Ж.Пүрэвдорж: Жүжигчин хүний гол шагнал бол найруулагчаас гардаж авдаг дүр гэж би боддог, итгэдэг

УДЭТ-ын босгыг давж энэ театрын жүжигчин болно гэдэг “драмын жүжигчин” гэсэн хавтас өвөрлөсөн болгонд олддог завшаан биш. Гэтэл хаалгыг нь тогшиж үүдэнд хүлээлгүй, харин ч эсрэгээр театрын даргаар хаалгаа нээлгээд орж ирсэн жүжигчин бас байна аа. Өөрийнх нь хэлснээр ховорхон азтай тэр хүн бол жүжигчин Ж.Пүрэвдорж. Уригдаж ирээд уран бүтээлийн 25 дахь жилийнхээ хөшгийг нээх гэж байгаа жүжигчин Ж.Пүрэвдоржийг “Улаанбаатарын сонин” зочноороо урилаа.  Яриаг нь сонсоход чанга дуутай ч, даруухан дуугүй талдаа нэгэн эрхэмтэй уншигч Таныг танилцуулж байна.

-Таны намтрыг харахаар эхнээсээ л урлагийн хүн болно гэж яваагүй чинь шууд анзаарагдах. Хувь заяаны ямар салхи таныг урлагтай авчраад уячихав?

- Би уг нь хөдөө аж ахуйн техникум төгссөн зоотехникч мэргэжилтэй хүн. Сургуулиа төгсөөд сумандаа ирж ажилласан. Тэгэхдээ үндсэн мэргэжлийн ажлаа нэг их хийгээгүй. Боловсон хүчний ажил хийгээд бас хажуугаар нь урлаг уран сайхан гэж их гүйнэ. Урлагийн үзлэг, соёл урлагийн гурав хоног зэрэгт сумаа төлөөлж оролцоод, бас хэд хэдэн алтан медаль энэ тэр авчихсан. Дуулж, шүлэг уншиж, урлаг уран сайхны ажил хөтөлсөн нөхөр байсан. Эргээд бодохноо манай сумын удирдлага намайг урлаг уран сайхан талаас маань хараад хөдөө явуулчихаагүй юм шиг санагддаг юм. Аймагт Хөгжимт драмын театр байгуулагдаж байгаа тухай яриа дуулдаад л байсан.  Гэтэл нэг өдөр  аймгийн намын хорооноос бичиг иржээ. Хөгжимт драмын театр байгуулагдаж байгаатай холбоотойгоор Шилүүстэй сумын боловсон хүчин Пүрэвдоржийг төд хоногийн дотор аймгийн Соёлын хэлтэст шилжүүлсүгэй гээд. Намын хорооны бичиг тэр үед хууль шүү дээ. Гурав хоног ажил тасалбал хөдөлмөрийн дэвтэр тасарна гээд дүрэм журам хатуу байсан цаг.

Аймагт ирээд Соёлын хэлтэст очтол Хөгжимт драмын театрт дагалдан жүжигчин гэдэг тушаал гаргаад найруулагч Дэмбэрэлсамбуу гэдэг хүний цэрэг болоод  би гэдэг хүн 1983 онд урлагийн хүн болчихсон юм.  Дагалдан жүжигчин 255 төгрөгийн цалин авна. Ингэж дагалдан болохтой зэрэгцээд театрын дэргэдэх жүжигчний курс нээсэн.

-Завхан аймгийн Хөгжимт драмын театрын дэргэдэх жүжигчний курсыг “Жүжигчин” мэргэжлээр төгссөн гэсэн байсан. Цаг хугацааны хувьд харахаар 1980-аад оны эхэн үе байх. Аймгийн театрын дэргэд жүжигчний мэргэжил олгох сургалт өнөөдөр бараг байхгүй болов уу?

-Аймгуудад Хөгжимт драмын театр нэг жишгээр байгуулсан байдгийн нэг нь Завханых, 1983 онд байгуулагдсан. Өмнө нь хөдөө орон нутагт байгуулагдсан театрууд Дорнод, Ховд аймагт бий.  Шинээр байгуулагдаж байсан Хөгжимт драмын театр  драм, найрал дуу, хөгжим анги гэсэн ижил зохион байгуулалттай, ажиллах боловсон хүчинээ тийм курсээр бэлдэж байсан юм билээ. Авъяастай гэсэн улсаа авчраад, зааж сурган мэргэжилтэй болгоод ажиллуулж байсан гэсэн үг. Тэр сургалт одоо эргээд бодоход богино хугацаатай байсан ч гэлээ урлагийн бүх талын зах зухыг ойлгуулж сургасан байдаг. Эхлээд онол, дараа нь дадлага гээд л явна. Тэр сургалтаас урлагийн хүн болох зам мөрөө эхэлсэн дээ. Шинэ байгуулагдаж байгаа орон нутгийн театрт дандаа урлагийн сургууль төгссөн мэргэжлийн хүн ажиллуулах боломж байгаагүй байх. Тиймээс орон нутгаас нь авъяастай улсыг цуглуулж сургаад авч байсан хэрэг байх. Бид нэлээн олуулаа курсэд сууж, шалгалт өгсөн. Гавьяат Батсүх гэхэд л барилгаас, гитар тоглодог залуу ирж байлаа

Курсын хичээл дотроо хөгжим, дуу, драм гээд чиглэл чиглэлээрээ арай өөр. Драм гэхэд Дэмбэрэлсамбуу, Лхагважав гэж найруулагчид, бас ахмадууд хичээл зааж байсан. Хөгжмийн талаарх Эрдэнэбат гуайн ногоон номыг анх нээж үзэж байлаа. Урлагийн талаарх миний уншсан хамгийн анхны ном. Ингээд сургалт өндөрлөх үед Соёлын яамнаас комисс ирж шалгалт авлаа. Онолын шалгалт авахын өмнө монолог, этюд хийлгэлээ. Билет сугалуулж хариулт авсан. Дүн гарахад би тэнцэж, ногоон хавтастай жижигхэн “жүжигчин мэргэжлийн” үнэмлэх гардаж авсан. Ингэж л 450 төгрөгийн цалинтай аймгийн театрын албан ёсны жүжигчин болж байлаа.

-Жүжигчин гэсэн үнэмлэхийг хаанаас олгож байсан юм?

-Соёлын яамнаас. Хотоос ирсэн шалгалтын комисст Драмын театрын дарга Зоригоо тэргүүтэй мэргэжлийн улс байсан. Шалгалт ном журмын дагуу хатуу явдаг байсан байх. Сургалтад суусан нөхдөөс маань тэнцэлгүй унаж,  уйлаад гарч ирж байсан улс ч бий.

Шалгалтад тэнцсэн хүмүүсээ жинхлээд авсаны дараа манай театр найрал хөгжимд 30-аад хүнтэй оркестр суучихдаг, арваад жүжигчин, тэр хэмжээний бүжигчин, хориод дуучинтай болсон байсан.

Найм, аравдугаар анги төгссөн, цэргээс ирсэн гээд хөгжим тоглодог залуусыг сургаж, оркестрт суудаг хөгжимчид болгосон. Дараа нь хойно сургууль төгссөн Жамъян ирж дуурь хүртэл тавьж байсан юм шүү, манай театрт.

Би эхлээд дуучин байсан. Найруулагч маань намайг сайхан баритон гээд дуулуулах гээд байдаг. Бас концерт ч тасрахгүй. Найрал дуутай томоохон концерт байхийгээд л тоглоно. Харин би өөрөө дуулах даа сонирхол муутай, дургүй. Ямар сайндаа маргааш концерттой гэхээр “Найруулагчаа миний хоолой өвдөөд, сөөчихлөө” гэж байхав дээ. Дуулахаас зугтаж байгаа нь тэр. Тэгж яаж ийж байгаад драм ангид шилжиж, дуртай ажлаа хийх болсон. Аймгийн театртаа бол гол дүрийн жүжигчин болж байгаа юм аа.

-Тэр үеийн аймгийн театрын уран бүтээлийн онцлог гэж юу байх уу?

-Хөгжимт драмын театр гээд тэгдэг байсан уу мэдэхгүй хөгжимт жүжиг олныг тавьсан. “Шинэ байшинд” жүжгийг Бирваа гуайн цомнолоор хөгжимт жүжиг болгож байлаа.  Би Залданд дуулна.  Энд нэг хэсэг дээр “За хө Балдаан”  гээд араас нь “За хө” гээд жаахан пауз аваад явах ёстой. Гэтэл би “за” зогсолтоо алдчихаад болдоггүй. Гавьяат жүжигчин Оюунцэцэгийн нөхөр Зоригоо Балданд дуулдаг байсан. Зоригоосоо  “Намайг явах болонгуут сэмхэн түлхээд дохио өгөөч” гэж гуйж байж алдалгүй дуулж сурч байлаа.

Цэнд-Аюуш зураач манайд ажиллаж байсан, хойно Ленинградад сургууль төгссөн.   Аймгийн дэлгүүрт шинэ ном буухад манай хүн хамгийн түрүүнд очиж орос ном авна. Би бас номын хорхойтой байсан болохоор хэдийгээр надаас насаар олон ах хүн байсан боловч бид хоёр сайхан нөхөрлөсөн. Мундаг зураач. “Учиртай гурван толгой”, “Алтан үст охин” гээд олон жүжгийн зураачаар ажилласан. “Учиртай гурван толгой”-д би Балганд дуулж байлаа. Найруулагч, зураач, хамт ажилласан уран бүтээлчдийнхээ дэмээр л бүтээж байсан. Дуурьд дуулна гэдэг бичсэн нотыг уншиж аялгуулахыг хэлдэг болохоос хэн нэгэн хоолойдоо тааруулж өөрчилж болдоггүй юм гэдгийг тэгэхэд ойлгож авсан даа.

“Учиртай гурван толгой”-д өнгийг нь жаахан өргөчихвөл надад таармаар санагдаад тэрийгээ хэлж ам руугаа алгадуулсанаа хэлж байна л даа. Хөгжмийн зохиолчийн бичсэнийг чадал зааж дуулахыг дуурь гэдэг юм гэсэн үг найруулагчаасаа сонсож байлаа.

“Ховорхон бэр” гээд Пүрэвдорж гуай бичиж, мундаг Жанчив гэж хүн хөгжмийг бичсэн хөгжимт драмын жүжигт тоглон баруун аймгуудын шалгаруулалтад орж байлаа. Нэг жүжгээр хэд хэдэн аймгийн театрын уран бүтээлчид тоглолт хийж шалгаруулдаг байлаа. Хотоос мэргэжлийн уран бүтээлчид ирж шүүнэ. Завханы хөгжимт драмын театр-т “Ховорхон бэр” дээр Баянхонгор, Увс, Ховд гээд баруун аймгийн театрынхан ч хамтран тоглож байлаа. Энэ бүхний талаар одоо бодоход нэг ёсны сургалт л байсан юм уу даа.

-Аймгийн театрт хэр олон бүтээлд тоглосон  бэ, уран бүтээлийн гэрэл зургууд байгаа нь лавтай, харин бичлэг хэлбэрээр үлдсэн бүтээл байна уу?

-Завханы хөгжимт драмын театрт найман жил ажиллахдаа 20-иод жүжгийн гол, туслах дүрд тоглосон. Ганц драмд тоглоод байхгүй, концертод оролцоно, аймаг сумдаар тойрон тоглолт хийнэ, тун завгүй шүү дээ.  Социализмын үеийн төлөвлөгөөг биелүүлэх гэж улсынхаа аймаг сумдаар их явсан даа. Сард хатуу заасан орлогын төлөвлөгөөтэй. Тэрийгээ олох гэж сар хөдөө явна. Аймгийнхаа сумдад бол хэд хэд очоод тоглочихно, тэгээд цаашаа аль аймгийн, ямар сум орохов гээд л явж өгнө. Зарим аймаг, суман дээр өөр аймгийн театрынхантай таарна. Дараа нь УДЭТ-д ирээд хөдөө явснаа нэмээд тооцоод үзэхээр 18 аймаг, 290 гаруй суманд очсон тоо гарч байсан. Манай улс 360 сумтай байсан гээд бодохоор бараг л гүйцээсэн байгаа биз. Одоо дуучид, уран бүтээлчид бүх аймгаар тоглолт хийлээ гэхийг харахаар аймгийн төв тойрсон, цаашаа сум ороогүй дүр зураг л харагдах юм.

Манай аймагт 1985 онд хотоос урлагийн болон телевизийн том “десант” буулаа. Манай театр намын байгууллагыг хурц шүүмжилсэн “Тэнгисийн түрлэг” гэдэг орчуулгын жүжиг тавьсантай холбоотой байсан хэрэг. Би гол дүрийн жүжигчин. Нам бүхнийг мэддэг гэж нийтээр үздэг байсан гайхаж хүлээж авсан байх. Харин бидний аз болж нэлээн юм уярч, учиртай ханддаг болоод байсан цаг болоод тэр үү тавьсан жүжгийг маань зөвшөөрч байсан. Ингэсний ачаар манай театрын тэр үеийн хоёр  жүжиг Монгол телевизийн фондод бичигдэж үлдсэн байдаг. Бүр бүтэн бичиж авч байсан. Хөдөө орон нутагт телевизийнхэн ирж бичлэг хийнэ гэдэг тухайн үедээ ховор үзэгдэл байлаа. Бичлэг нь үлдсэн болохоор одоо эргээд үзэхээр сонин сайхан байдаг юм.

- УДЭТ-ын жүжигчин болсон ховор азынхаа түүхийг уншигчидтай хуваалцаач?

-1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор бүх орон даяар шилдэг жүжиг шалгаруулах үзлэг зохиогдсон. Ойн үеэр тоглох шилдэг бүтээл орон нутгийн театруудаас шалгаруулж байсан. Шалгаруулалт бүсчилж зохиогдсон. Ховдод баруун таван аймгийн театр чуулгынхан цуглаж, Улаанбаатараас алдарт Г.Доржсамбуу найруулагч тэргүүтэй комисс ирсэн. Ардын зураач Ц.Доржпалам, төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, соёлын яамнаас найруулагч Н.Ганхуяг нар байсан.

“Алтан үст” охин жүжигт би Балбар ноёнд, бас Лхагважав найруулагчийн “Шаналгаа” жүжгийн бас нэг дүртэй очсон. Манай театр тоглолтоо хийчихлээ. Тэгсэн яасан юм бүү мэд, би билэг танхай хүний нүдэнд өртөж,  Доржсамбуу найруулагч намайг дуудаад “Чамайг Улсын Драмын театрт урилгаар авахаар бид ярьж тохирлоо” гэлээ. Би тийм болно чинээ бодоогүй хүн чинь сүрдээд “Би чадах уу” гээд хэлчихлээ. Өмнөөс Доржсамбуу найруулагч уурсах маягтай нүдээ эргэлдүүлсэнээ “Чамайг гуйдаг юм уу” гэж ширүүхэн дуугарчихаад яваад өгсөн.

Үзлэг өндөрлөж дүнгээ гаргахад “Ховдын театрын “Мэнгэ” жүжиг шалгарч Улаанбаатарт тоглохоор боллоо. Завханы Пүрэвдоржийг УДЭТ-т урилгаар ажиллуулахаар шийдлээ” гэж зарласан. Ингээд аймагтаа ирээд ажлаа хийлээ. Доржсамбуу найруулагчийг “Говийн зэрэглээ” киноны Арслангаар нь л мэдэхээс цаашгүй. Хий л намайг яаж тоосон юм бол гэж дотроо гайхна. Нөгөө, урилгаар ажиллуулна гэсэн үг санаанаас гарахгүй, “чадах болов уу” гэж санаа зовж байлаа. Бас гаднаа хүнд мэдэгдэхгүй байх гэж хичээнэ шүү дээ.  

-Тэгж байтал урилга хүрээд ирэв үү?

 -Яг ч тэр дор оо ирээгүй ээ. Манай театрын дарга Нацагдорж гэж хүн байсан. Манайхан хөдөө бригадаар явах гэж байсан юм. Дарга дуудлаа. Ортол “За нөгөө урилга чинь ирсэн. Бригад гарах гэж байдаг. Би чамайг хөдөө бригадаар явсан гээд хэлчихлээ. Чи бас тэгж хэлнэ шүү. Төлөвлөгөөт тоглолт таслалтай биш, чи яваад ир. Ирэхэд чинь би тушаал бичиг баримтыг чинь гаргачихаад байж байя. Ам алдаж болохгүй шүү” гэсэн. Ажлын л эрх ашиг шүү дээ. Дарга бид хоёр хоёулаа ам алдаагүй. Харин одоо л алдаж байх шиг байна...

-1991 он гэдэг нээрээ л Монгол Улс тэр чигээрээ бужигнаж байсан цаг. Театр ч эзгүйрч байсан гэдэг байх аа?

-Тийм ээ, тэгж ярьдаг. 1991 онд энэ ягаан театрт ирэхэд Доржсамбуу найруулагч дарга байлаа. 1990-ээд оны эхээр нийгэм бужигнаж, театрт ч нааш цааш болж байсан үе. Харин би “театр эзгүйрсэн” гэдэгтэй би санал нийлдэггүй. Тэгж хэлмээр зарим нэг юм байсан, үнэн.

“Бага театр” байгууллаа гээд Г.Мягмарнаран, Н.Сувд гуай гээд олон жүжигчин өрх тусгаарлаж байсан. Тэр бүү хэл Д.Мэндбаяр гуай “Бага театр” руу явахад, П.Цэрэндагва ах үлдэж байлаа. “Бага театр” бүтэлтэй юм болоогүй, олонхи нь эргэж ирсэн. Доржсамбуу гэж агуу найруулагч, мундаг сурган хүмүүжүүлэгч, дарга байсан болоод театр эзгүйрээгүй, унаагүй гэж би боддог. Тэр унасан гэх үед Энэтхэгийн алдарт Таагүүрийн “Цуст хурим” жүжгийг Доржсамбуу найруулагч тавьж байлаа. Яруу найрагч С.Болд-Эрдэнэ гэж залуу зураачаар ажилласан. Тайз, тайзны чимэглэл гэж өвөрмөц бүтээл. Бүрэн бүтэн байсан тайз жүжиг дуусахад нураад унадаг тийм шийдэлтэй сонин тайзыг Болд-Эрдэнэ хийж байсан.

“Макбет” бас л тэр үед тавигдсан. ОХУ-аас Комиссаров гэж найруулагч ирж тавьсан. Театр зогсчихоогүй, уран бүтээлээ хийсээр байсан гэж энийг хэлэхгүй гэж үү? Дараа нь Б.Мөнхдорж найруулагч буцаж ирж “Ричард-3”, Ч.Найдандорж “Ромео, Жульетта хоёр” гээд тоочвол миний хэлээд байгаа ойлгогдох байх. За тэгээд үндэсний болон хошин жүжиг олон шүү дээ.

-УДЭТ-т ирсэн цаг хугацаа чинь нийгмийн шилжилт өөрчлөлттэй яг давхцаж. Зах зээлд шилжсэн үед шинэ байтугай дассан газраа хэцүү байсан гэдэг. Таны хувьд ямар байв даа?

-Хөдөөгийн театраас Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн театрт уригдаж ирсэн азтай хүн гэвэл би яах аргагүй хүн. Театр их өндөр босготой газар. Тийм дээ ч хөдөөнөөс тэр тусмаа уригдаж ирсэн хүн их ховор. Би тэгээд л зүтгэсэн. Түүнээс биш нийгэм бужигналаа, амьдрал хэцүү байна гэж бодох зав байгаагүй. Надад ташуур болох зүйл ч их байсан. Ядаж л хамт ажиллаж байгаа улсаа харахаар дандаа дээд сургууль төгссөн улс. Тэгээд л би бусдаас хоцорч болохгүй гэж зүтгэсээр он цагийг үдэж. Найруулагч, хамт ажиллаж байгаа уран бүтээлчдийн үг, үйлдэл бүхэн надад шинэ учраас сураад мэдээд авчих юмсан, эднээс дутуугүй хийчих юмсан гэж гол анхаарлаа тавьж байсан учраас аахар шаахарыг анзаарсангүй, цаг хугацаа ч хурдан өнгөрсөн бололтой.

-Тантай адил намтартай улс харин ч олон биш үү? “Хөх чоно” гээд л?

 Театрын улаан ном дээр Алтангэрэл гэж хүнийг авчирсан гэж бичсэн байна билээ. Би сайн мэдэхгүй юм. Юутай ч Дамдин биш.  Надаас өмнө театрт урилгаар ирсэн хүн бол манай Дорлигжав. Баянхонгорын театрт ажиллаж байсан авьяастан Доолиог Улсын театрт урьж авчирсан гэдэг юм. Алтан-Өлзий гавъяат болохоор тайзны машинистаас ажлаа эхэлсэн хүн. Дараа нь Завханаас би ирсэн. Театрт ирсэнийхээ дараа Доолиотойгоо ойрхон байдаг байсан. Анх театрт ирэхэд байсан жүжигчдээс одоо Цэрэндагва гуай, Хасар Жагаа, Урнаа гээд цөөхөн хүн үлдэж.  Нэг хэсэг нь үзэл бодол таарахгүй гээд явсан, нөгөө нэг хэсэг нь өөр зам мөр хөөгөөд явж. Хошин урлагийн дунд үеийнхэн тэр чигээрээ л манай театрыг дамжсан даа.

-Хэвлэлд өгч байсан таны ярилцлага хайхаар бараг гарч ирэхгүй. Та тийм их хаалттай хүн үү?

-Би дандаа улсын урдаа барьдаг уран бүтээлчидтай ажилласаар олон жил болж байна. Мэдсэн, мэргэшсэнээр маруухан би тэднээс түрүүлж дуугарах гэж гүйж байсангүй. Хаалттай гэхээсээ илүүтэй өөрийгөө голж явсан учраас л тэр л дээ.

-Тэгж хойш сууж байсан нь зарим талаараа буруу байсан юм биш үү. Жишээлбэл, та соёлын тэргүүний ажилтан цолыг бүр сүүлд, 2006 онд авсан байсан?

-Юу нь буруу байв гэж дээ. Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэгийн тухайд бидний залууд хатуу шалгууртай байсан. Ядаж л арван жил ажиллаж байж шагналд тодорхойлогдох эрх нээгддэг байсан. Миний хувьд аймгийн театрт ажиллаж байснаа оруулаад 20 гаруй жил болж байж “соёлын тэргүүн”-тэй болсон.  Үнэ цэнэтэй сайхан шагнал байсныг баруун солгойгүй тарааснаас болоод зарим улсын зүүхээсээ ичдэг тэмдэг болчихоод байна уу даа, одоо. Эзнээ олоогүй шагналаас болоод үнэ цэнэ үнэлгээ гэж байхгүй болчихоод байна.

-Завханд байх даа та гол дүрд тоглож байсан. Энд ирээд гол төлөв туслах дүрд гарах бол оо юу даа? Энэ өөрчлөлт таныг бусдаас нуугдаж, хойшоо суухад хүргэсэн юм биш биз?

-Үгүй ээ, надад тийм бодол байгаагүй. Жүжиг ганц гол дүрээс бүтдэггүй. Туслах дүргүй бол гол дүр гэж яаж байх билээ?  Гол дүр, туслах дүр хамт байж тайз бүтэн болдог. Тийм болохоор туслах дүрд л тоглоод байна энэ тэр гэх элдэв бодол надад төрж байгаагүй.

Янз бүрийн дүрд тоглож байлаа. Түүхэн гурамсан жүжиг Мөнхдорж найруулагч тавихад хоёрт нь би тоглож байлаа. Ричард ванд Гомбосүрэн гуай тоглоход би туслахад нь явж байлаа. УДЭТ-т ирээд өмнөхтэйгээ нийлүүлэн тооцоход 80 гаруй жүжигт тоглосон байна.  Монголын театрын тайзнаа тавигдсан жүжиг 300 гаруй гээд бодвол миний тоглосон жүжиг багагүй сонсогдохгүй байна гэж үү?

-Та юу ч гэж хэллээ гэсэн соёлын тэргүүн” цол их сүүлд авч. Барын сүүл байснаас батганы толгой байсан дээр гэж нэг үг бий. Магадгүй та аймгийнхаа театрт байсан бол гавьяа шагналд аль эрт хүрэх байсан биш үү?..

-Уран бүтээлч хүний хувьд гавъяа шагнал гэдэг хоёр янз байдаг юм болов уу гэж би боддог шүү. Ялангуяа жүжигчин бидний хувьд дүр олдоно гэдэг том шагнал. Тийм болохоор том театрт ирж, том бүтээлд гарна гэдэг том шагнал, том хишиг болохоор би тэгж бодож байсангүй ээ. Бод л доо би төв театрын жүжигчин болсон учраас л гадаадын хэд хэдэн кинонд уригдан тоглосон цөөхөн монгол жүжигчдийн нэг боллоо шүү дээ. Доржсамбуу найруулагчийн нүдэнд өртсөн минь миний амьдралд олон боломж, олон өөрчлөлт дагуулсан азын сугалаа байсан юм.  Би аймгийнхаа театрт байсан бол кинонд тоглож, бүр 1990-ээд онд Японы кино наадамд оролцох боломж гарахгүй шүү дээ. Жүжигчин хүний гол шагнал бол найруулагчаас гардаж авдаг дүр гэж би боддог, итгэдэг. 

 -Танд сурах боломж гараагүй юу, эсвэл та урлагийн сургуульд суралцая гэж нэг их шамдаагүй юу?

-Нэгд тийм боломж байгаагүй. Хоёрт, би хүсээгүй байх. Хүссэн бол сурах боломж байсан биз. Энэ театрт би хожуу орж ирсэн, тэгэхээр сурна гэдэг цаг хугацаа дахиад алдана гэж сонсогдож байсан. Ингээд л өдий хүрлээ.  Сайн хамт олон, сайн найруулагч гээд хүчтэй хүмүүсийн дунд ажилласан минь надад барагтай сургуулиас их зүйл өгсөн гэж итгэдэг шүү.

-Хэдэн төрийн нүүр үзлээ гэдэг шиг хэдэн найруулагчийн нүүр үзчихэв ээ?

-Олон найруулагчтай шүү. Аймгийн театраас эхлээд тоолоход 20-иод хүн байна. Аймагтаа Дэмбэрэлсамбуу, Лхагважав гэдэг хоёр найруулагчтай ажилласан бол УДЭТ-т Доржсамбуу даргаас эхлээд Б.Мөнхдорж, Б.Баатар, Ч.Найдандорж, Ч.Түвшин,  Н.Наранбаатар сая  манайд ажиллаж байгаад гадаадад сургуульд явсан Ёндоншарав гээд олон найруулагчтай ажиллалаа. Завсарт нь гадаадын хоёр ч найруулагч бий. Найруулагч болгон өөр өөрийн онцлог тавилттай, хэлж, хийлгэж байгаа болгон нь өөр. Тэр болгоноос маш их юм сурч байдаг.

-Жүжигчиндээ хамгийн их өгөөжтэй найруулагч таны хувьд хэн бэ?

-Жүжигчин хүн өөрөө ойлгож хүлээж авч чадвал өгөөжгүй найруулагч гэж байхгүй. Миний тухайд бол жүжигчин төрүүлдэг найруулагч бол Доржсамбуу гэж хэлнэ. Би энэ агуу хүнтэй дөрвөн жүжиг дээр хамтарч ажилласан. Даанч эрт бурхны оронд заларч дээ. 45-хан настай байсан шүү дээ.

Найруулагч гэдэг онцлогтой хэцүү ажил. Хүн бүтээж байна шүү дээ. Явах, суух, хэлэх ярих, өмсөх зүүх гээд тайзан дээр амилах тэр дүр ямар байх вэ гэдгийг найруулагч өөрийн ур ухаанаараа бүтээдэг. Тийм учраас жүжигчид бид чинь хэдэн настай ямар хүн байхаас үл хамаараад найруулагчийн үг бол хууль гэж хүлээж авдаг.

-Найруулагч жүжигчин хоёрын хоорондын харилцаа л даа. Найруулагчийн амнаас “жүжигчин гэдэг зууралт нь таарсан гурил шиг байх ёстой” гэсэн үг гарч байхыг цөөнгүй сонссон. Хөндлөнгөөс сонсоход таатай биш санагддаг. Эндээс үүдээд найруулагч, жүжигчин хоёрын харилцаа аятайхан байх учиргүй юм шиг бодол төрдөг?

-Тийм зүйрлэл бий. Гурил шиг эсвэл хүүхэлдэй шиг гэх үгэнд гол нь байгаа юм. Найруулагч жүжигчин хоёрын ойлголцол дээрээс л сайн дүр төрдөг. Ер нь ингэхэд бодож сэдэхийн голыг найруулагч нугалж, гавъяа магтаалын дийлэнхийг жүжигчин хүртээд байх шиг надад санагддаг шүү. Найруулагчийн санааг ойлгож чадахгүй бол сайн дүр гарахгүй.

-Анх урлагт хөл тавих даа та дуулалт жүжгийн дүрийн жүжигчин байж. Мейерхольд энэ тэр гээд дэлхийн театрын онолчдын номыг эргүүлэхэд хөгжим ойлгодоггүй найруулагч театрт хэрэггүй гэсэн байна билээ. Гэтэл манай зарим найруулагч “Би хөгжим мэддэггүй, ойлгодоггүй” гэж зарлаад явах нь ч байх юм. Та юу бодож байна?

-Хөгжим ойлгодоггүй найруулагч театрт хэрэггүй нь үнэн. Би дуу хөгжмөөс хол байх гэсээр драм руу орсон хүн. Байгалиас надад заяасан хишгээс болсон  байх.

-Тайзан дээр хамт тоглоход түшигтэй уран бүтээлчийн тухай олон хүн ярих юм билээ. Таны тухайд?

-Тэрэнтэй тоглох сайн, энэтэй тоглох муухай гэсэн юм угаасаа байж болохгүй шүү дээ. Тухайн дүр, тайзан дээр өрнөх үйл явдлыг гаргахад хоёр эсвэл хэд хэдэн жүжигчин яаж ойлголцож,  дүрийнхээ шугам дээр зөв нийлж, яаж гаргаж байна вэ гэдэг л чухал. Түүнээс заавал хэн нэгэн Дорж, Дулмаатай тоглохоор сайн болдог гэвэл мэргэжлийн жүжигчин биш болно шүү дээ.

-Энгийн үедээ ойлголцдоггүй атлаа тайзан дээр гайхалтай нийлэмжтэй сайхан тоглоно гэж байх уу?

-Жүжигчин гэдэг мэргэжлийн онцлог тэр болохоор чадалгүй яахав, тийм байх ёстой. Харин миний тухайд бусадтай маргаад, муудалцаад явдаг араншинтай хүн биш юм. Дуу чангатай, хөндлөнөөс харахад ширүүн дориун юм шиг харагдавч зөөлөн, элдэв донсолгоонд барагтай ордоггүй хүн шүү би. Харин нэг удаа Дамдин гуайтай шатар тоглож байгаад муудалцан захиргааны хурлаар хоёулаа орж байсан нэг хөгтэй юм бий.

-Шатар ий?

-Тийм ээ, нэлээд олон жилийн өмнө. “Хөх чоно” Дамдиа бид хоёр 500 төгрөг тавиад шатардлаа, Бас зуун грамм татсан байсан байх. Би хожих янзтай явж байгаад ноёноо нээгээд явтал Дамдиа “дэлхийн шатрын түүхэнд ноёноо шалдалж хаявал хожигдсонд тооцдог юм” гэж хэлээд хөлөг дээрхийг тарааж хаячихаад таван зуун цаасаа авчихлаа. Би тийм юм байхгүй гээд хоёулангийнх нь дуу чангарахгүй юу. Ингэж пижигнэж байгааг манай хувцас жижиг хэрэгсэлд ороод удаагүй байсан залуу сонсчихоод “Хоёр хөгшин нэгийгээ алах нь ээ” гээд орилчихож. Тэглээ гээд манай цагдаагийн жижүүрийн тэмдэглэлд орчихсон. Ийм юм гарвал манайд захиргааны хурлаар хэлэлцдэг журамтай. Ингээд л бид хоёрыг хурлаар авч хэлэлцэх боллоо. Орохоосоо өмнө хоёулаа эрүүл байсан, шатраас, мөнгөнөөс болсон гэдгээ хэлнэ гэж тохирсон. Дамиа орж гарч ирээд тохирсоноо хэллээ л гэж байна. Намайг ортол Н.Сувд дарга инээж инээж, “Яаж байгаа юм бэ дээ, та хоёр. Ийм юмнаас болж...” гэж хэлээд гаргаж байсан юм.

-Танаас өмнөх үеийнхэн, танай үеийнхэн театрыг ариун сүм гэж их зүйрлэж жишиж хэлдэг.  Таныхаар бол, ариун сүм гэдэг ойлголт нь юундаа байдаг юм?

-Минийхээр бол театр гэдэг хүнд юм бодуулах газар. Тайзан дээр өрнөж байгаа амьдралыг өөр дээрээ эсвэл хэн нэгэн дээр буулгаж зөв бодож чадахгүй юм ариусаж чадахгүй. Жишээ нь, “Кихот ноён” жүжиг байна. Энэ жүжгийг үзчихээд “Ийм галзуу солиотой юм театрт тавих хэрэг байна уу” гэж хэлж байгаа хүн таарч байна. Нөгөө бодож чадахгүй хүний өнцгөөс харвал ийм л байна. Харин бодож, бодуулж чадах юм бол Кихот гэдэг чинь галзуу солиотон биш байна аа гэдгийг ойлгоод гарч ирэх жишээтэй.

 -Аймгийн төв дээр ном буухад очдог хоёр хүний нэг байж. Аймагт тухайн үед урлагийн хүмүүст хэрэгтэй ном хэвлэл хэр очдог байсан юм бэ?

-Ёстой байхгүй байсан шүү. “Гоо зүй”, Хо.Нацагдорж найруулагчийн нэг ном, Эрдэнэбатын ногоон гээд хөгжмийн ном л байлаа. Ер нь уран бүтээлчид уншиж судлах ном монгол хэлээр тун цөөхөн гарч байж. Харин сүүлийн жилүүдэд олон сайхан ном гарч байна. Хожуу ч гэсэн Мейерхольдыг монгол хэлээр уншиж судлана гэдэг миний хувьд том олз болж байна. Удахгүй Гротовски гэдэг хүний ном гарах гэж байгааг Пүрэвдагва орчуулагч эхнээс нь надад өгч уншуулсан. Яг сайхан уншдаг дээр тасарчихлаа хурдан гаргаач гэж нэхээд байгаа...

-Та УДЭТ-т сүүлд орж ирсэн шигээ бас кино руу ч  сүүлд орж ирсэн. Гадаадын кинонд тоглож байсан гэлээ. “Цахилж яваа гөрөөс” гэж Дарамын Батбаярын уран яруу найруулгатай зохиолыг Нямгаваа найруулагч кино хийж та тоглож байсан. Сайхан зохиолыг алаад хаячихлаа гэж зарим хүн шүүмжилж байхад монголын хөдөөгийн амьдралыг тэс өөрөөр гаргалаа гэж магтаж ч байсан. “Цахилж яваа гөрөөс” таны тоглосон анхны кино юу?

