Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд олон чухал үйл явдал өрнөлөө. 

Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжлээ
 

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан баталсан Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Уг хуулиар хорих ангид ял эдэлж буй 1700 ялтан суллагдаж гэртээ харих бол 1300 орчим хоригдлын ялыг хөнгөлж байгаа юм.
 
Тэгвэл өнгөрсөн баасан гарагаас эхлэн  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд суллагдсан. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хонхорт байрлах баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 125 ялтан шүүхийн тогтоол сонссон юм.

Ингээд баасан гараг гэхэд Өршөөлийн тухай хуульд хамрагдсан хоригдлууд бүгд суллагдаж дууссан юм. Нийслэлийн нутаг дэвсгэрт болон ойролцоох хорих ангиудын хүмүүжигчдийг Зайсан дахь хорих ангид нэгтгэн гэрт нь хүргэх үйл ажиллагааг цагдаагийн алба хаагчид зохион байгууллаа. 

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хоригдлоо


Өнгөрсөн лхагва гарагт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас  баривчлан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан гэх мэдээлэл гараад байсан ч МАХН-аас мэдээлэл хийж үгүйсгэсэн юм. Тэд улс төрийн зорилгоор хэлмэгдүүллээ гэх тайлбарыг хэлж буй.  

Тэгвэл Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 268 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна. Энэхүү зүйл ангид “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Ингээд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба баасан гарагт өмгөөлөгчөөрөө дамжуулан сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. 

Ерөнхий сайд  өөрийн биеэр цэвэрлэх байгууламжтай танилцлаа
 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаа Төв цэвэрлэх байгууламжид зохион байгууллаа. Төв цэвэрлэх байгууламжийн энэ асуудал гагцхүү хотынх биш,  хот дангаараа энэ асуудлыг давахад хүндрэлтэй. Засгийн газар оролцож, дэмжиж хамтарч ажиллах ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.
Лхагва гариг бүрт болж тулгамдсан  тодорхой асуудлыг шийдвэрлэдэг “Шийдлийн цаг” уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох яамдаас төлөөлөл оролцлоо.

Лагийн талбайгаас гарах үнэрийг багасгах зорилгоор тус талбайг хлорын болон устөрөгчийн хэт ислийн уусмалаар ариутгаж байна. Зөөвөрлөж зайлуулсан лагаа модны үртсээр хучих арга хэмжээ авч байгаа гэж Ус сувгийг удирдах газраас танилцууллаа. Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г хийж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сард бүрэн дуусна гэлээ. Бичиг цаас, судалгааны ажлыг чанартай гүйцэтгэж, яаралтай дуусгах нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэллээ.
Цэвэрлэх байгууламж барих болон шинээр тунгаагуур барих, био цөөрмийг ашиглалтад оруулах, лаг усгүйжүүлэх тоног төхөөрөмж шинээр авч тоноглох зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд байгааг тус газрынхан “Шийдлийн цаг”-ийн үеэр танилцууллаа.

Цэвэрлэх байгууламжид ажилладаг хүмүүсийн ажлын орчин, нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө цаг алдалгүй ажиллах учиртайг Ерөнхий сайд дурдаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох яам, Тамгын газрын удирдлагууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулна. Энэ ажлын хэсэг хоёр зорилготой ажиллана. Шинэ цэвэрлэх байгууламж барих, нөгөө нь шинэ байгууламж баригдаж, ашиглалтад орох хүртэлх 3-5 жилийн хугацаанд цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэр, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлыг судлах, санхүүгийн эх үүсвэрийг зөв хуваарилах ажлыг зохион байгуулна гэлээ.2016 оны Төсвийн тухай хуульд цэвэрлэх байгууламжтай холбоотой 8,1 тэрбум төгрөгийг суулгасан, төсвийн хэлэлцүүлэг болж байгааг тэрээр дурдлаа. 
Дамжин суулт үнэгүй боллоо


Хоёр дахь автобусандаа дамжин сууж байгаа зорчигч өчигдрөөс үнэгүй зорчиж эхлээд байна. Ингэхдээ нийтийн тээврээр үйлчилүүлсэн зорчигч нь сэлгэн суусан автобусандаа 30 минутын дотор амжиж үйлчлүүлсэн нөхцөлд дээрх хөнгөлөлт эдэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эхний автобусандаа 500 төгрөг төлж, дараагийн автобусанд 30 минутад багтаж суусан нөхцөлд үнэгүй зорчих эрхийг эдэлж байгааг дуулгая. Энэ боломжийг нийтийн тээврийн цахим карттай бүхэн эдэлнэ.

Онцолоход, НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаас өнгөрсөн сард нийтийн тээврийн сэлгэн суултыг хөнгөвчлөх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан нь арваннэгдүгээр сарын 7-ноос буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.