Азийн хөгжлийн банкнаас нийгмийн халамжид зориулан зээл авахыг дэмжлээ
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслийг Засгийн газар 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцууллаа. 

Дараа нь гишүүдийн санал асуулгаар үргэлжлэв.

Ч.Хүрэлбаатар гишүүн: 
-Нийгмийн халамжаа зээлгүйгээр явбал зүгээр байгаа юм. Одоо зээл авахаас өөр аргагүй болоод Засгийн газар энэ зээлийг оруулж ирж байгаа юм байна гэж бодъё. Одоо хөрөнгө оруулалт нь зээл, халамж нь ч зээл болж байгаа юм байна. 
Азийн хөгжлийн банкнаас авч байгаа зээл төсвийн цоорхойг нөхөхөд зориулагдана гээд Б.Болор сайд хэллээ. Үүнийгээ төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байсан уу. Үүнийг 2015 оны төсөв тооцох юм уу, 2016 оныхд тооцох юм уу. 

Б.Болор сайд:
-2016 оны төсвийг оруулж ирэхдээ Засгийн газар тодорхой хэмжээгээр өөрчлөлт хийж, төслийг оруулж ирсэн. Өнөөдөр байгаа бодит дүнгээ оруулж ирсэн. Та нэмэгдлээ гэж байна. Орон тоо бүтэцтэй холбоотойгоор энэ тоог оруулж ирсэн байсан. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжихгүй гэсэн учир энэ тоо нэмэгдэж орж ирсэн.

О.Баасанхүү гишүүн:
-Нэг талаараа дэмжиж байна. Азийн хөгжлийн банкны хүү нэг талаасаа бага байдаг. Хүү нь гурван хувьтай байдаг байх аа. Нөгөө талаасаа халамжийн бодлогоо багасгамаар байна. Багасгана гэдэг маань механикаар биш. Ард түмнээ яаж баяжуулах вэ, дундаж орлоготой иргэдийг нэмэгдүүлэх байдлаар энэ бодлогоо багасгамаар байна.Өнөөдөр иргэд тосоо граммлаж, талхаа хувааж авч байна. Нүүрсээ ч авч чадахаа байлаа гэж байна. Бараг л картын бараанд орох нь. Хаа сайгүй л ядуучууд нэмэгдэж байна. Одоо зээлийг нэг удаа аваад зогсоох юм уу, цаашид үргэлжлүүлэн аваад байх юм уу. Энэ удаа л төсвөө нөхөх байдлаар авах юм уу, цаашид авахгүй гэж бодож байна уу.
Өрийн босго хэд болж байна вэ. Энэ чинь өр. Нэмэгдээд л явна. Өрийн босго өссөн үү.
2017 онд чингис бондын өрөө төлж эхэлнэ. Үүнийг төлөх боломжтой юу.

Б.Болор сайд:
-Өрийн таазын хувьд, УИХ-аар баталсан өрийн тааз 58,3 хувьтай байгаа. Бид УИХ-ын хүрээнд ажиллана. Ирэх жил өрийн хязгаар багасаж 55 болно. Үүнд багтахаар төсвийг оруулж ирсэн. 2016 оны төсөв орж ирэхдээ өрийн хамгийн том асуудал бол дотоодын бондоор төсвийн алдагдлаа нөхөж ирсэний үр дагавар байгаа шүү дээ. 
Энэ зээлийн хувьд бид халамжийн улс гэж яриад байгаа ч гэсэн халамжийг бууруулахыг бодлогоор багасгах зорилгоор авна.

Ийнхүү гишүүд  асуулт асуусны дараа хуулийн төслийг соёрхон батлах эсэхээр санал хураахад нийт 59 гишүүнээс 49 нь зөвшөөрч 83,1 хувийн саналаар соёрхон баталлаа.

Эдийн засгийн хүндрэлийн үеэр нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг хүссэн. Уг хүсэлтийн дагуу Азийн хөгжлийн банк “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд  санхүүжилтийг 2015-2016 онуудад бодлогын матрицын хэрэгжилтэд үндэслэн олгох ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.