Засгийн газар үнэт цаасаа 15 хувийн хүүтэй гаргаад төсвийн алдагдлаа нөхдөг нь эмгэнэл
2016 оны төсвийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг болсны дараа ажиглаж байхад Сангийн яамтай холбоотой олон асуудал босч ирсээр байгаа юм. Бүх чиглэлд хэмнэлтийн горимд шилжиж, байж болох бүх л таналт хасалтыг хийхээр Сангийн яамнаас нэлээн зоригтой төсөл оруулж ирсэн нь УИХ-ын байнгын хорооны хуралдаанууд дээр гишүүдийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа юм. Өчигдөр л гэхэд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн тухай хэлэлцэхэд гишүүд Б.Болор сайдад хандан төсөв, мөнгө хасахаар оруулж ирж байгаа нь аль хэр оновчтой талаар мөн л шалгааж байсан. Б.Болор сайдын хувьд “Ямар ч гэсэн төсвөө эрүүлжүүлж, алдагдалгүй баталдаг болохын тулд 2016 оны төсвөөс эхлэн чангахан гараар атгах хэрэгтэй” гэдэг зарчмын байр суурин дээрээ зогссоор байгаа юм. Энэ мэтчилэн Монгол Улсын 2016 оны төсөв, Сангийн яамнаас барьж байгаа бодлогын талаар Сангийн сайд Б.Болороос дараах тодруулгыг авлаа.
 
-УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зарим гишүүн “Сав газруудыг татан буулгаж, байгаль орчны чиглэлээр ажилладаг ой хамгаалагч нарыг цомхотгож байгаа нь байгалийнхаа эсрэг, усны эсрэг бодлого явж байна” гэсэн. Үнэхээр төсвийн хэмнэлт нэрээр байгаль орчин руугаа довтлох нөхцөл бүрдэхгүй гэх баталгаа байна уу?
 
-Зориуд бодлогоор байгаль орчны эсрэг яваад байгаа зүйл байхгүй. Энэ чиг үүргийг хариуцсан яам , аймаг бүрт байгаа орон нутгийг хамгаалах газрууд хэрэгжүүлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр газруудыг байгаль хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлж, ажлаа хийгээд явах бүрэн бололцоотой гэж үзэж байгаа. Сүүлийн жилүүдэд гарч байсан хамгийн том шүүмжлэл бол орон тооны данхар бүтэц юм. Өмнө нь нэг хүний хийгээд явдаг байсан ажлыг 10 хүн хийдэг болсон байх жишээтэй. Иймд энэ байдлыг засч, данхар бүтцийг багасгая гэсэн бодлого явж байгаа. Ажлын алба татан буугдсанаар чиг үүргүүд нь байхгүй болохгүй. Орон нутгийн байгаль хамгаалах газарт харьяалагдаад явна. Нийт 44 орон тоо тухайн орон нутгийнхаа Байгаль хамгаалах газарт шилжин очиж байгаа. Иймд ажлаа үргэлжлүүлээд хийгээд явах бүрэн бололцоотой гэж үзээд хуулийн төслийг Улсын Их Хуралд оруулж ирсэн юм.
 
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсний дараа Засгийн газрын өргөн, барьсан төсөл нь хэр өөрчлөгдөх төлөв  ажиглагдаж байна?
 
-Би урьд нь ч хэлж л байсан. Сонгуулийн өмнөх жил маш зоригтой төсөв өргөн барилаа гэж Олон улсын байгууллагууд манай оруулсан төсвийн төслийг үнэлж байгаа. Өмнөх Засгийн газрууд сонгуулийн өмнөх жилийн төсвийг 2-3 дахин нэмж оруулж ирдэг байсан. Жишээлбэл, 2012 оны төсвийг батлахдаа 745 тэрбум төгрөгийн цоо шинэ хөрөнгө оруулалтыг тавьж байсан. Бид 100 тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт л хийхээр тусгасан. Гэтэл үүнийгээ “00” болгоё гэх байр суурь голлох шинжтэй байна. Ингэхдээ шинэ хөрөнгө оруулалтыг хасаад оронд нь өөр зүйл оруулах үзэл тойргоос сонгогдсон гишүүдээс илэрсээр байна.
 
