“Чингис хаан-Монголын нууц товчоо судлал” олон улсын ЭШБХ болов
“Чингис хаан-Монголын нууц товчоо судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр болж байна. Уг бага хурлыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Чингис хаан” дээд сургуультай хамтран зохион байгууллаа. Хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ, Бүгд Найрамдах Турк Улс, АНУ, Бүгд Найрамдах Польш Улсын монгол судлаач нэрт эрдэмтэд оролцож, илтгэл хэлэлцүүлэв.

Их Монгол Улсын үеийн Төрийн дуулал болох “Эртний сайхан” дуугаар ая эгшгийн мялаалга өргөн уг арга хэмжээг эхлүүллээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргааны албаны дарга Ч.Мөнхбат хуран цугларсан эрдэмтэн, судлаачдад уншиж сонсголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ “ Бидний хувьд Чингис хааны мэндэлсэн өдөр бол их хаанаараа бахархах, эцэг дээдсийнхээ гавьяа зүтгэлийг алдаршуулах өдөр юм. Тэрбээр манай гараг дээр урьд өмнө байгаагүй, хойшид ч гарахааргүй тийм том улс гүрнийг байгуулж, дэлхийн шинэ дэг журмыг тогтоож чадсан билээ.  2224 жилийн өмнө байгуулагдсан Монголын тулгар төр - Хүннү гүрнээс XIII зуунд мандсан Их Монгол Улс хүртэл, Их Монголын эзэнт гүрнээс ардчилсан Монгол Улс болтол хэдэн мянган жилийн хугацаанд бид хэдийд ч үл гээгдэх төрт ёсны зарчим, хэнд ч үл гологдох баялаг түүх, хэзээ ч үл хуучрах бичиг соёлын гайхамшигт өвийг бүтээж, төв Азийн элгэнд Монгол гэж тамгалсан юм. Үүний учир Монголыг улс, үндэстнийх нь хувьд судлан танин мэдэх гэсэн шинжлэх ухааны хэрэгцээ, сонирхол улам бүр өсөж байна" гэжээ.

Үдээс өмнөх хуралдаанд “Чингис хаан” дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар “Чингис хаан судлалын эрт, эдүгээ, ирээдүй”, тус сургуулийн зөвлөх багш, профессор Б.Балжинням “Дэлхий дахин дахь монголчуудын түүх, соёлын өв”, МУИС-ийн Түүхэн нэр судлалын төвийн захирал, доктор, профессор Э.Равдан “Монголын их гүрний эртний болон дундад эртний газрын зураг, дэлхийд тархсан газрын нэр томъёо”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Түүх, соёлын хүрээлэнгийн ажилтан Мандала “Хүйтний эртний дайны талбарын тухай шинэ сүвэгчлэл” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьж сонсгожээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.