Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.06/ хуралдаан 12 цаг 15 минутад 84.2 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар ирэх оны Төсвийн тухай хуулийн төсөл, дагалдан өөрчлөлт оруулах хуулийн төслүүд болон 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Тус байнгын хорооны 2015 оны 18 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ. Уг ажлын хэсгээс боловсруулсан санал дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг танилцуулав.

Тэрээр, төсвийн гол үзүүлэлтүүдийн нэг болох ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээг Засгийн газраас өргөн барьсан төслийн дагуу 3.3 хувь байхаар төслийг боловсруулав. Мөн төсвийн орлогыг өргөн барьсан төслөөс 30.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ нь төрийн албан хаагчдын цалинг бууруулах асуудлыг хууль санаачлагч татан авсантай холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар зэрэг орлогууд эргэн орох болсонтой холбоотой юм. Мөн энэхүү цалин бууруулаагүйтэй холбоотой өөрчлөлтөөс шалтгаалан урсгал зардлыг 138.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын зардлыг 92.2 тэрбум төгрөгөөр бууруулж төслийг боловсрууллаа хэмээн гишүүдэд танилцуулав.

Танилцуулгын дараа дэгийн дагуу 2016 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын санал, дүгнэлтийг сонссон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ч.Хүрэлбаатар, Д.Дэмбэрэл нарын гишүүд асуулт асууж, тодруулга хийсэн. Ингээд гишүүдийн асуулт, тодруулгын дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараа Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдахь хэлэлцүүлгийг эхлүүлсэн.

Хуулийн төслүүдийг хууль, нэгдсэн бодлогод нийцүүлэн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийн зохистой тэнцвэрийг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төсөвт тусгуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий тус байнгын хорооны шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг танилцуулав.

Танилцуулгын дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар тус тусын бүлгийн гишүүдийн байнгын хорооны хуралдааны үеэр төсөвт тусгуулахаар гаргасан саналуудыг татаж авахаар шийдвэрлэсэн тухай дуулгасан.

Харин Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийг төлөөлж Д.Тэрбишдагва гишүүн, бүлгийн гишүүдээс гарсан саналыг татан авах талаар бүлгийн хурал дээр яриагүй учраас манай бүлгийн гишүүдийн байнгын хороодод гаргасан саналууд хүчинтэй гэдгийг мэдэгдээд, Төсвийн байнгын хороо ажил хэрэгчээр асуудалд хандах хэрэгтэй гэдгийг сануулж байсан.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Су.Батболд Ч.Хүрэлбаатар нар ажлын хэсгийн оруулж ирсэн саналуудыг дэмжих боломжгүй байна. Бүлэг дээрээ дахин ярилцаж байж хэлэлцье гээд хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын санал гаргаж санал хураалгасан ч олонхийн дэмжлэг аваагүй юм.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн саналыг сонссоны дараа ажлын хэсгээс гаргасан 100 гаруй зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахын өмнө хуралдаан даргалагчийн зүгээс нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа үргэлжлүүлье гээд хуралдааныг түр завсарлуулсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.