Шилэн дансны хууль хэрэгжсэнээр 37 төрлийн 229279 мэдээллийг олон нийтэд мэдээлээд байна
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.11.06.Баасан гараг/ нэгдсэн хуралдаан үдээс хойш 15 цаг 10 минутад 51.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Шилэн дансны тухай хуулийг Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталж, уг хуулийг энэ оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Олон улсын төсвийн түншлэлийн байгууллагаас улс орнуудын төсвийн ил тод, нээлттэй байдлын судалгаагаар Монгол Улс төсвийн ил тод, нээлттэй байдлын 2015 оны индексээр авбал зохих 100 онооноос 51 оноо авсан нь дэлхийн дундаж (45 оноо)-аас ялимгүй дээгүүр байна. Энэ нь 2012 оны түвшиндээ байгаа гэсэн үзүүлэлт юм. Харин иргэдийн оролцооны хувьд 100 онооноос 19-ийг авсан нь (дэлхийн дундаж оноо 25 байдаг) манай улсад төсвийн үйл явцад иргэд оролцох боломж сул байгааг харуулж байна.
 
Ерөнхий сайдын мэдээллээс үзэхэд Шилэн дансны тухай хуулийн дагуу 56 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5172 төсвийн байгууллага, 271 орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 79 ТӨХК болон ТӨҮГ, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч болон улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа 569 аж ахуйн нэгж, байгууллага мэдээллээ өөрийн цахим хуудсаар болон нэгдсэн цахим хуудас, мэдээллийн самбараар иргэд, олон нийтэд мэдээлж байгаа аж. Тухайлбал, хуулиар заасан тодорхой хугацааны давтамжтай нэг удаа байршуулах мэдээллийн тухайд л гэхэд төсвийн нийт 4183 байгууллага нийтдээ 28230 мэдээлэл байршуулахаас 71 хувь буюу 21078 мэдээлэл байршуулсан бол 70 ТӨХК болон ТӨҮГ-уудын хувьд 429 мэдээлэл байршуулахаас 81 хувь буюу 347 мэдээллийг байршуулан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний хагас жилийн байдлаар нэг байгууллага дунджаар 5 удаа дээрх төрлийн мэдээллийг мэдээлсэн байна. Ер нь одоогийн байдлаар хуульд заасан 37 төрлийн 229279 мэдээллийг олон нийтэд мэдээлээд байгаа аж.
 
Parliament.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.