Энгийн нь зутарч байхад ялтан нь ямбалж сууна
УИХ-ын нэгдсэн чуулганаар Өршөөлийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт эцэслэн баталсан. Ингэснээр өршөөлд хамрагдж буй 2500 гаруй иргэн маргаашнаас албан ёсоор эрх чөлөөтэй болох юм. Үүнтэй холбогдуулан цагдаагийнхан өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.
 
Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд хорих, тэнсэх, ял ойшлогдсон, торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, эрх хасах ялтай 13375 хүн бий. Тэднээс хорих, баривчлах ял эдэлж байгаа 6635 хүний өршөөлд хамрагдах нь 2383 иргэн юм. Тэдгээрээс бүрэн чөлөөлөгдөх нь 1702 хүн гэнэ. Үлдсэн нь хоёр жилийн ялаа хасуулж, бусад хугацааны ялыг үргэлжлүүлэн эдлэх юм.
 
Харин цагдаагийн байгууллагын хяналтад тэнсэх, ял хойшлогдсон нийт 5373 хүн байгаа гэж байна. Тэднээс өршөөлд хамрагдаад бүрэн суллагдах нь 4498. Өөрөөр хэлбэл, 83.7 хувь нь ялгүй болох аж. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд байгаа торгох, албадан хөдөлмөр эрхлүүлэх, эрх хасах, эд хөрөнгө хураах төрлийн ялтай 1367 ялтнаас 1259 нь өршөөлд хамрагдахаар байгаа юм байна. Нэг үгээр хэлбэл тэнсэнтэй, тэнсэнгүй нийлээд 2961 хүн Монгол Улсын төрийн өршөөлийг үзэх нь.  
 
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Өнгөрсөн хугацаанд Монголын төр таван удаа Өршөөлийн хууль баталсан. Үүнд хамрагдаж суллагдсан иргэдийн нэг хувь хүрэхгүй хүмүүс дахин гэмт хэрэг үйлдсэн гэх судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, өршөөгдсөн хүмүүсийн 99 хувь нь сайн нийгэмшиж чадсан гэсэн статистик удаа дараа гарч байсан. Тэд өршөөгдөж гарсны дараа нэгэнт төрийн өршөөл хүртэж байгаа юм чинь иргэншиж, нийгэмшиж дахин хэрэгт холбогдохгүй байя гэдэг сэтгэлгээ давамгайлдаг гэсэн статистик судалгаа байдаг. Тэгэхээр энэ удаад өршөөгдөж байгаа иргэд ч гэсэн ийм сэтгэлгээтэй байх болов уу гэж үзэж байгаа” хэмээн их уужуухан бодолтойгоор хариулжээ.
 
Үнэхээр энд, тэндээс өгөөд байгаа статистикийн мэдээнд итгэж байгаа бол энэ улсынх нь эдийн засаг хямарчихаад байхад хэдэн цагдаагаа өндөржүүлсэн байдалд шилжүүлж, зүдрээгээд, эцэст нь илүү цагийн хөлс зэргийг олгох ямар хэрэг байна вэ. Яг үнэндээ мөрөөрөө ажлаа хийж, амьдрал ахуйгаа өөд нь татах гэж яваа хүмүүс энэ нийгэмд чинь буруутан нь болж хувираад байгаа бус уу. Хэзээ энгийн иргэн ажлаа хийж, амьдралаа өөд татсаны төлөө төрөөс урамшуулал гуйдаг байлаа.
 
Түүнтэй адил нэгэнт “Монгол Улсын нэрийн өмнөөс........  ” гэж уншуулчихаад эргээд төрийн “хайрыг” хүртээд байгаа хүмүүст атаархал ч төрөх шиг. Ингээд биччихээр ухаантнууд нь манийгаа “Шоронд очиж амьдар” гээд баахан зүхэх байх л даа. Гэхдээ атаархаж, бухимдахаас өөр арга алга. Өршөөл үзүүлэх тухай хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд улсаас 130 сая төгрөгийг шийдвэрлэж өгч байгаа юм гэнэ. Ямар баян, бас энэрэнгүй төр гэхээрээ ийм байдаг юм. Шийдвэрлэж өгсөн хөрөнгөнөөс нь орон нутгийн иргэдийг хүргэх зардал, өвлийн улирал учраас зарим нөхрийнх нь дулаан хувцасыг шийднэ л гэнэ.
 
