Г.Шийлэгдамбыг баривчилснаар тендерээс хувь хүртэгчдийг "намнаж" эхэллээ
Улстөрийн хүрээнд өнгөрөгч долоо хоног халуухан болж өндөрлөлөө. Хоёр долоо хоног дамнан хоёр томоохон албан тушаалтныг баривчилж, олон нийтийн анхаарлыг татлаа. Мэдээж энэ нь улстөрийн зорилготой гэх хардлагыг “Хулгайч л хулгайчийг бариарай” гэдэг шиг улстөрийн хүрээнийхэн гаргаж амжив. Эхнийх нь мэдээж Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа. Түүнийг “Шинэ төмөр зам” төсөлтэй холбогдуулан, гэртээ амарч байхад нь баривчилсан гэх.
 
Дараагийнх нь Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба. Түүнийг ажлаа хийж суухад нь албан өрөөнөөс нь баривчилсан. Түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 268 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл бий. Хамгийн хачирхалтай нь Г.Шийлэгдамба ажлын байрандаа бусдаас 500 орчим сая төгрөгийн авлига авч байхад баривчилсан гэх мэдээлэл байлаа.
 
Хэн, хэн нь их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх. Эдийн засаг хямраад энгийн иргэд нь хоосон хонох шахам байхад улстөрийн нөлөөллөөр дарга болоод хувьдаа мөнгө хумсална гэдэг байж боломгүй зүйл хэмээн иргэд бухимдана.
 
Тэдний баривчилгааг гардан үйлдсэнээрээ одоогийн байдлаар хууль, хяналтын байгууллагынхан л адлагдаж байгаа ч цаг хугацааны явцад үнэн, мөн нь тоггоогдох нь гарцаагүй биз. Юутай ч аливаа гомдол мэдээллийн дагуу шалгах нь хууль, хяналтын байгуллагынханы хүлээсэн үүрэг. Олны танил болж, төрийн өндөр болон, улстөрийн албан тушаал хашиж байгаа эрхмүүдийн баривчилгаа л ийн бусдын анхаарлыг татаж байгаа. Түүнээс цаад утгаараа бол өдөрт хэдэн баривчилгааны цаана хичнээн хүн буруутан, бас цагаатгагдаж байгааг хэн ч мэдэхгүй бас бусдад хамаагүй.
 
Гэхдээ энд нэг зүйл олны анхаарлыг ихэд татаж байгаа. Учир нь Г.Шийлэгдамбыг урьд нь хээл, хахууль авч байсан. Энэ нь удаа дараагийн үйлдлүүдээр баталгаажиж, түүний араас 10 гаруй хүн шалгагдаж эхэлсэн гэж байгаа. Тэр ч байтугай түүнийг Байгаль орчны дэд сайд байх үедээ ч Зайсан орчмын газраас багагүй ашиг хүртсэн гэх юм билээ. Хардлага, таамаглалыг бол ямар ч хэлбэрээр бий болгож болох юм. Тухайлбал, хамгийн сүүлд баригдсан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын хувьд тэрбээр яамны өрөөндөө ажлаа хийж байсан гэдэг. Эхлээд Г.Шийлэгдамбыг өрөөндөө авлига авч байхад нь баривчилсан гэж байсан. Харин дараа нь өрөөндөө хадгалж байсан 500 сая төгрөгтэй нь холбон тайлбарлаж байна. Угтаа бол мань сайд өнгөрөгч баасан гарагт болох “Ерөнхий сайдын цаг" уулзалтын үеэр Эрүүл мэнд спортын яамны шилэн дансны хөтлөлтийн талаар мэдээлэл өгөх үүрэгтэйгээр ажлаа хийж байсан гэж эх сурвалжуудын мэдээлэл ч байдаг.
 
Юутай ч түүний гэм буруутайг зөвхөн хууль, хяналтын байгууллагынхан л тогтооно. Харин дээрх баривчилгаануудын хувьд улстөрийн албан тушаалыг урвуугаар ашиглаж байгаа нь эцэстээ “дээлээ нөмрөхөд” хүргэнэ гэдгийг илтэд харууллаа. Түүнчлэн аливаа тендер, сонгон шалгаруулалтад “эзэн суух”-ын тулд тухайн үйл ажиллагаанд зарцуулах мөнгөн дүнгийн 10 хувийг хэн нэгэн даргад урамшуулал хэлбэрээр өгдөг бичигдээгуй хууль бий. Тэгвэл томоохон албан тушаал хашигч хоёр ч хүнийг баривчилсан нь дээрх бичигдээгүй хууль амьдралд хэрэгжих боломжгүй болж, хахууль өгсөн, авсан хэнбугай нь “аавын хаалга" татна гэдгийг анхааруулсан явдал боллоо.
 
