75-р тогтоолыг хүчингүй болгох 2 арга бий

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч М.Ариунболд, Зам тээврийн яамны Хөгжлийн төвийн Материал шинжилгээний лабораторийн  эрхлэгч Д.Мөнхтүвшин зэрэг албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа. Тус ажлын хэсгийн зорилго Халх голд чөлөөт бсүийн асуудлаар нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонсох уулзалт хэлэлцүүлэх хийх улмаар тэдний гаргасан санаа санаачилгыг Засгийн газар, УИХ-д хүргүүлэх юм. 

Ажлын хэсэг эхний өдөр Дорнод аймгийн төвд ажилласан бол дараагийн өдөр Халх гол сум болон тус сумын Ялалт багт ажилласан юм. Ялалт багийн хувьд Халх гол чөлөөт бүс байгуулахад тус багийн газар нутаг тэр чигээрээ Чөлөөт бүсэд харъяалагдах юм. Иймээс тус багийн иргэд уг тогтоолыг хамгийн ихээр эсэргүүцэж байгаа юм. Ажлын хэсгийнхнийг очиход нутгийн иргэд хүлээж ядсан байдалтай байлаа. Мөн уулзалт хийх танхимуудад УИХ-ын 75 дугаар тогтоолыг цуцлахыг шаардсан бичгийг хаа сайгүй наасан байв. Иргэд нь маш их бухимдалтай, уулзалт бүрийг бичиж, ажлын хэсгийнхний хэлсэн үг бүрийг нутгийн иргэд видео бичлэг хийн тэмдэглэж авч байсныг нуух юун.

Дорнод аймагт хийсэн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлэхдээ "Өргөдлийн байнгын хорооны шугамаар та бүгдтэйгээ 3 дахь удаагаа уулзаж байна.  УИХ-ын 75 дугаар тогтоол нь маш их шүүмж дагуулж байгаа учир газар дээр нь шалгахаар ирлээ. Бидэнтэй Зам тээврийн яамны төлөөлөл хамт явж байна. Петро Чайна дайчин тамсаг компанийнхан анх гэрээ байгуулахдаа Монголд зам барих тухай гэрээндээ заасан. Гэсэн ч энэ гэрээ байгуулагдсанаас хойш 25 жил өнгөрч байхад гэрээний биелэлт тун хангалтгүй, замаа тавиагүй байна. Иймээс уг замыг ямар явцтай байгааг  шалгахаар Зам тээврийн яамны төлөөлөл ирлээ. Мөн та бүгдийн асуултад хариулахаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч М.Ариунболд болон бусад мэргэжилтэнгүүд ирсэн юм” хэмээн тайлбарлалаа. 
/Дорнод аймагт болсон уулзалтын үеэр энэ иргэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс гэр гуйлаа/
 
О.Баасанхүү: УИХ-ын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгох хоёр арга бий
-Та бүгдийн явуулсан 1650 хүний өргөдлийг Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулсан. Хуулиараа хоёр байнгын хороо зэрэгцэж үйл ажиллагаа явуулж болохгүй учраас Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо энэ асуудлыг авч хэлэлцэж байгаа. 
Өмнө нь таван гишүүн Дорнод аймагт ирж ажиллах тухайн асуудалд хэлэхэд,гишүүд нутаг руу нь явах тухай шийдвэр есдүгээр сарын 15-наар  гарч байсан. Гэвч гишүүдийн зүгээс ээлжит бус чуулган болон өршөөлийн хууль гээд бусад хүчин зүйлээс хамаараад очиж чадаагүй ээ. Иймээс  Р. Бурмаа сайдад “УИХ-ын гишүүнийхээ зүгээс сайдынхаа хувьд иргэдтэй очиж уулз. Ямар хууль журам гарсан, юу хийх ёстой вэ.  Энэ нь зөв үү, буруу юу гэдгийг ярилц гээд Халх гол сум руу явах шийдвэрийг сайдад өгсөн. Харамсалтай нь нутгийн иргэд Р.Бурмаа сайдтай уулзахгүй гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Миний зүгээс хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт 76 дугаар тогтоол бол УИХ-ын тогтоол. Энэ тогтоолыг хүчингүй болгох хоёр арга бий. Нэг нь Үндсэн хуулийн цэцэд өгөх. Нөгөө нь УИХ өөрөө тогтоолоо хүчингүй болгох. 

