Н.Баатарцогт: Хүүхдүүд  “Бид багш нараа сонгомооргүй байна” гэвэл  яах вэ
Боловсролын салбарт хэрэгжиж буй цөм хөтөлбөрийн шинэчлэлийн талаар Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын  газрын дарга Н.Баатар-Очиртой ярилцлаа.

-БСШУЯ-аас Дэлхийн банкны дэмжлэгээр “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг  хэрэгжүүлэхээр боллоо. Үр  өгөөж нь хэр  байх бол. Та юу гэж дүгнэж байна?

-Боловсролын салбарт тэр дундаа багшийг хөгжүүлэх чиглэлээр  олон хөтөлбөр төсөл яригддаг ч ихэнх хөтөлбөр нь цаасан дээр л үлддэг. Энэ удаагийн “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл бол санхүүжилттэйгээ шийдэгдснээрээ онцлог болж байна. Төслийн хүрээнд багшийг хөгжүүлэх тэдний арга зүйг сайжруулах, СӨБ-ыг сайжруулах, сургуулийн хөгжлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, “Авьяас” хөтөлбөрийг дэмжсэн төслүүдийг шалгаруулах ажил явагдах юм байна.

Төсөл шалгаруулна гэхээр бид “Төсөл бичээд материал худалдаж аваач” гэдэг утгаар ойлгодог байсан. Гэтэл энэ төсөл  сургалтын арга барилаа сайжруулах,  хүүхэд бүрийг хөгжүүлэхэд ямар сургалтын хэрэглэгдэхүүн хэрэгтэй байна, тухайн сургуульд ямар нэгэн багш  дутагдаж байгаа бол, эсвэл  мэргэжлийн туслалцаа үзүүлэх хүн дутагдаж байгаа бол тэр хүмүүсийг урьж авчирч сургалт хийлгэх, хүүхдэд дутагдаж байгаа шинэ сургалтын хэрэглэгдэхүүн олж авах зэрэгт чиглэгдэж байгаа нь ихээхэн онцлогтой. Энэ бол боловсролд цоо шинэ зүйл болж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд  сургуулиуд өөрийн  тавьсан  зорилгоо биелүүлэхдээ хүүхдүүдийнхээ санаа бодлыг сонсох  юм бол үр дүнд хүрнэ. Хүүхдүүдээ мэдэрч чадсан, эцэг эх  олон нийттэй хамтарч ажиллаж чадсан, төслөө хамгийн сайн бичсэн сургууль хамгийн эхэнд шалгарах юм байна гэж ойлгосон.   Нийгэм хурдтай  хувьсан өөрчлөгдөж буй учраас сургуулийг удирдаж байгаа хүмүүс хурдтай ажиллах хэрэгцээ шаардлага гарлаа.  

-Боловсролын шинэчлэлийн хүрээнд боловсруулсан  СӨБ болон бага, суурь бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр  орон даяар хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөр хөрсөн дээр хэр сайн бууж байна вэ?  

-Сургуулийн өмнөх боловсрол болон бага, суурь боловсролын цөм хөтөлбөрүүд   амжилттай хэрэгжиж байна. Өмнө нь цэцэрлэг гэхээр төдийлөн ач холбогдол өгдөггүй хүүхэд саатуулах газар мэтээр л ойлгодог байсан. Харин одоо цэцэрлэгийн насандаа хүүхдийн тархи  оюун ухаан маш мэдрэмтгий сайн хөгждөг гэдгийг СӨБ-ын цөм хөтөлбөрт тусгаж өгсөн. Энэ хөтөлбөрт тусгагдсан арга зүй технологи  амьдралд  ойр, үүнийг л хэрэгжүүлэх ёстой юм байна гэж  багш нар бүгдээрээ  үзэж байна.

Эцэг, эх цэцэрлэг рүү анхаарч, хүүхдээ цэцэрлэгт өгөх юмсан гэж уралдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын багш нарыг хөгжүүлэх олон удаагийн сургалт явагдсан. Үндсэндээ төр засаг болоод  эцэг, эхчүүд бүгдээрээ   цэцэрлэгийн насны боловсрол чухал гэдгийг ойлгож дэмжиж байгаа болохоор СӨБ-д  маш том өөрчлөлт гарна гэж бодож байна.

 Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг  хэрэгжүүлээд  хоёр жил болж байна. Багшийн хөгжлийг дэмжсэн олон сургалт зохион байгуулж байна. Сургууль зөв менежмент хийгээд хаана тэргүүн туршлага, сайн  санаачлага байна тэр зөв сайн зүйлээ түгээн дэлгэрүүлээд бие биеэсээ суралцаад явах юм бол  үр дүнд хүрэх боломжтой. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр  энэ хичээлийн жилээс хэрэгжээд явж байна. Суурийн  цөм хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан  бид 3 удаагийн сургалт зохион байгуулсны үр дүнд нэгдсэн ойлголттой  болж чадсан. Эхлээд асуудлаа зөв олж харах нь л чухал юм билээ. Манай аймгийн хувьд сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагаараа хүүхэд бүрийг хөгжүүлэх ажлыг  яаж дэмжих вэ гэдэг дээр нэлээд нарийн төлөвлөөд явж байна.  

-Одоо ахлах ангийн хөтөлбөр шинэчлэгдээд бас туршилтын шатандаа явж байна. Энэ хөтөлбөрийн шинэчлэл одоогийноос юугаараа ялгаатай юм бэ?

-Ахлах буюу бүрэн дунд боловсролын түвшинд туршилтын хөтөлбөр хэрэгжиж байна. Ахлах сургуулийн хөтөлбөр бол боловсролд чанарын өөрчлөлт хийх нөхцөл бүрдүүлсэн, сургуулийн бүтэц өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага үүсгэсэн маш сайн хөтөлбөр болж байгаа. Энэ хөтөлбөрийг хуулинд ахлах сургууль байна гэж бодож байгаад хийчихсэн юм биш. Олон улсын жишигт нийцүүлж  хийсэн хөтөлбөр. Япон, Солонгос, Фянланд зэрэг улс орнууд анхлах сургууль ямар хөтөлбөртэй байдаг юм байна гэдгийг судлаад тэрийг монгол улсынхаа бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөөнд  нийцүүлж хийсэн нь үр дүнтэй болсон.

Хөтөлбөр  шинэчлэгдснээр ахлах ангийн хүүхдүүд сонголтоо хийдэг болно. Хүүхдүүд сургуулиа сонгоно. Багшаа сонгоно. Хичээлээ сонгоно. Иймээс багш нар хүүхдэдээ гологдохгүй тулд их хичээх хэрэгтэй болж байгаа. Би таныг сонгохгүй гэвэл багш яах вэ, сургуулиа сонгохгүй гээд хүүхдүүд яваад өгвөл сургууль яах вэ, сум яах вэ. 12 жилийн сургалттай сургууль байна гээд бодож байсан чинь хүүхдүүд нь  “бид багш нараа сонгомооргүй байна” гэвэл  яах вэ. Тэгэхээр энэ бол хөгжил дуудсан, хүүхэд бүхэн бүтээлчээр асуудалд хандах боломжийг олгосон сайхан ажил болж байгаа юм. Түүнчлэн багш заасан цагийн цалингаа авдаг болно. Одоо бол яаж ч ажилласан  адилхан цалин  авч байгаа.

Энэ явдал байхгүй болно гэсэн үг.  Хөвсгөл аймгийн хувьд 10,11,12 ангитай ахлах сургууль байгуулаад явах бодлого чиглэлтэй байна. Мэдээж  эхний ээлжинд хүүхдүүдээ дагаад ирсэн багш нараа аваад явна. Ер нь бол захирал,  менежер, багш нар  бүгд сайн байх ёстой. 10,11,12 дугаар ангийн математик бодож чаддаг багш нар л тэнд байна. Зүгээр л 12-р ангид хичээл ордог зарим тоогоо бодохдоо хүүхдүүдтэйгээ адилхан байгаад байж болохгүй. Тэнд техник технологийн дэвшлийг хамгийн сайн ашиглаж чаддаг. Хамгийн цахим хэрэглэгдэхүүнийг хаанаас татаж аваад хүүхдэдээ өгч чаддаг тийм багш байх ёстой.

-Тэгэхээр муу багш шахагдаж эхлэх нь. Гэхдээ  сургуулиас багш нараа хөгжүүлэх тал дээр  анхаарна биз дээ?

-Багш нараа ингээд орхичиж болохгүй. Багшийг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон ажил одоо ч  хийгдэж л байна. Үнэндээ нэг хэсэг нь хичээгээд нэг хэсэг нь хичээхгүй байгаа. Ер нь бол хангалттай сургалт өгөгдсөн. Төр засаг багшаа их дэмждэг болсон. Тиймээс багш нараас  өөрсдөөс нь шалтгаалах зүйл их болсон. Хэн нэгэн хүн  миний мэргэжлийг дээшлүүлж өгөх юм байна гэж бодож болохгүй. Энэ өөрчлөлт бол үндсэндээ боловсролын салбар дахь оюуны ардчилалыг хийж байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдэдээ гологдохгүйн тулд “Би яах вэ” гэж багш өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.  Өрсөлдөх боломжийг хөтөлбөрөөрөө олгож байгаа нь гайхамшигтай зүйл гэж би хувьдаа харж байгаа. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.