“Алтан Дорнод Монгол” ХХК  хамгийн их  ашиглалтын лиценз эзэмшдэг
Ашигт малтмалын хэрэг эрхлэг газраас гаргасан мэдээллээр Монгол улсын нутаг дэвсгэрт хамгийн их ашиглалтын лиценз эзэмшдэг компаниудыг “Алтан Дорнод Монгол” ХХК тэргүүлж байна. Тус компанийн хувьд нийт 30 ашиглалтын лиценз эзэмшдэг байна. “Алтан Дорнод Монгол” компанийн хувьд 1995 оноос Булган аймгийн  Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт орших Баянголын гольдролын ордоос анх гараагаа эхэлж байжээ. Одоогоор Төв, Булган, Архангай, Өвөрхангай аймгуудад нийт 10,248га ашиглалтын талбайтай. Хамгийн гол ордууд нь Архангай аймгийн Цэнхэр сумын Өлзийт тээл, Өлийн гол, Төв аймгийн Заамар сумын Ар наймганы дунд хэсгийн алтны ордууд юм. 

Харин хамгийн их ашиглалтын лицензтэй компаниудын аман хүзүүнд Монголросцветмет ХК орж байна. БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд “Совмонголцветметал” нэртэйгээр анх байгуулагдсан тус компани өдгөө нийт 29 ашиглалтын лиценз эзэмшдэг байна.  Тодруулбал  Жоншны 14 орд, Алтны 7, Холимог металлын 2, Мөнгөний 2, нүүрс,Гянтболд, төмрийн тус бүр нэг орд харьяалагддаг. Баян-Өлгий, Дорноговь, Хэнтий, Булган, Баянхонгор, Дундговь, Төв, Увс аймгуудын нутагт нийт 3,859 га ашиглалтын талбай эзэмшдэг. Монголросцветмет нь Монгол Улс, ОХУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм.

Хамгийн их лицензтэй компаниудын гуравдугаарт МАК 25 линценз эзэмшдэгээрээ жагсаж байна. Энэ компани 1993 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч Монгол Улсын иргэд Б.Нямтайшир,  түүний хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар юм.Анх Төв аймгийн Заамар сумын Их Галтын шороон ордоос гараагаа эхэлж байжээ. 1998 оноос Алагтолгойн нүүрсний ордыг ашиглах болсноор уг компанийн бизнесийн хүрээ тэлж, өдгөө охин компани “Чинхуа МАК Нарийн сухайт” ХХК-ийн хамт Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт нийт 13 нүүрсний ашиглалтын лиценз эзэмшиж байна.

Энэ жагсаалтын дөрөвдүгээрт ашиглалтын 17 лиценз эзэмшдэг “Гацуурт” компани орж байна. Тус компани нь газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, барилга зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг. Гацуурт компани Сэлэнгэ, Дархан-уул, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт нийт 15 алт, Дархан, Улаанбаатарт тус бүр нэг шохойн чулуун ордны ашиглалтын лицензтэй. Нийт 9339 га ашиглалтын талбайтай. Мөн Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд хайгуулын лиценз эзэмшдэг аж.

Харин Канадын хөрөнгө оруулалттай өдгөө “Сентерра Гоулд” компанийн хувьд ашиглалтын 15 лиценз эзэмшдэгээрээ айргийн тавд багтаж байна. Уг компанийн мэдэлд алтны 14 лицензээс гадна Дархан-Уул аймгийн шохойн чулууны орд багтдаг. Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 37302 га талбай бүхий дөрвөн хайгуулын лицензтэй.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.