Нэг зүйлийг онцлоход УИХ-ын тогтоолыг засгийн газрын сайд хүчингүй болгодоггүй юм. Засгийн газар хүчингүй болгож чадахгүй хууль нь тийм. Засгийн газрын ямар ч сайд байсан УИХ-ын ямарваа тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр бурмаа сайдад буруу байхгүй. Хэрвээ үүнийг хүчингүй болгох ёстой гэж байгаа бол УИХ энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болно. 

Р.Болорчулуун, Н.Номтойбаяр гэсэн гишүүд энэ тогтоолын төслийг өөрчлөх тогтоолын төсөл санаачлаад Засгийн газраас дэмжлэх авах гээд явж байгаа гэж дуулсан. Тогтоолын төслийг нь харсан. Тэгэхээр бид иргэдээсээ 75 дугаар тогтоолыг өөрчлөх ёстой юу, эсвэл тогтоолыг бүр хүчингүй болгох ёстой юу гэдэг талаар ярилцъя.
Уг тогтоолыг яагаад хүчингүй болгох ёстой вэ гэдгийг та бүгдээс сонсох ёстой гэсэн юм.

Халхголд чөлөөт бүс байгуулах төсөл 2009 оноос эхлэлтэй 
Халхгол суманд хийсэн уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч М.Ариунболд нутгийн иргэдэд чөлөөт бүс байгуулах болсон шалтгааны талаар нэлээд сайн тайлбарласан.

/Эдгээр зургуудыг Халх гол суманд хийсэн уулзалтын үеэр авав.
Иргэд 75 дугаар тогтоолыг эсэргүүуж байгаа нь.
Нутгийн иргэд уг тогтоолын талаар тийм ч хангалттай мэдээлэлгүй байсан юм/

 
Тэрээр 2009 онд анх Халх гол төсөл байгуулагдахад төслийн нэгжийн техник технологи хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ. Мөн Атрын гуравдугаар аяны хүрээнд халхын нутгийг газар тариалангийн чиглэлээр ашиглах тухай яриа гарч, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарахад мөн л нутгийн иргэдтэй уүлзаж байсан нэгэн ажээ. 

Тэрээр хэлсэн үгэндээ “Халх голын бүс нутгийг чөлөөт бүсийн чиглэлээр хөгжүүлэх асуудал өнөөдөр маргаантай байгаа. Энэ бол зөвхөн өнөөдрийн ажил биш үеийн үед явж байсан. Тухайн үед энэ төслийн нэгжийг байгуулаад Атрын гуравдугаар аяны хүрээнд Халх голд тариалангийн бүс байгуулах тухай яригдахад “2000 га газрыг гаднынханд өгөх гэж байна. Солонгосчуудад газраа өгөх гэж байна. Р.Бурмаа, Ерөнхийлөгчтэй нийлээд гадныханд газрыг маань өгөх гэж байна. Үүнийгээ таслан зогсоо гэсэн эсэргүүцэл явагдаж байхад би бас энд ирээд та бүгдтэйгээ уулзаж байсан. Энэ газрыг нутгийг гадны хэнд ч өгөхгүй. Тухайн үед  12 сангийн аж ахуйг байгуулж, барга хонь үржүүлэх, газар тариалангийн чиглэлээр ашиглахаар  ТЭЗҮ батлагдаж байсан. Гэтэл энэ ажлын хүрээнд хоёр сангийн аж ахуй л байгуулагдсан. Бусад нь газар дээрээ юм хийгээгүй. Иймээс үлдсэн талбайг хурааж авах үүргийг тухайн үеийн сумын Засаг дарга Сүхбаатарт өгч байсан. 

