Шилэн дансны "шилэн төрх"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс дүгнэлт гарган, түүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулсан билээ. Дээрх мэдээлэл болон дүгнэлтийг тоймлон хүргэж байна.
 
Ч.Сайханбилэг: Төсвийн хэрэгжилтэд иргэд хяналт тавих нөхцөлийг бий болгосон
 
“Шилэн дансны тухай хууль’’-ийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Ерөнхий сайд хэлэхдээ “Шилэн дансны тухай хуулийн дагуу холбогдох мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлснээр төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн хэрэгжилтэд иргэдээс хяналт тавих нөхцөлийг бий болгож байгаа нь уг хуулийн үндсэн зорилт хэрэгжиж эхэлж байна гэж хэлж болно.” гэсэн юм.
 
Монгол Улсын Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхээр Зохион байгуулалт, Хэрэгжилт, Мониторинг, хяналт шалгалт гэсэн үндсэн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа аж. Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбоотойгоор Засгийн газрын 2014 оны 384 дүгээр тогтоолоор “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам” батлуулан хэрэгжүүлж, журмыг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээлэл арга зүйгээр ханган ажиллахын тулд яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүрэг зэрэг төв болон орон нутгийн төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн бус байгууллагын нийт 10000 орчим албан хаагчдад 82 удаагийн сургалтыг зохион байгуулсан.
 
Ерөнхийлөгчийн тамгийн газартай хамтран тавдугаар сарын 14-нд нийт 1000 гаруй төсвийн байгууллагын төлөөллийг оролцуулан хуулийн хэрэгжилтийн явц цаашид анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Засгийн газрын хоёр удаагийн хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн эхний хоёр cap болон хагас жилийн байдлаар гаргасан дүнг хэлэлцэж, холбогдох үүрэг даалгаврыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн гэнэ.
 
Харин хуулийн хэрэгжилтийн явцын талаар  “Шилэн дансны тухай хууль”-ийн дагуу 56 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5172 төсвийн байгууллага, 271 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 79 төрийн өмчит хувьцаат компани болон төрийн үйлдвэрийн газар, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч болон улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа 569 аж ахуйн нэгж, байгууллагууд мэдээллээ өөрийн цахим хуудсаар болон нэгдсэн цахим хуудас, мэдээллийн самбараар нийтэд мэдээлэн ажиллаж байна.
 
Өнөөдрийн байдлаар хуульд заасан 37 төрлийн 229.279 мэдээллийг олон нийтэд мэдээлж байна. Тухайлбал, Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөл, 2015 оны төсвийн тодотголын төсөл, cap бүрийн төсвийн гүйцэтгэл, улирал бүрийн макро эдийн засгийн үзүүлэлт, Засгийн газрын дотоодын өрийн 3.720.6 тэрбум төгрөг, гадаад өр 10.192.0 тэрбум төгрөгийн болон үнэт цаасны талаарх мэдээлэл, цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын 4.300.9 тэрбум төгрөгийн мэдээлэл, тендер шалгаруулалтын 9.362 мэдээлэл, хөрөнгө оруулалт, бараа, ажил үйлчилгээ, нийлүүлэгчийн талаарх 2.485.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн  мэдээлэл, байгууллагын өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн шийдвэрийн 30.985 мэдээлэл болон хуулиар заагдсан бусад мэдээллүүд байна.
 
Мониторинг, хяналт шалгалтын арга хэмжээний хувьд Монгол Улсын Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн эхний хагас жилийн тайланг нэгтгэн гаргаж Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Үндэсний аудитын газраас гурвадугаар сарын 22-ноос тавдугаар сарын 5-ны өдрүүдэд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, үр дүн”-д аудит хийсэн байна. Аудитаар “нийт 5804 байгууллага, үүнээс 5399 төсвийн байгууллага, 405 төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуй нэгж хамрагдсаны 96.8 хувь буюу 5617 байгууллага төсвийн ерөнхий мэдээллээ байршуулснаас  4868 байгууллага нэгдсэн цахим сүлжээ, байгууллагын сүлжээнд, 749 байгууллага мэдээллийн самбарт байршуулсан байна" гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн хөдөө орон нутагт, ялангуяа зарим сумдад техник хэрэгслийн  хангамж дутмаг, байнгын цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй, интернет сүлжээ байхгүй, саатдаг, хүрэлцээ муу зэрэг нь цахим системд мэдээлэл оруулах ажилд хүндрэл учруулж байна гэж дүгнэсэн байна.
 