Хоёрт, сүүлийн жилүүдэд улсын төсвийг алдагдалтай боловсруулж, өргөн барьдаг байсан. Харин 2016 онд таналттай, хасалттай, хэмнэлттэй төсөв өргөн барьсан. Төсвийн дараа дараагийн жилүүдийн бодлогыг зөв болгох төслийг өргөн барьсан. Гэвч өргөн барьсан төсөв нэлээн задарч байна. Улстөрийн популизмыг их хийж байна. Улстөрчид данхар бүтцээ багасга гэх хэрнээ цомхотгоод оруулаад ирэхээр ажилгүй болголоо гэж шүүмжилж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо маш их хэмжээгээр нэмэгдэж, 180 мянгад хүрсэн. Албан байгууллагуудын төсөв 4-20 дахин өссөн байна. Үүнээс 10-хан хувийн хэмнэлт хийе гэхэд улстөржүүлж, асуудал болгож байна.
 
Нэг байгууллагын зардал сүүлийн 10 жилийн хугацаанд 10 дахин өссөн байх жишээтэй, 10 хувиар бууруулъя гэхэд болохгүй гээд популизм хийж байна. Ажлын алба байгаад ажил сайжирна гэсэн үг биш. Яамд, газрууд нь хийгээд л явна. Гэтэл үүнийг эсэргүүцэж байна, ер нь 2016 оны төсөв анх өргөн баригдсанаасаа задрах тал руугаа орж, олон асуудал дагуулж эхэллээ.
 
-Шийдлийн Засгийн газар танхимын бүтцийг өөрчлөхөөр зоригтой санал дэвшүүлсэнч ч олон шүүмжлэлтэй тулгарч бүтцийг өөрчлөх төслөө татлаа. Өөр арга байсангүй юу?
 
-Зардлаа бууруулж, чангахан хэмнэлтийн горимд шилжихгүй бол төсвийн алдагдал олигтой буурахгүй шүү дээ. Засгийн газрын бүтцийг цомхон болгох төсөл оруулж ирсэн ч УИХ тогтворгүй болгох зүйлдээ ашиглах гээд байсан учир татахаас аргагүй болсон.
 
-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Засгийн газрын оруулж ирсэн 2016 оны төсвийн төслийг хамгийн их шүүмжилж байгаа. Ирэх онд цалин, тэтгэвэр нэмэх бодит боломж бий юу?
 
-Ер нь бид одоо “Хөнжлийнхөө хэрээр жийж” сурах зайлшгүй шаардлагатай. Тэтгэврийг сүүлийн хоёр жил дараалан нэмсэн. Цалингийн хувьд хүндрэлтэй. Ер нь цалин нэмнэ гэж дэлхийн аль ч оронд зарлаж, тунхагладаггүй. Цалин нэмэх эсэх нь зөвхөн төрийн алба хаагчдад хамааралтай. Цалин нэмнэ гэж зарлах нь 1.2 сая хүн ажиллаж байгаа хувийн хэвшилд асар хор хөнөөлтэй. Яагаад гэвэл хувийн хэвшилд ажилладаг хүний цалин нэмэгддэггүй. Гэтэл төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний барааны үнийг нэмдэг. Үүнээс болж малчид, хувийн хэвшлийн салбарынхныг хохироодог. Цалин нэмэгдсэн жил бүр инфляцийн түвшин хоёр оронтой тоо руу орж байсан. Харин өнөөдөр инфляци 4.9 хувьд ирж тогтвортой байгаа.
 
-Ирэх оноос “Чингис”,”Самурай” бондын зээлийн хүүг төлж эхэлнэ. Улсын төсвийнхөө 50 орчим хувиар өр зээлээ төлнө гэж байгаа нь аль хэр бодитой тоо вэ?
 
