслан зогсоосон. Үүний дараа 2015 оны есдүгээр сард дотор талаас нь  автомашинууд ордог гарцаар элс, хайрга ачсан машинуудыг оруулж ирсэн. Өмнөх энэ оролдлогуудын үед Баянгол эмнэлгийн удирдлагууд бидэнтэй огт уулзаж байгаагүй. Гүйцэтгэгч байгууллагууд нь л бидэнтэй ингэж тэмцэлддэг. 

-Газрын энэ маргаантай асуудлаар нийслэл, дүүргийн холбогдох албаныхантай уулзаж байв уу?

-Одоогийн байдлаар манайхан нийслэлийн шуурхай албанд бол мэдэгдсэн.Ингээд Эрүүл мэнд, спортын яамандаа мэдэгдсэн байгаа. Өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт бичиг илгээж, энэ газар манай газар хэвээрээ байгаа  эсэхийг тодруулахаар ажиллаж байна. 

ЭХЭМҮТ-ийн хувьд ийм өөрийнх нь эзэмшил газар луу Баянгол эмнэлгийнхэн  үл ойлгогдох кадастрын зураг харуулаад удаа дараа халдаж байсан гэдгийг хэлж байсан юм. Гэхдээ  байдлыг таслан зогсоож газраа хамгаалж үлдэж чадаж байсан ч зарим зүйлд хүчин мөхөстөж байна гэдгээ хэлсэн. Мөн Н.Анандра мэргэжилтэн ЭХЭМҮТ-аар жилд 18 мянга орчим эх, хүүхэд үйлчлүүлж, 11 мянга гаруй эх амарждаг томоохон эмнэлэг маань газраа алдаагүй ганц эмнэлэг байсан  гэдгийг онцолж байлаа. 

Тэгвэл  улсын хэмжээний гуравдугаар шатлалын цорын ганц эмнэлгийн газарт шунаж байгаа гэгдээд буй Баянгол эмнэлгийнхний байр суурийг сонсохоор тус эмнэлгийн Мэдээлэл, маркетингийн албаны мэргэжилтэн Б.Алтан-Оргилтой ярилцлаа. 

Б.Алтан-Оргил: Бид энэ газарт буудал, ресторан барихгүй

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд танай эмнэлэг ЭХЭМҮТ-ийн хооронд газрын маргаантай асуудал үүссэн байна. Энэ талаар тодруулж өгнө үү? 

-Үүнийг яг ч газрын маргаан гэж хэлэхгүй л дээ. ЭХЭМҮТ-өөс л газрын маргаан дэгдсэн гэж харуулахаар зүйл ярьж байна л даа.  ЭХЭМҮТ-ийн албан тушаалтнууд нь нийслэлийн кадастрын албан дээр очиж энэ газар нь яг хэний газар вэ гэдгийг тодруулж авсан байна лээ. Кадастрт  бол  энэ манай газар мөн гэдэг нь баталгаажсан байгаа. Тэгэхээр газрын маргаан биш. 

-Нэгэнт танай газар мөн юм бол яагаад заавал амралтын өдрийг сонгож хашаа хатгасан юм бэ? Энэ үйлдэл нь хууль бус байж магадгүй гэж харагдаж байна гэдгийг ЭХЭМҮТ-ийнхөн хэлж байна? 

-Нэгдүгээрт энэ хавийн газар нь эрүүл мэндийн үйлчилгээ  авахаар ирсэн олон үйлчлүүлэгч орж гардаг их хөлийн газар. Тиймээс өдрийн цагаар барилгын техник хэрэгслүүд оруулж ирээд байх боломжгүй л дээ. Хоёрдугаарт гүйцэтгэгч барилгын компанийн  цаг төлөвлөлт зэргийг бол бид мэдэхгүй. Манай зүгээс хугацаагаа л  зааж өгдөг. 

-ЭХЭМҮТ энэ газрыг төрийн эзэмшил гэж хэлээд байгаа. Танай эмнэлгийн хувьд яг хэзээ кадастрт орж энэ газрыг өөрийн нэр дээр болгосон бэ? 

-Манайх 2011 онд кадастрт орж өөрийн нэр дээр болгосон. Энд нэг зүйлийг хэлэхэд ЭХЭМҮТ-ийнхөн бол  тухайн газрыг хэний газар вэ гэдгийг тогтоодог газар нь биш учир та бүхэн  холбогдох байгууллага дээр нь очоод хэний газар вэ гэдгийг судлах хэрэгтэй болов уу.

