53 мянган хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэх Хүүхдийн амбулатори нээгдлээ
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд өнөөдөр Хүүхдийн амбулатори үүдээ нээлээ. Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Хятадын Энхтайван хөгжлийн сан, “Хангарьд UB” клубын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу энэхүү амбулаторийг шинээр ашиглалтад оруулав. Ингэснээр гэр хорооллын алслагдсан дүүргийн хүүхдүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж байна.

Нээлтийн үеэр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ, "Саяхан шав тавьж байсан Хүүхдийн амбулатори нээлтээ хийж байгаа нь Энхтайван хөгжлийн сангийн хамт олны уйгагүй хичээл, зүтгэлийн үр дүн" хэмээн онцлов. Тус Хүүхдийн амбулаторийн санхүүжилтийг Хятадын Энхтайван хөгжлийн сангаас гаргажээ. "Энэ амбулаторийг нээж байгаа нь Монгол, Хятад хоёр орны найрсаг харилцааны  илрэл гэж үзэж байна. Монгол Улс бол Хятадын сайн нөхөр, хөрш мөн. Тиймээс хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" хэмээн Энхтайван хөгжлийн сангийн Нарийн бичгийн дарга Ю Шяо Шуан  хэлжээ. 

Шинээр ашиглалтад орж байгаа Хүүхдийн амбулаторид 250 мянган ам.долларын үнэ бүхий БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн хүчин чадалтай хүүхдэд зориулсан рентген аппарат, 4D эхо зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Хүүхдийн амбулаторийн эрхлэгч Б.Баянмөнх хэлэхдээ, “Энэ эмнэлэгт Чингэлтэй дүүргийн 0-18 насны 53 мянган хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Өмнө нь насанд хүрэгчид болон хүүхдийн амбулатори нэгдмэл байдлаар үйлчилдэг байсан бол өнөөдөр ийнхүү хүүхдийн хэвтэхээс бусад оношилгоо, эмчилгээг шийдэх боломжтой боллоо. Нийт 57 эмч, сувилагч, туслах ажилтан  хүүхдийн гэмтэл, мэс засал, нүд, чих, хамар хоолой, шүд гэх зэрэг 15 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ” гэв.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.