Ардчилсан нийгэм, хүний эрх ярьдаг хүмүүс “Шударга үнэний төлөө тэмцэнэ” гэж зарлан тунхагладаг. Гэтэл Г.Шийлэгдамбын хувьд өмгөөлөгчөөрөө дамжуулсан захидалдаа   “АТГ-ын байцаагчид надад эрүүгийн тусгай ангиар хэрэг үүсгэж, бусдаас ихээхэн хэмжээний мөнгө авсан мэтээр тулган байцаасан. Тухайн үед миний албан өрөөндөө хувийн зорилгоор өөрийн олон жилийн танил нөхрөөс зээлсэн мөнгийг хадгалж байсан. Үүнийг хувийнхаа хэрэгцээнд зарцуулахаар   төлөвлөж байсан юм. Би ямар нэг гэмт хэрэг хийгээгүй, төрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж энэ мөнгийг олоогүй. Тиймээс би энэ мөнгийг АТГ- ын байцаагчид үзүүлсэн. Харин АТГ-аас надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хууль бусаар олсон мөнгө эсэхийг тогтоох нь зүйтэй гэдэг хэрэг үүсгээд ажиллаж байна.
 
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт өдөр шөнөгүй ажилладаг олон мянган эмч сувилагч нарынхаа нэр хүндийг сэвтээхгүйг хичээж байна. Дээр нь шалгаж байгаа үйл явц улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж багагүй хугацаа авах байдал үүсээд байгаа. Монгол Улсын сайд хүн өрөөндөө мөнгө хадгалж байсан нь зарим хэсэгт эргэлзээ төрүүлж байна. Цаашлаад Засгийн газрын тогтворгүй нөхцөл үүсгэж болзошгүй учраас  өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлтээ гаргаж байгааг хүлээж авна уу. Эрүүл мэнд, спортын салбарт намайг урьж ажиллуулсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс”эвсэл, УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт талархлаа. Энэ хэрэг Монгол Улсын шүүхээр цагаатна гэдэгт итгэлтэй байгаа. Үүний дараагаар та бүхэнтэй нэр цэвэр, нүүр бардам уулзах болно” гэж бичсэн байв.

Энэ нь цаад утгаараа албан тушаалдаа үлдэх гэхээсээ илүү араасаа олон хүн чирэх вий гэдэг айдсыг агуулж байх магадлалтай ажээ. Юутай ч албан тушаалтнуудын хувьд төрд хоёргүй сэтгэлээр ажиллах гэдгийг умартан хувьдаа болон намдаа ашигтайгаар ажиллахын тулд авдаг авлигыг таслан зогсооход дээрх баривчилгаанууд чамгүй нэмэр боллоо  хэмээн олон нийт үзэж байна. Тэгэхээр тун удахгүй тендер шударгаар явагдаж, хувь хүртдэг эрхмүүд үгүй болж, бизнес эрхлэгчдийн нуруу  тэнийх нь гарцаацүй  бололтой.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хр 2015-11-24 01:08:42
    Элбэгдорж оо Оросын Путин шиг биш юм аа гэхэд Хөдөөний нэг чавганц шиг байгаач
  • зочин 2015-11-09 21:26:10
    Харваас муу бэрд бна
  • bat 2015-11-09 17:51:22
    Shydargaar yawsan xvn xoxirch Xylgai deerem xiij bgaa ni xojdog ve bolj dee.Xelex ch vg alga.Ene tomchyydaas bysad jiriin irgeded xeden tög ögch gem byryygaa ...
  • zochin 2015-11-09 15:50:35
    Manaid tsever uls turch bgui b.hoo.bugd ih baga hemjeegeer zavaan zuild gar biy orson gaa ed iig odo ustgah tsag bolson shig
  • иргэн 2015-11-09 11:57:40
    манай улсад авилгалаа хязгаарлавал эдийн засагт маш их хэмжээний мөнгө зөв замаар орж ирнэ шүүдээ. Төсөвөө танана гэхээсээ илүү авилгалтай тэмцэх цаг болсон. ...
  • Ангууч 2015-11-09 08:34:22
    хулгайч нарыг бүгдийг нь барьж хорь.Ард түмнийг арай дэндүү дээрэлхэж бна аа..шударгаар амьдарая аа