-“Цахилж яваа гөрөөс”-өөс өмнө нэг юм бий. Гэхдээ их инээдтэй боловч билэгшээлтэй. Наран зүг морьтой давхиж кинонд тоглох гэдэг ажлыг хийж эхэлсэндээ би ихэд билэгшээдэг юм. Би кино камерын өмнө гарч байсан биш. Балжинням найруулагч “Мөнх тэнгэрийн хүчин дор” гээд Чингис хааны тухай киногоо хийж байсан. Нагнай гуай хоёрдугаар найруулагч нь. Хөдөө натурт гарчихсан байхад нь зураг авалтад очлоо. Ардын жүжигчин Мягмарнаран гуай, хүүтэйгээ  бид хэд нэг майханд байлаа. Долоо хонож байтал өнөөдөр зурагтай гэсэн. Надад Боорчийн дүү болох хүний дүр бүтээх таарчээ. Санги ахад тоглодог Адилбиш  Сүбээдэйн дүрийг бүтээж байгаа юм. Бид хоёр хувцас хунараа өмсөөд зураг авахуулж гарлаа даа. Морио унаад наран ургах зүг давхиад л. Харин дараа нь жинхэнэ хөгжилтэй юм болж байгаа юм. “Чи юунд тоглосон юм гэсэн чинь би цэрэгт тоглосон, чи хаана байгаа юм гэсэн чинь хамгийн цаад талд цаашаа хараад хэвтэж байгаа нь” гэсэн гэдэг нэг онигоо байдаг ш дээ. Яг л тэрэн шиг юм болсон. Нөгөө их зураг авалтаас чинь морьтой давхиж ирээд үсэрч буугаад Чингис хаанд мэдээ хүргэж байгаа хэсэг л үлдсэн байсан. Бусад нь хайчлуулчихгүй юу. Таних хүн намайг л мэдэхээс танихгүй хүн мэдэх аргагүй.

“Мотор” гээд явсан чинь би давхиж ирээд “Их хаантаан” гээд дуурьт дуулах гэж байгаа юм шиг болсон гэж байгаа.  Анхны киногоо ингэж эхэлж байлаа. Тиймээс “Цахилж яваа гөрөөс” дэлгэцийн анхны томоохон бүтээл маань яах аргагүй мөн.

-“Цахилж яваа гөрөөс” кинотойгоо гадаадын кино наадамд уригдсан анхны жүжигчин гэдгээрээ та бас нэгэн анхдагч болдог байх аа?

-“Цахилж яваа гөрөөс” 1993 оны кино. Найруулагч болгоны арга өөр. Нямгаваа найруулагч киног зохиолтой нь харьцуулбал уянгын өнгө аястай хийгээгүй нь тэр хүний арга барил, гаргах гэсэн өнцөгтэй нь холбоотой байсан байх.

 Ер нь бол манай улс жилдээ гарын таван хуруунд багтах цөөхөн кино хийдэг байсан нь зах зээлд орсны дараа гэнэт өөрчлөгдсөн шүү дээ. Тэр жил 44 кино гарснаас шалгаруулахад “Цахилж яваа гөрөөс” тэргүүн байр эзэлсэн. Шагналын 500 мянган төгрөгийг манай группэд өгч байлаа. Дээр нь Өлзийхүү бид хоёрт тус тусад нь 5000 төгрөг өгч байсан. Шагнал аваад зогсохгүй кино наадамд оролцох урилга ирсэн. Би ч урилга гардаад байдаг азтай хүн шүү, бас.

Азийн кино фонд гэж байгуулах гээд Японы Фукоука хотод 11 орны төлөөлөл цуглаад улс улсаас оролцох кино сонгож авч. Тэгэхэд “Цахилж яваа гөрөөс” сонгогдсон юм билээ. Кино наадамд оролцох урилгыг найруулагч бид хоёрт ирүүлсэн байсан. Найруулагч И.Нямгаваа, жүжигчин Ж.Пүрэвдорж нарт гэж нэр зааж ирсэн учраас 1995 онд арлын орныг зорьж байлаа. Би азтай байгаа биз дээ. Аймгийнхаа театрт “батганы толгой байсан нь дээр” гээд сууж байсан бол ийм боломж гарахгүй.

-Өвөрмонгол руу кинонд явлаа гэж бас дуулдаж байсан?

-2010 онд хятадын найруулагчийн кинонд тоглож өвөрмонгол явсан. Италийн “Салхины хаан”, ВВС-гийн “Чингис хаан”-д гээд кинонд дүрээ үлдээх боломж бас гарсан. Өвөл нь ирж судлаж үзээд баахан материал авч яваад зун нь долоон сард зургаа авсан. Дүрүүдийн тухайд дандаа бөө болсон. Австрийнх Сорхон шар. Хонгконгийн кино зураг энд авахад бас оролцсон. Ер нь гадаадын кино надад ээлтэй байдаг. Хамт олон маань ч дэмждэг. Кино зураг авалтад орох боллоо гэхэд түүхэн жүжгийн сард оролцуулахгүй зохицуулаад өгч байсан.

аны сая нэрлэсэн кинонууд гадаад зах зээл дээрээ хэр амжилт олсон бол?

-Италийн киног гайгүй явж байгаа гэж дуулсан. ВВС-гийн “Чингис хаан” сүүлд монголд гарсан шүү дээ. Өвөрмонголчуудын хийж байгаа кино арай гараагүй байгаа. 20 ангитай том кино болох юм гэсэн.

-Гадаадын цөөнгүй кинонд тоглоод үзэж. Гадаад төрх чинь монгол учраас эсвэл сахалтай хүнээр дутсандаа л европынхон нааш ирж монгол жүжигчин хайдаггүй байх. Жүжигчин шалгаруулах сонголтыг яаж хийж байх юм?

-Фото зураг, жүжигчилсэн тоглолт хийлгэж бичлэг авна гээд баахан материал цуглуулж аваад буцдаг. Тэгэхдээ олон хүний материал авна. Авч яваад продюссерүүд нь судлаж үзэж байгаад сонголтоо хийдэг юм билээ. Сонголт өнгөцхөн харах төдийгөөр хийгддэг бол мань мэт гарч ирэхгүй. Жүжигчин хүн гэдэг ур чадвар, театрт ажилласан олон жилийн маань туршлага тэдний нүдэнд тусч байгаа учраас л сонгогдож байна гэж би ойлгодог.

-Нийтдээ оролцож тоглосон кино хэд болчихов?

-Гучиндолоо, найм болсон байна лээ. Сүүлийн үед телевизийн олон ангит кино, залуу уран бүтээлчдийн хийж байгаа инээдмийн кино гээд бас мундахгүй л байна.

-80 гаруй жүжиг, 40 шахам кино гэхээр Монголын үзэгчид таныг лав таньдаг болсон байна аа?

