В.Мөнхтайван: Газар зарсан үгүйг Р.Бурмаа сайд бус хууль хяналтын байгууллага тогтооно шүү дээ

Дорнод аймгийн Халх гол сумд чөлөөт бүс байгуулах асуудал ихээхэн маргаан дагуулаад байгаа билээ. Тус бүсийг байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолыг нутгийн иргэд эсэргүүцэж буй. Иймээс тус нутгийн иргэд ХХАА-ын сайд Р.Бурмааг ирэхэд уулзахаас татгалзаад явуулсан. Үүнээс болсон уу Салбарын сайд нь тус нутгийн удирдлагуудын хууль бусаар газар зарсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт өгөөд байгаа билээ.

Р.Бурмаа сайд “Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай “Хансолмо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгчээ. Ердөө Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, тэргүүлэгч Л.Энхтөр, Д.Дулмаа, Ч.Дүдлийнамжил, М.Уртнасан нар энэхүү шийдвэрийг гаргачихсан байсан. Түүнчлэн хурлын тэмдэглэлээс харахад “Халх голын ялалтын ойн өдрийг тохиолдуулаад Засаг даргаар тогтоол гаргуулъя, цаашид гэрээгээ тав, 10 жилээр сунгаж ажиллахад татгалзах зүйлгүй” хэмээж газар эзэмшүүлэх эрхийг тухайн өдөр нь гаргаж өгсөн байсан хэмээн мэдээлсэн билээ. Гэвч энэхүү хууль бус шийдвэр нь 2011 онд илэрч ИТХ-ын даргаар Н.Буяндэлгэр томилогдож тус хууль бус шийдвэрийг цуцалжээ. Гэвч Солонгосчууд 25966 га талбайг ашиглах эрхийг “Үйзэн тал”, “Цог Октаэрд”, “Ашдын нөхөр” гэсэн гурван компанид шилжүүлсэн байгаа юм. Холбогдох байгууллагын шалгалтаар эдгээр компаниуд нь ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байсан. Түүнчлэн газар эзэмших эрх авсан компаниуд хэдхэн хоногийн дараа эрхээ өөр компаниудад шилжүүлсэн байна. Тодруулбал, “Үйзэн тал” компани 14232 га талбайгаа “Голденсояа”, “Нью-Ариг-Ус” компанид хуваан худалдсан. Цог Октаэрд компани нь 6917 га талбайн эзэмших эрхээ “Хожуулын эх” компанид тус тус дамлан худалдсан.

Газар эзэмших эрх цуцлах тогтоол гарсны дараахан компани хооронд газар эзэмших эрх шилжсэн байгаа нь багагүй хэмжээний мөнгөтэй холбогдох газрын наймаа байсан уу гэж хардахад хүргэсэн. Халх гол дахь газрын наймаа үүгээр эцэслэгдсэнгүй.

Дорнод аймгийн Халх гол сумын одоогийн Засаг дарга В.Мөнхтайван Хадлангийн талбай түрээслэх нэрийдлээр 6000 гаруй га талбайг хууль бусаар эзэмшүүлсэн Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид 1621 га талбайг “Үйзэн тал” компанид эхлээд долоон мянга, сүүлд 14 мянга га талбайг эзэмшүүлжсэн. Энэ мэт тус аймгийн нутгийн удирдлагууд газар нутгаа хууль бусаар зарж, худалдсан хууль бус үйлдлийг АТГ шалгуулахаар өгсөн юм.

Тэгвэл  Халх гол сумын одоогийн удирдлага сумын Засаг дарга В.Мөнхтайвантай уулзаж, энэ бүх асуудалд хариулт авлаа.

-Нутгийн иргэд чөлөөт бүс байгуулах УИХ-ын тогтоолыг яг ямар учраас эсэргүүцээд байна вэ. Засаг даргын хувиар хариулт өгнө үү?

-Халх голын 500 мянган га талбайд чөлөөт бүс байгуулах талаар нутаг орны иргэдийн санал хүсэлтийг авалгүйгээр шийдвэрлэсэн. Хэрвээ нутаг орны иргэдийн 3000 гаруй иргэдийн санал хүсэлтийг сонссон бол ийм зүйл болохгүй ч байсан юм бил үү. Хүчээр түрэмгийлээд байгааг иргэд эсэргүүцэж байна.

-Р.Бурмаа сайд таныг болон өмнөх Засаг дарга ИТХ-ын төлөөлөгч нарыг АТГ-т өгөөд байгаа. Газрын хууль бус наймаа үнэхээр хийгдсэн юм уу?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Р.Бурмаа сайд намайг хууль бус наймаа хийсэн хэмээн гүтгэлээ. 30 мянган га газрыг Солонгосчуудад зарсан гэж гүтгэж байна. Би бол 2013 оны  нэгдүгээр сарын 9-нд Халх гол сумын засаг даргын албан тушаалд томилогдсон. 2009-2013 онд болсон газрын тухай асуудлыг одоогийн удирдлага миний биетэй холбон ярьж байна. Энэ бол надтай хамаагүй. Энэ бол гүтгэлэг. Үүнээс болоод нутгийн иргэд, нутгийн удирдлагуудыг хооронд нь хагаралдуулсан. Харин тэр зарсан гээд байгаа захирамжийг нь Мэргэжлийн хяналтын газраас ирсэн үндэслэл  Аймгийн Засаг даргын өгсөн чиглэлээр өчигдөр буюу энэ сарын 6-нд цуцалсан.