Уул нь нийт 41 000 га газрыг эргэлтэд оруулъя гээд 2011 онд 12 мянган га газрыг эргэлтэд оруулаад жилдээ 4-5 мянган га-д нь тариалалт хийхээр болж байсан. Энэ бүхнийг судлаад үзсэний үндсэн дээр бидний өнөөдөр хэрэглэж байгаа техник технологийн түвшин бидний мэдлэг шинжлэх ухаанд суурилсан тооцооллоор 70 000 га -гаас хэтрүүлэхгүйгээр ашиглах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүнээс илүү байж болохгүй гэж. 

Өнөөдөр 75 дугаар тогтоолыг эсэргүүцэх нь та бүгдийн бүрэн эрхийн асуудал. Харамлах, хардах зүйл байлгүй яах вэ. Өнөөдөр төрийн явуулж үйл хэрэгт иргэд нь итгэхээ байчихсан байна. Зөв бурууд нь үгээ хэлдэг болчихсон.  
Энэ 75 дугаар тогтоол гарснаас Засгийн газарт хоёр үүрэг өгөгдсөн.
Нэгт, уг тогтоолыг хэрэгжүүлэх тухай журмыг гаргах. Тэрхүү журмыг гаргахыг ард иргэдтэйгээ хэлэлцэж гаргах ёстой. 
Хоёрт, ямар техник технологийг ямар үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглахыг бас хамтдаа хэлэлцээд Засгийн газраар батлуулах ёстой гэсэн юм. 
Халхгол суманд “Халхгол төсөл” нэртэй 200 га газар хөдөө аж ахуйн загвар аж ахуй 2010 онд байгуулагдан амжилттай хэрэгжиж байгаа талаар ХААЯ-ны мэргэжилтнүүд танилцуулж байв. 



Дорнод аймгийн 6-р багийн иргэн н.Баатарчулуун:
-Дорнод аймгийг тойроод тэр 500 000 га талбайгаас ч их газар зарагдчихлаад байна. Сумын засаг дарга, аймгийн Засаг дарга нарын буруутай үйлдлээс болоод. Орон нутгийн удирдах албан тушаалтан Засаг дарга нарыг яаж сонгодог юм бэ. Дорнод аймгийн хувьд сүүлийн 15 жилийн турш Засаг дарга нар нь юу ч хийгээгүй. Гишүүд нь нутгаа гэсэн сэтгэл байхгүй. Аймаг орон нутгийн иргэд хохирч байна. Газар усны баялаг үгүй болж байна гэсэн юм. 

Иргэн Ц.Насанхүү УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

Харин Халх гол суманд хийсэн уулзалтын үеэр тус сумын нэгдүгээр багийн иргэн буюу өмнө нь сумынхаа ИТХ-ын даргын албыг хашиж байсан Ц.Насанхүү УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. Тэрээр “Халх гол сумынхаа нийт иргэдийн өмнөөс УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлж байна.  УИХ-ын 2016 оны 7 сарын 9-ны өдөр гарсан 75 дугаар тогтоол нь үндэсний аюулгүй байдал, Монгол улсын эрх ашиг нутгийн иргэдийн чөлөөтэй зорчих эрх, халдашгүй дархан байх эрхэд ноцтой халдсан шийдвэр гэж  нутгийн иргэд үзэж байна. Иймээс уг тогтоолыг гаргахад санал өгсөн гишүүд хийгээд байнгын хороо болон чуулганы хуралдааны тэмдэгдэл,  тус бүсийг байгуулах бизнес төлөвлөгөө, ТЭЗҮ зэргийг ард түмэнд ил тодоор мэдээлэхийг шаардаж байна. 
Тус бүсийг байгуулахдаа байгаль орчыг давхар хамгаалан аварна гэж байна. Энэ талаар салбарын сайд нь өөрөө ирж тайлбар хийхийг шаардаж байна.  Иргэдийн эргэлзээг арилгах, 75 дугаар тогтоолоо  цуцлахыг шаардаж байна гэсэн юм. 