-Таних нь таньж байна аа. Гэхдээ бас хачин. Гудамжинд явж байхад нэг бол хүүхдүүд эсвэл халамцуу согтуу улс таньж юм яриад байдаг. Хүүхдүүд цагаан цайлган, халамцуул улс зориг орчихсон байдаг болоод тэр юм болов уу. Кино жүжигчин гэхээр надад эвгүй санагдаад байдаг болохоор тайлбарлаад туучихна. Кино миний үндсэн ажил биш, би театрын хүн. Та нарын Гажиг Гармаа гэж мэддэг жүжигчин чинь театрт 40 жил ажиллаж 200 гаруй дүр бүтээсэн хүн гээд л ярина аа бас. Кино жүжигчин гэж киногоор хүмүүс илүү мэдээд байгаагийн цаана тайз, дэлгэцийн бүтээл хоёрын хүртээмж ялгаа л харагдаж байгаа юм даа.

-Театрын жүжигчин гэдгээр нь мэдэхгүй киноны дүрээр нь мэдээд байгаагийн цаана жүжиг киноны ялгаа байгаа нь мэдээж байх. Бас театрын тайзнаа дүр бүтээж байгаа уран бүтээлчдийн сайн мууг ялгаж хэлсэн, тодруулж товойлгосон, сурталчилсан шүүмж судлал байхгүй байгаатай холбоотой  гэж хэлж болох уу?

-Судлал шүүмж гэдэг юм байхгүй байна даа. Магтаалд дургүй хүн ч гэж хаа байхав. Гэхдээ хоосон магтаал хэтэрчихээд байх шиг санагддаг юм. Шүүмж бичиж байгаа ганц хоёр хүн байна. Тэдний бичиж байгааг мань мэт нь өөртэө холбоотойг уншихаас биш үзэгч олон нийтэд огт хүрэхгүй өнгөрч байна.

-Та театртай ажил амьдралаа холбоод 30 гаруй жил болж. Өнгөрсөн хугацаанд таны уран бүтээлд хамгийн их нөлөөлсөн мартахын аргагүй нэг хүнийг нэрлээч?

-Доржсамбуу найруулагч. Нэг хүнийг нэрлээч гэсэн болохоор би Доржсамбуу найруулагчийгаа онцлон хэлж байна.

Би багшгүй, шавьгүй хүн. Гэхдээ би шинэ уран бүтээл болгон дээр хамтран ажиллаж байгаа найруулагч нарыг надад зааж байгаа багш гэж боддог. Хамт ажиллаж байгаа уран бүтээлчдээс сурч байна. Аймгийн театрт анх авсан Дэмбэрэлсамбуу найруулагч, ноот анх заасан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат уртын дуучин Гэрэлтогтох гээд хүмүүс байна аа.

-20 жилийн өмнө арлын Японд хөл тавьсан үеийн сонин содон дурсамжаас сэтгэлд үлдсэн нь юу байна?

-Би Бээжин үзээгүй байсан юм. Бээжинд буугаад сайхан хот байна гэж бодож байлаа. Гэтэл Японд буусан чинь нөгөө сайхан харагдаад байсан Бээжин чинь тосгон шиг санагдаж байлаа.

Одоо л АТМ гээд хаа сайгүй байгаа болохоос биш 1995 онд Монголд бид банкны карт, бэлэн мөнгөний машины тухай дуулаагүй байсан цаг.  Гэтэл орчуулагч маань мөнгөгүй болчихлоо гээд нэрийн хуудас шиг юм гаргаж ирээд мөнгө авчихаар гайхаж байх жишээтэй. Арлын орны хөгжил намайг бишрүүлсэн, хүн хөгжилтэй газар явж үзэх хэрэгтэй юм байна гэдэг бодолтой ирсэн шүү.

-Манай сонин хотын гэсэн тодотголтой. Тиймээс зочдоосоо хотын тухай заавал асуудаг юм?

-Би уг нь хотын хүн шүү дээ. Бүр нэгдүгээр амаржихад мэндэлсэн. Намайг төрсний дараахан аав, ээж хоёр хөдөө ажиллах томилолт өвөрлөөд нутгаа зорьсон юм. Аав, ээж хоёр маань хоёулаа Завханы улс л даа. Аав эмнэлгийн ажил сайжруулах даалгавартайгаар явсан юм билээ. Дараа нь II ангид байхдаа хотод хэсэг зуур ирж, IX сургуульд нэг жил сураад буцсан. Харин сүүлд театрт сүрхий амьтан эргэж ирж дахин хотын хүн болсон.

Хотын хүн, хөдөөгийн хүн гэж ялгах ялгаа өдөр ирэх тутам багассаар байна.

Би машин унаанд дургүй талдаа хүн. Гэр-театр гэдэг алхдаг маршруттай. Түүнээсээ өвөл зун ялгаагүй гажихгүй шүү.

Эх сурвалж: “Улаанбаатарын сонин”            

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ноён Батзор 2017-11-26 12:51:21
    Энэ форумд оролцож буй зээлдэгчдээс хэд хэдэн удаа зээлдэгчээс хэд хэдэн удаа зээлээр ирснийхээ дараа зээлийг би хэрхэн зээлж авахаа энд ирүүлье. Би бизнесээ эх...
    185.182.81.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Судаа 2016-01-07 12:42:04
    сайн жүжигчин бас л нэг монголын минь урлагын гайхалтай жүжигчин
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөдөөх эр.  2015-12-09 07:49:06
    Энэ сайхан хүнтэй танилцсан минь бас л бурханы хишиг юм даа. Ёстой жинхэнэ эр хүн.
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ц. Эрдэнэцогт.  2015-12-09 07:15:58
    Яах аргагүй. байгалиасаа заяасан унаган авъяастай хүн дээ. Энэ хүнд УГЖ гэсэн нэр хүндтэй шагналаа арай оройтуулж байгаа юм биш үү. Хүмүүсээ бодмоор л юм.
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • chimgee 2015-11-08 02:37:18
    Ajliin undur amjilt husie
    122.201.24.238
    Мэдэгдсэн Хариулах