-“Чингис”, “Самурай” бондыг МАН-ын бүлэг цэвэр улстөрийн зорилготой ашигласаар өнөөдрийг хүрч байна. Ер нь бол 2010 оноос эхлээд төсвийн алдагдлаа дотоодын бонд гаргаж нөхсөөр ирсэн л дээ. 2010 оноос “Оюутолгой”-гоос 250 сая ам.долларыг хүүтэйгээр зээлсэн. Хүүн дээр нь хүү тооцдог, “Чингис” бондоос ч өндөр хүүтэй зээл. Үүнийг хэн тавьсан бэ. Дараагаар нь 400 гаруй тэрбум төгрөгийн зээл аваад “Хүний хөгжил сан”-гаар дамжуулаад ард иргэддээ тараагаад өгчихсөн. Үүний дараа нь дахиад л 500 тэрбум төгрөгийн зээл авсан. Тэрийг нь одоо төлөөд явж байна. Ер нь“Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”-ын зээл дуусгавар болж байгаа. Зах зээлийн эдийн засагтай улс оронд энэ нь байдаг л зүйл.
 
Зарим гишүүд өнөөдөр 21 тэрбум төгрөгийн ам.долларын өртэй гээд байна. Үүний долоон тэрбум нь л Засгийн газрын өр, үлдэгдэл нь хувийн хэвшлийнх. Энэ нь арилжааны зарчмаараа төлөгдөөд явна. Засгийн газрын долоон тэрбум ам.долларын өрийн 2.5 тэрбум доллар нь гадаад өр. Энэ бол боломжийн тоо. Дотоод өр нь харин замбараагаа алдсан. Төсвийн алдагдлаа бонд гаргаж нөхсөөр байгаад ийм байдалд хүрсэн. Асар их мөнгө орж ирж байсан 2010, 2011 оны үед ч алдагдалтай төсөв батлаад дотоодын бонд гаргаж байсан. Одоо манай хамгийн том аюул бол гадаад өр биш. Дотоодын бонд, Засгийн газрын үнэт цаасаа 15 хувийн хүүтэй гаргаад төсвийн алдагдлаа нөхдөг нь эмгэнэл. Үүнийг л бид өөрчлөх ёстой. Өөрчлөхөөр оруулж ирсэн. Яагаад гэвэл үндсэн төсөв алдагдалгүй. Монгол Улсын хувьд засаад явчих боломжтой.
 
-Өнөөдрийн УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр бензин шатахууны татварыг 100 нэмэх нь тодорхой болсон гэх яриа яваад байна. Үнэхээр бензин шатахууны үнийг нэмэхээс өөрөөр төсвийн орлогоо нэмэгдүүлэх өөр эх үүсвэр байхгүй болчихсон юм  уу?
 
-Татвар нэмнэ гэсэн асуудал байхгүй. Ер нь бол Засгийн газраас оруулж ирж байгаа зарчим бол татварынхаа дээд хязгаарыг нэмж, Засгийн газар нь энэ аргаар үнээ хянах боломжийг бүрдүүлдэг дэлхий нийтийн жишиг байдгийг л дагаж байгаа. Харин үүнийг хэтэрхий их улстөржүүлээд татвар нэмэх нь, түүнийг дагаад өргөн хэрэглээний бүх барааны үнэ нэмэгдэх нь гэж буруу тийш нь мушгисан яриа яваад байна л даа. Гэтэл яг энэ тухай төсөв өргөн барьснаас хойш би маш олон удаа ярьж байгаа. Нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр асар өндөр байх үед Монгол Улсын төр татвараа “0”-лэж, дээрээс нь татаас өгч нефть импортлогч компаниудыг бодлогоор дэмждэг байсан.
 
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурчихсан байгаа үед нефть импортлогч компаниуд үнээ буулгахгүй, зах зээл дээр монополь эрхтэй байна шүү дээ. Засгийн газраас тэдний энэ үнийг хүчээр буулгах боломж байхгүй. Урьд нь улс өөрөө “НИК”-ийг эзэмшдэг байхад шатахууныхаа үнийг хянаж болдог байсан. Гэтэл өнөөдөр улсын эзэмшилд ийм компани байхгүйгээс хойш бид татвараараа бензинийхээ үнийг хянадаг ийм л зарчим үйлчилж байгаа. Нэгэнт нефть импортлогч компаниуд үнээ буулгахгүй байгаагаас хойш бидний зүгээс татварын зохицуулалт хийж, нефть бүтээгдэхүүнийхээ  үнийг нэг түвшинд барих ийм л зорилго агуулж байгаа юм. Үнийг нэг түвшинд барина гэдэг нь нефть бүтээгдэхүүний үнэ буурахад өргөн хэрэглээний барааны үнэ дагаад буудаггүй шүү дээ.
 