/Ялалт багийн иргэдтэй уулзалт хийж байгаа нь/
 
Уулзалт ярилцлагын үеэр иргэдийн хамгийн их асууж байсан асуулт бол Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг яагаад заавал Халх гол сумын нутагт байгуулах гээд байна вэ, мөн чөлөөт бүс гэсэн нэршлээс өөр байдлаар ашглаж болохгүй юу, Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг яагаад заавал 500 мянган га талбайд байгуулах гээд байгаа юм бэ. Энэ талбайг багасгаж, эсвэл 100, 200 мянга болгож болдоггүй юм уу гэсэн асуултуудыг очсон газар бүр тавьж байлаа.
Харин ажлын хэсгээс Халхгол чөлөөт бүсийг нийт 500 мянган га талбайд байгуулахаар тогтоолын төсөлд тусгасан ч ашиглах талбайн хувьд бүгдийг ашиглахгүй гэдгийг хэлж байлаа. Тэдний ооцоолсноор 70 мянган га талбайг ашиглах боломжтойг хэлж байсан юм. Харин иргэд итгэхгүй байлаа.

75 дугаар тогтоолыг цуцалснаар гарах үр дагаврыг бодолцвол
Халхгол чөлөөт бүсийн нийт талбайг 500 мянган га болгосны учир нь өнөөдөр Хятадын Засгийн газрын оролцоотой Петро дайчин тамсаг компани нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт 19, 21 гэсэн нийт 1 сая 100 гаруй га талбай бүхий хоёр хэсэг газраас газрын тос олборлож байгаа. Гэхдээ гэрээ хийхдээ анх дээрх хоёр талбай дээр нэмээд 22 дугаар талбай буюу 700 гаруй мянган га талбайгаас газрын тос олборлохоор гэрээ байгуулсан ч тус компанийнхан 22 дугаар талбайгаа "газрын тосны олборлолт муу" гэдэг шалтгаанаар Монгол улсад эргүүлэн өгсөн юм байна. Гэтэл 19, 21 дугаар талбайн газрын тосны олдоц муудаж байна гэсэн шалтгаанаао тус компани 22 дугаар талбайг буцаан авах асуудлыг Монгол улсад тавиад эхэлсэн гэнэ. Хэрэв 22 дугаар талбайд тус компани газрын тос олборлох эрхийг авчих юм бол  Монголын нутгийн 2 сая орчим газар буюу асар их хэмжээний газар нутаг тус компанийн эзэмшилд шилжиж, нөгөө л монголчуудад үр өгөөжгүй газрын тосны олборлолт үргэлжлэх аюултай юм.
/Газрын тос олборлодог Петро Дайчин тамсаг компанийн 19 дүгээр талбайн хэсэг/
Иймээс 22 дугаар талбайг Хятадын Петро чайна компанид алдахгүй байх хамгийн зөв арга бол тус талбайн талыг ч болтугай Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах нэрийдлээр авч үлдэх арга юм. Тэгэхээр Халх голд чөлөөт бүс байгуулагдвал газрын тос бүхий 22 дугаар талбайн тал болох 300 гаруй мянган га талбайг тэр чигээр нь авч үлдэж чадах юм. Хэрэв чөлөөт бүс байгуулах тогтоол цуцлагдвал тэр их газар нутаг нөгөө л Петро чайна компанийн мэдэлд шилжих аюул нүүрлэх ажээ. Иймээс газрын доорх баялгаа үрж, гаднынханд алдах уу, газар дээр бүс байгуулж, газар тариалан эрхлэх үү гэдэг сонголт Дорнодчуудад үлдэж байна. Иймээс Монголын ард түмэн маш зөв шийдвэрийг гаргаж, УИХ-ын эл тогтоолыг цуцалснаар гарах үр дагаврыг ч бас бодолцож үзэх хэрэгтэй гэдэг нь уулзалтуудаас харагдаж байлаа. Энэ талаар нутгийн иргэд ч өөрсдийн гэсэн ойлголттой болсон биз ээ. 
Г.Уянга
olloo.mn