-Бас "Соёмбо буудай” компанитай холбоотой асуудалд таныг буруутгасан шүү дээ?

-Хятадын хөрөнгө оруулалттай компанид газар зарсан гэж ярьж байгаа. Дандаа зарсан гэж ярьж байгаа ш дээ. “Соёмбо буудай” компани нь 2013 онд Монгол улсын хуулийн дагуу хоёр аж ахуй нэгж хүсэлтээ гаргаад нөгөө аж ахуйд шилжүүлсэн. Шилжүүлэх эрхийг нь Засаг дарга баталгаажуулсан. Үүнийг л мөнгөтэй хүнд зарчихсан мэтээр ярьж байна.

-Хадлангийн талбайг зарсан гэх асуудалд тайлбар өгөөч?

-Хадлангийн талбайг бас зарсан гэж байна. Хадлангийн талбайг энэ жил хүнд жил гарна. Төвийн болон баруун бүсийн нутагт гандуу байгаа тул Дорнод, Сүхбаатар аймагт хадлан бэлтгэ гэсэн чиглэл ирсэн. Түүний дагуу сумын ИТХ хуралдаад 150 мянган га-д хадлан хадах тухай шийдвэрийг гаргасан. Үүний дагуу би хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд 7-10 дугаар сард хадлан бэлтгэх, ашиглах зөвшөөрлийг нь олгосон. Гурав,  дөрвөн аж ахуй нэгж байгаа. 5-19 жилийн хугацаатай олгосон байна. Үүнийг яагаад буруутгаад байгаа юм. Тэд дандаа манайд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд байна. Тэр үйлдвэр гэхэд л өнгөрсөн хоёрдугаар сард байгуулагдсан. Тэр аж ахуй нэгжүүд маань тэжээлийн үйлдвэр байгуулсан байна. Халх голд аюулгүй байдал чухал. 2013 онд зуд болсныг та бүхэн мэдэж байгаа.  Манай халх гол нутгийн малын тал нь тэр зудад нэрвэгдсэн. Хохирол нь 10 гаруй тэрбум төгрөг болж байсан.  Тэр үед өвс тэжээлээ хажуугийн Түмэнцогт сумаас авч байсан. Харин одоо ийм байдал гаргахгүйн тулд сумандаа аюулгүй байдлыг бий болгох үүднээс тухайн хүсэлт гаргасан аж ахуй нэгжүүд хадлангийн чиглэлээр 150 мянган га-г ашиглуулахаар болсон. Энэ талбайг зөвхөн 7-10 дугаар сарын хооронд л эзэмшүүлж, ашиглуулж байгаа. Гэтэл ХХАА-н сайд Р.Бурмаа зарсан гээд ярьж байна. Энэ бол сайд хүний амнаас гарах ёсгүй үг.

Манайд одоо тэжээлийн үйлдвэр ашиглалтад ороод явж байна. 20-30 мянган тонн хадлан бэлтгээд Улаанбаатар хотруу тээвэрлэхээр ажил эхэлчихээд  байна. Тэгэхээр миний хувьд газар зарна гэсэн зүйл огтоос байхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага нь тогтоох байх.

-АТГ-аас танд ямар нэгэн албан бичиг ирсэн үү?

-Одоогоор ирээгүй байна. Шалгах ёстой газар нь шалгаг л гэж бодож байна. Хадлангийн талбайг зарсан гээд байгаа ш дээ. Түүнийг сайд нь бус хууль хяналтын байгууллага л тогтооно шүү дээ. Би бол газрыг ашиглуулсан.

-Газар ашиглах зөвшөөрлийг хэдий хугацаанд судалж, тэрхүү зөвшөөрлийг олгодог юм бэ?

-Хүсэлт ирнэ. Түүнийг судлаад газар зохион байгуулах төлөвлөгөөний дагуу газар эзэмших зөвшөөрлийг нь олгодог. Үүнд цаг хугацаа нэг их орохгүй.

-2009 онд “Хансолмо” гэсэн компанитай холбоотой асуудалд сумын ИТХ, Засаг дарга нь нэг өдөр зөвшөөрч гарын үсэг зурсан байсан?

-Энэ бол надаас өмнөх асуудал. Одоо энэ гэрээ цуцлагдсан байгаа.

-Халхгол суманд газар ашиглах хүсэлт хэр ирдэг вэ?

-Энэ жилийн хувьд манай суманд хадлангийн чиглэлээр газар ашиглах хүсэлт ирсэн. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр төвийн бүсийн гантай холбоотой. Халх гол суманд зуншлага сайхан байсан. 150 мянган га-д хадлан бэлтгэхээс  зарим аж ахуй нэгжүүд зөвшөөрлөө аваад гэрээгээ хийсэн. Зарим нь гараагаа хийгээгүй байна. ААН-үүдтэй хадлан бэлтгэх зөвшөөрлийг өгч гэрээ байгуулснаар 55 сая төгрөг орон нутагт төвлөрөөд байна.

-Энэхүү мөнгийг аймаг, сумын аль санд нь ооуулж байна вэ?

-Сумд бол 8 сая нь төвлөрсөн бусад нь аймгийн санд төвлөж байгаа. Хадлан бэлтгэснээр 96 хүн ажлын байраар хангагдсан. Тэжээлийн үйлдвэр ашиглалтад орсноор 40-50 хүн ажлын байртай болно.

-Халх гол сум хичнээн хүн амтай вэ?

-3025 хүн амтай.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.