Түүнчлэн хууль зөрчсөн эсэх талаар шүүхээр шийдвэрлүүлсэн болон Үндэсний аудитын газраар шалгуулах хүсэлт эхний хагас жилийн байдлаар байхгүй байна. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд иргэд бас хяналт тавьж байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд нийт 166.879 хэрэглэгч 446.221 удаагийн хандалт хийж, давхардсан тоогоор 2.1 сая мэдээллийг хүлээн авсан байна. Цахим хуудсанд 97.2 хувь нь дотоодоос, 2.8 хувь нь гадаадаас хандсан байна. Энэ нь иргэд, олон нийт төсвийн хэрэгжилтэд анхаарал хандуулж байгаагийн илрэл хэмээн хийсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн цаашид Засгийн газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс дараах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.
 
Мэдээлэл тавих эрх бүхий албан тушаалтнуудыг нэгдсэн арга зүйгээр хангах, сургалтыг зохион байгуулах замаар шилэн дансанд байршуулж байгаа мэдээллийн үнэн зөв, тодорхой байдлыг сайжруулах, Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг хуульд заасан хугацаанд багтаан оруулж хуулийн хүрээнд хамрагдах бүх байгууллагууд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын арга зүйг сайжруулж, хууль хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллах, Олон улсын байгууллагаас төсвийн ил тод, нээлттэй байдалд өгч буй үнэлгээ, өгсөн зөвлөмжийг ашиглан төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог сайжруулах арга хэмжээг үе шаттай авах болно гэсэн юм.
 
Шилэн дансны тухай хууль эрх зүйн зохицуулалт нь төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төрийн байгууллагын санхүүгийн мэдээллийг ил тод болгох, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл явцыг үр ашигтай болгоход онцгой ач холбогдолтой гэж бид дүгнэж байна. Эдгээр зорилтууд хэрхэн хангагдаж байгаад Ерөнхий сайд тодорхой тоймтой хариулт өгч чадсангүй.
 
Монгол Улсын үндсэн хуулийн 41.1-д зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд нь төрийн хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийг УИХ-ын өмнө хариуцах ёстой. Гэтэл хууль хэрэгжүүлэх ёстой Ерөнхий сайд маань хууль зөрчигчдийг манлайлах боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Та өөрийн эрх мэдлийн хүрээнд хуваарилагдсан 77 тэрбум төгрөгийн зарцуулалт, тендер, худалдан авалтууд, Засгийн газрын нөөц сангийн 23 тэрбум, нийт 100 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулснаа одоо болтол шилэн дансандаа  тайлагнасангүй. Ерөнхий сайдыг шилэн дансаа хөтлөхгүй байгааг иргэд, олон нийт шүүмжилж Үндэсний Аудитын газар, Авлигатай тэмцэх газарт хандаж ард түмний татварын мөнгийг хэрхэн юунд зарцуулсныг нэхсээр хоёр cap гаруй болжээ. Хуулийг хэрэгжүүлэх, алдаагаа засах талаар Засгийн газрын тэргүүн ямар ч алхам хийсэнгүй. Шилэн дансны тухай хуулийг үл тоомсорлож байгаа Ерөнхий сайд таныг төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, олон нийтийн статустай байгууллагууд даган дууриах боллоо.
 
“Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”, "Улаанбаатар Төмөр Зам нэгдэл” “Монгол РосЦветмет нэгтгэл”, “Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз”, “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ХК” зэрэг байгууллагууд шилэн дансаа огт хөтөлсөнгүй өдийг хүрчээ. Эдгээр байгууллагууд "Засгийн газрын тэргүүн шилэн дансаа хөтлөхгүй болж байна" гэсэн тайлбарыг албан бусаар хэлэх боллоо. Татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг захиран зарцуулдаг, худалдан авалт тендер ихээр зарлаж зохион байгуулдаг төрийн өмчит аж ахуйн нэгжүүд шилэн дансаа хөтлөхгүй байгаа нь ард түмний дунд ихээхэн эргэлзээ, хардалтыг төрүүлж байна. Шилэн дансаа хөтөлж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ард түмний өмч хөрөнгийг хайр гамгүй зарцуулсан ноцтой зөрчлүүд ч олноор илрэх боллоо.
 