Ц.Оюунгэрэл гишүүний “Наймдугаар сард суллагдсан бол халуун, дулааны үед хүмүүс орон байртай, ажилтай болох, ах дүүгээ олж очих асуудлууд зардал багатайгаар шийдэгдэх боломжтой байсан. Энэ хууль сунжраад бүтэн хоёр сар хагасын дараа хэрэгжиж эхлэж байна. Үр дагавар нь цаг агаарын хувьд өөр нөхцөл байдалд өршөөл явагдах гэж байна. Одоо улирлын чанартай ажлууд хаагдчихсан, орон гэрийн асуудал хурцаар тавигдана. Орон гэргүй, хувцас хунаргүй хүмүүсээ яах вэ гэдэг асуудал дахиж яригдана. Хөрөнгө санхүүгийн шинэ асуудал гарч ирнэ гэсэн үг" гэж хэлсэн үгийг санахаар Өршөөлийн хуулийг оройтуулсан хүмүүст бурууг нь тохох ёстой ч юм шиг. Энэ мэтчилэнгээр төрийн өршөөлд бүрэн утгаараа хамрагдахаар болж. Цаашлаад Өршөөл үзүүлэх комиссийн зүгээс Хөдөлмөрийн яам руу албан бичиг явуулж, орон нутгийн хөдөлмөрийн байцаагч нар очсон ялтнуудтай нэг бүрчлэн уулзаж, ямар мэргэжилтэй, ямар ажил хийх боломжтой зэргийг нь судалж, сул орон тоог санал болгох, мэргэжлийн сургалтуудад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулна.
 
Хэрэв дээр дурдсан 130 сая төгрөгийг хамгийн шаардлагатай эрүүл мэнд эсвэл боловсролын салбарт зарцуулсан бол хичнээн хэрэгтэй байсан бол. Ийм байхад энгийн иргэд бухимдахаас яах вэ дээ. Монгол Улс 2013 онд л гэхэд төсвөөс хоригдлуудад зориулж жилд 12 тэрбум төгрөгийг зарцуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тарааж байсан гэж өнөөгийн Шадар сайд Ц.Оюунбаатар хэлж байсан удаатай. Монгол Улс Үндсэн хуульд "Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно’’ гээд заачихсан учраас гэмт хэрэгтнүүд болон Өршөөлийн хуульд хамрагдагсаддаа их найр тавьж байгаа биз.
 
Тэгвэл үлдэж буй “мөрөөрөө” амьдарч, сурч, ажиллаж байгаа иргэдийг хэрхэх болж байна вэ. Ажил олдохгүйн улмаас хог түүж, өдөр хоногийг өнгөрөөж байгаа хүмүүсийг хэн харж, хандах болж байна. Ардчилсан нийгэмд адилхан сонгох, сонгогдох эрхтэй ч төрийн хайр, хишгийг хүртэх эсэхэд ийн хоёр туйл харуулаад байвал энгийн иргэдийн бухимдал буцлаад суугаад байхгүй л болов уу. Аливаад учир бий. Үүнтэй адил гудамжинд ажилгүй тэнэж, орох оронгүй хогийн цэг, орц, байшингийн хонгил хэсч яваа иргэдийнхээ ирээдүйд илүү анхаарал тавих нь илүү үр дүнтэй арга юм биш үү.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-11-05 03:42:12
    ШШБГазар гэж жинхэнэ луйврын газар байна.Татан буулгаач.Хоригол нэрийн дор санхүүжилт аваад тоглох юм.Хоригдол гэх эзэндээ хэд нь хүрч бгаа бол.
    202.9.41.219
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-11-05 02:30:26
    Харьцгаа тарцгаа гэхэд л болно шүү дээ.
    202.179.11.107
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-11-05 01:36:21
    УЛСТӨРЧИД НЭРТЭЙ ЛУЙВАРЧДЫН МӨНГӨ ИДЭХ НЭГ АРГА НЬ БАС ЭНЭ. ИЙМ Л ЮМНААС МӨНГӨ СААЖ АМТАШСАН ХУЛГАЙЧУУД ДАА.
    43.242.243.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Цагдаа илуу цагийн монго авдаггуй 2015-11-05 01:28:33
    Цагдаагийн байгуулагын Алба хаагчидад илуу цагийн цалин холс бодогддоггуй шуу дээ. Юу бичээд байнаа...
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах