Дамжин суулт өнөөдрөөс үнэгүй боллоо
НИТХ-ын ээлжит бус зургаадугаар хурлаар Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ Нийтийн тээврийн үйлчилгээний дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэж, өнөөдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон. Шийдвэрт заасны дагуу дамжин суултын хөнгөлөлтийг зөвхөн “U money” карттай иргэд эдэлнэ. Гэхдээ хүүхдийн болон ямар нэг төрлийн хөнгөлөлт эдэлдэг картуудын эздэд ч хамааралтай ажээ. Харин тухайн иргэн картаа уншуулахад дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарна гэдгийг анзаарах хэрэгтэй.
 
Түүнчлэн иргэд автобусанд сууснаас хойш 30 секундийн дараа картыг уншуулах /буух/ боломжтой болох бөгөөд 30 секундийн дотор эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй гэсэн үг. Тэгэхээр та бууж, дараагийн унаандаа сууна гэж төлөвлөсөн бол буудалдаа дөхүүлж байгаад картаа арын хаалганы төхөөрөмжид заавал уншуулах ёстой. Нэгэнт арын хаалгаар картаа уншуулж буусан бол тухайн хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх хэрэгтэй юм. Буух хаалганд картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт боломжгүй.
 
Мөн эхнийхээс бууж, дараагийнхад суух хоорондын хугацаа 30 минут байна гэсэн үг. Түүнээс их хугацаа зарцуулсан бол үндсэн тарифаараа зорчино. Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөнө. Гэхдээ байнга дамжиж суугаад “зугаацаад” байх боломжгүйг санах хэрэгтэй. Учир нь дамжин суултын хөнгөлөлтийг дахин эдлэхийн тулд эхний дамжилтаас хойш дөрвөн цагийн хойно дараагийн хөнгөлөлтөө эдлэх боломжтой болно. Харин бөөнөөр явж байгаад нэг нь бусдыгаа “дааж” картаа уншуулсан тохиолдолд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулна. Эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулаад хөнгөлөлтөө эдлэх боломжтой. Гэхдээ өөр тоогоор буюу хоёр хүний төлбөр төлөхөд хөнгөлөлт эдлэхгүй.

Мөн нэг чиглэлийн автобуснаас бууснаа буцаад тухайн чиглэлийн унаандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй. Дамжин суултын          хөнгөлөлтийн хэмжээ нь энгийн карт 500 төгрөг, хүүхдийн карт 200 төгрөг байна. Өөрөөр хэлбэл автобусны үнэ 500 төгрөг байх үед бүрэн хөнгөлөгдөнө. Харин автобусны үнэ жишээ нь 700 төгрөг байвал 500 төгрөг  хөнгөлөгдөж 200 төгрөгийн төлбөр төлөлт хийгдэх ажээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.