Тэднийг дахин яллах хэрэггүй
Хоригдлууд суллагдаж эхэллээ гэсэн мэдээ нийгэм даяар айдас түгшүүр төрүүллээ гэх утгатай мэдээ өнгөрсөн хоногуудад нэлээд цацагдлаа.УИХ-аар соёрхон баталсан өршөөлийн хууль, төрийн хишгийг сэтгэл зүрхнээсээ хүртэж чадвал тэдгээр хоригдол нэртэй хүмүүс нэр төрөө сэргээх, өөрийнхөө хийж бүтээх их хүслээ гүйцэлдүүлэх алтан боломж юм.  

Гэтэл нийгэм өөрөө эдгээр хүмүүсийг тусгаарлаж тэдэнд алдаагаа  залруулах боломж олгохгүй байгаа нь тэднийг дахин яллаж байгаа юм. Үнэндээ тэдний дунд  хилс хэргээр гүтгэгдсэн, гэнэ цайлган зангаасаа болсон, санамсар болгоомжгүйгээсээ болж алдсан гэх мэт олон хүчин зүйлээс болж алдсан хүмүүс бий. Тэгээд ч энэ удаагийн өршөөлийн хуульд онц хүнд гэмт хэрэгтнийг өршөөхгүй байхаар тусгасан. Тиймээс нийгэм даяараа тэдгээр хүмүүсийг ад шоо үзэх шаардлага үгүй болов уу. 

Ямартай ч 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш зургаа дахь удаагаа өршөөл үзүүлж, хөнгөн хэрэгтнүүд эрхээ сэргээгдэх, хорих болон баривчлах ялаар шийтгүүлсэн этгээдүүд суллагдаж байгаа юм. Судалгаагаар өршөөлөөр суллагдсан хоригдлуудын 90 хувь нийгэмшиж чаддаг гэсэн тоо гарсан. Харин үлдсэн арван хувь нь эргээд өргөст торны цаана суудаг аж. Иймд энэ удаагийн өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийг  эргээд гэмт хэрэгт холбогдохгүй байх талаас нь холбогдох албаныхан болоод хууль хяналтынхан анхаарч ажиллах нь зүйтэй болов уу. 

Улсын хэмжээнд хорих, тэнсэх, ял хойшлогдсон, торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, эрх хасах ялтай 13375 хүн байгаа аж. Тэднээс хорих, баривчлах ял эдэлж байгаа 6635 хүн байна. Эдгээрээс 35.9 хувь буюу 2383 нь өршөөлд хамрагдах бол бүрэн чөлөөлөгдөх нь 1702 юм.Учир нь үлдсэн ялтнууд нь хоёр жилээр хорих ялаа хөнгөлүүлж өршөөгдөж байгаа юм. Мөн цагдаагийн байгууллагын хяналтанд ял хойшлогдсон 5373 иргэнээс 4498 нь буюу 83,7 хувь нь өршөөгдөж байгаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдлийн 1367 ялтнаас 1259 нь өршөөгдсөн юм. 

Эдгээр хүмүүс эрхээ хязгаарлуулсан болохоос бидний л адил хүн шүү дээ. Иймд алдаж оносон нэгнийгээ дахин дахин ингэж адлах нь энэ хүмүүсийг эргээд гэмт хэрэг хийх нөхцөл рүү түлхэж ч байж мэдэх юм. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.