Сүүлийн 10 жилийн бензин шатахууны үнийн хэлбэлзлийг харахад үнэ буух болгонд өргөн хэрэглээний бараа, хоол хүнсний үнэ буусан түүх байхгүй байгаа юм. Харин ч инфляцийн түвшин өндөр байсан жилүүдэд дандаа өсөж явсан байдаг. Тэгвэл энэ жил инфляцийн түвшин харьцангуй тогтвортой байгаа ийм үед үнээ яг нэг түвшинд барих нь зөв юм. Яагаад гэвэл ямар нэгэн дэлхийн зах зээлийн хөдөлгөөнөөр ирэх жил үнэ нэмэгдсэн тохиолдолд юмны үнэ дагаад нэмэгдэнэ тийм үү. Гэтэл бид өнөөдөр үнээ буулгаад дараа нь буцаагаад өнөөдрийн түвшинд аваачихад юмны үнэ нэмэгдчихсэн л байдаг байхгүй юу. Харин бид үнээ өнөөдрийн түвшинд бариад явах юм бол инфляцийн түвшин маань өнөөдрийнхөө хэмжээг мөн л бариад явах боломжтой. Үүнийг л манай ард иргэд их зөв ойлгож, хүлээцтэй хандаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл үнэ буулга гэж яриад байгаа ч үнэ бууснаараа манай эдийн засаг, ялангуяа өргөн хэрэглээний барааны үнэд ямар ч өөрчлөлт орохгүй л байхгүй юу.
 
Харин бөөний үнэ сайн буурч байгаа шүү дээ. Энэ нь томоохон бизнесүүдэд их хэрэг болж байгаа. Одоо гадуур яригдаад байгаа шиг үнэ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн юм бол байхгүй шүү. Өнөөдөр ийм бодит боломж ч байхгүй. Яагаад гэвэл хилийн үнэ маш бага болчихсон байгаа. Ийм тохиолдолдхэрвээ ямар нэг байдлаар нефть  импортлогч компаниуд үнээ нэмсэн тохиолдолд бидний зүгээс Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах газар хандаж үүгээрээ дамжуулан үнээ хянах боломж бүрдэнэ. Зах зээлийн эдийн засагтай улс орнууд ийм л байдлаар явдаг. Тэгэхдээ үнэ буулгах асуудлыг нефть импортлогч компаниудад тулган шаардах боломж байхгүй.
 
-Нефть импортлогч компаниуд ихээхэн ашиг олж байгаа нь тодорхой. Тэдний олж байгаа ашиг, орлогод цензур тавих боломж байдаггүй юмуу?
 
-Өнөөдөр ашгийн түвшинг ярьж байгаа. Ер нь бол нефть импортлогч компаниуд тав орчим хувийн ашигтай ажиллаад явахад боломжтой гэж үздэг. Тэгвэл манай нефть импортлогч компаниудын ашиг нь хамгийн сүүлчийн статистик мэдээллээр 13-17 хувийн ашигтай байгаа гэж гарч байх үед үнэ нэмэгдүүлэх тухай асуудал байхгүй гэж ойлгож болно.
 
-Ер нь урьд нь мэдээлэгдэж байснаар Онцгой албан татвараас улсын төсөвт жилдээ 220 орчим тэрбум төгрөг орж ирнэ гэсэн нь аль хэр биелэгдэх боломжтой тоо вэ?
 
-За даа, ер нь бол 2016 оны улсын төсөвт үүнийг их өндөр тооцсон зүйл байхгүй. Бид 2015 оны тодотголд үүнийг тусгахад ойролцоогоор 60 орчим тэрбум төгрөг л төсөвт төвлөрөх юм байна гэсэн ойлголттой болсон. Гэхдээ тодотголоо батлах гэж бараг cap болсон болохоор энэ 60 тэрбум нь тодорхой хэмжээгээр буурах л байх. Харин 2016 оны төсөвтэй хамт өргөн барьсан дагалдах хуулиуд дээр ямар нэгэн байдлаар Онцгой албан татвар, Гаалийн татвар нэмэгдүүлэх хууль дагалдаж орж ирээгүй л дээ.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.