-Танайх энэ газарт  өргөтгөл барих гэж байгаа юм уу? 

-Энэ хэсэг бол эрүүл мэндийн бүс. Манайх энэ газарт буудал, ресторан барих гээгүй. Монгол улсад маш их хэрэгтэй байгаа Хүүхдийн нарийн мэргэжлийн шинжилгээ, оношлогооны төв барих гэж байгаа. Монголд нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгээгүй, зөв оношлуулж чадаагүй олон хүүхэд өнөөдөр эрүүл мэндээрээ хохирч байна шүү дээ. 

-Энэ маргаан үүсээд байгаа газар доогуур дулааны төв шугам явж байгаа гэж ЭХЭМҮТ-өөс хэлж байгаа энэ талаар? 

- Дулааны шугам дайраагүй. 

Баянгол эмнэлгийнхэн ийм байр суурийг илэрхийлсэн юм. Тиймээс манай сурвалжлах баг нийслэлийн кадастрын албыг зорьж энэ маргаан дэгдээд буй газар яг хэнийх нь эзэмшил газар болохыг тодруулсан юм. Нийслэлийн кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Нямдаваатай уулзлаа. 

Д.Нямдаваа: Маргаан үүсээд байгаа газар Баянгол эмнэлгийн нэр дээр байна

-ЭХЭМҮТ, Баянгол эмнэлгийн хооронд газрын маргаантай асуудал гарсан байна. Тухайн газар аль эмнэлгийнх нь мэдэлд байгаа вэ? 

-Өмчийн харилцааны газрын кадастрын мэдээллийн санд энэ маргаан бүхий газар нь Баянгол эмнэлгийн газар гэж байна. Нийслэлийн засаг даргын 2011 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар тоот захирамжаар Баянгол эмнэлэг 5076 м2 газрыг эзэмшдэг гэсэн байна. 

-ЭХЭМҮТ-өөс энэ газар бол төрийн өмчийн газар мөн, бид энэ газрыг түрээсэлдэг, төлбөрөө улирал бүр төлдөг гэх зүйлийг ярьж буй. Тэд бол 87542 м2 газартай гэж байсан. Энэ 5076 м2 газар нь тэдний газраас тусдаа гэсэн үг үү? 

-Ер нь бол тухайн газраас салгаж авсан газар л гэсэн үг л дээ. 2010 онд салгаж авсан. Тухайн  үед удирдлагуудынх нь хооронд газар эзэмшлийн асуудал яригдаад шийдэгдсэн байх. 

-Тухайн газрынх нь доогуур дулааны төв шугам явж байгаа гэсэн мэдээлэл байгаа? 

-Дулааны гол шугам бол явж байдаг. Яг энэ газарт нь явж байгаа эсэхийг мэдэхгүй байна. 

Бид маргаан дэгдээд буй газрын асуудлаар талуудын байр суурийг албаны эх сурвалжийн  хамт ийнхүү сонслоо. Ямартай ч  улсын хэмжээнд газраа алдаагүй ганц эмнэлэг гэгдээд байсан ЭХЭМҮТ-ийн эзэмшил газар аль хэдийн хувийн хэвшлийн мэдэлд шилжсэн нь тодорхой боллоо. Тодруулбал 2011 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн нийслэлийн Засаг даргын 293 тоот захирамжаар  тус эмнэлгийн 87542 м2 газраас 5076 м2 газрыг Баянгол эмнэлгийн мэдэлд шилжүүлсэн өгсөн байна.  Эмнэлгийн газрыг ийн дээрэмддэг байдал жилд 18 мянга орчим эх, хүүхэд хүлээн авдаг   гуравдугаар шатлалын улсын хэмжээний цор ганц эмнэлгийг тойрсонгүй. 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жо 2015-11-11 05:05:01
    2011 онд газар олгож, зөвшөөрөл өгсөн новшийг шалгаач. Анхнаасаа Эх Нялхасын Эмнэлэгийн хашаа л байсан биздээ. Манай газар гэчихжээ. Хойноос ирээд хот манайх, ...
    • Ээс цагаан  2015-11-25 21:39:35
      ЭХЭМҮТ улсын эмнэлэг мөртлөө яагаад Нийслэлийн газрын албанд мөнгө төлөөд байгааг ухаарахгүй байна. Ийм улс гэж байдагаа.