Тухайлбал, "Эрдэнэс Оюу Толгой" ХК хуулийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан 1 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж авсан нь шилэн дансны мэдээллээр ил боллоо. Хөгжлийн банкны эх үүсвэр бол ард түмний нэрээр зээлж авсан зээлийн мөнгө юм.
 
Нийслэлийн ИТХ болон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шилэн данс онцгой үрэлгэн байгааг олон нийт шүүмжилж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэг жилд 2.4 тэрбум төгрөгийн урамшуулал авч байна. УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ төлөөлөгчдийн урамшууллыг зогсоохыг сануулсан. Гэтэл НИТХ-ын дарга Д.Баттулга “Урамшууллаа зогсоохгүй, цаашдаа ч авна” гэж хэвлэл мэдээллээр хариу мэдэгдлээ. “Нийслэл Улаанбаатар хот улс доторх улс боллоо” гэсэн ард түмний шүүмж үнэний ортойг илтгэн харуулж байна. Орон нутаг, нийслэлээ удирдаж чадахаа больж байгаа төрийн энэ сул дорой байдалдаа УИХ дүгнэлт хийх ёстой боллоо.
 
Улс нийтээрээ бүсээ чангалах хэмнэлтийн бодлогыг Улаанбаатар хотын удирдлагууд огт тоохгүй явж ирлээ. Монгол хэн тансаглаж байна вэ? Гэж асуувал Улаанбаатар хотын удирдлагууд гэж хариулах иргэдийн тоо огцом нэмэгдлээ. Хогны ногоон уутанд  12.7 тэрбумыг, ажилладаггүй Рэйлбусанд 8 тэрбумыг, найрсаг Улаанбаатар хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг, буцалтгүй тусламжид 1.2 тэрбумыг, даншиг овоо тахилгад 800 сая, утасны ярианы төлбөрт 7.5 сая, нохой муур устгахад 160 сая төгрөг өгөхөөс эхлээд, нийслэл, дүүргийн төлөөлөгчдийн урамшуулал төрд цалингүй ажилладаг дарга нарын тоо, мотоциклчид, загвар өмсөгчдийн агентлагт татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээгээр шилжүүлэн тэтгэж байгааг Улаанбаатарын иргэдээс гадна улс нийтээрээ шүүмжлэлтэй хандах болсныг УИХ-ын энэ индрээс анхааруулъя. Шилэн дансны тухай хуульд заасан мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх, мэдээлэл ойлгомжтой байх, тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх, 5 сая төгрөгөөс дээш бүх гүйлгээг нийтэд ил болгох үндсэн зарчмыг төрийн байгууллагууд мөрдөхгүй байна. Тухайлбал, 15 аймгийн 24 албан тушаалтан шилэн дансаа хөтөлсөнгүй өнөөг хүрлээ. Эдгээр аймгийн удирдлагууд мөн л Ерөнхий сайдыгаа дагаж хөтөлнө хэмээн хариу өгөх болсон байна. Аймгуудын Засаг дарга нарын тансаглал улам бүр нэмэгдэх боллоо. Энэ байдалд УИХ дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна.
 
Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр төсвийн захиран зарцуулагч нарын тансаглал ямар түвшинд хүрснийг ард түмэн мэдэж авлаа. Жирийн төрийн албан хаагчийн бүтэн жилийн цалингаар ганц шөнө тансагладаг олон дарга нар байгаа нь шилэн дансаар ил боллоо. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед тэвчиж болох зардлаа бууруулж, хэмнэлтийн горимд шилжих шийдвэр, тогтоолыг УИХ гаргасан. Гэтэл энэ тогтоол шийдвэрийн эсрэг ажилласан олон албан тушаалтан байна. Тиймээс ард түмний мөнгийг үрэн таран хийсэн, хэмнэлтийн горимд шилжих тухай УИХ-ын тогтоол шийдвэрийг үл ойшоосон хүмүүстэй хариуцлага тооцохыг сануулъя. Бас шилэн дансны мөрөөр шалгалт хийж, буруу зүйлд зарцуулсан төсвийн бүх хөрөнгийг албан тушаалтнуудаар буцаан төлүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлэг шаардаж байна.
 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.