Ийм гарц байна
Согтуу жолооч осол гаргалаа. Согтуу жолооч хүний аминд хүрлээ гэх мэдээллийг бид өдөр бүхэн л хэвлэлээс олж уншдаг. Гэхдээ энэ байдлыг арилгах талаар ямар арга хэмжээ авдаг вэ гэдгийг төдийлөн мэддэггүй, бас ойшоохгүй явж ирсэн. Согтуугаар зам тээврийн осол хийлээ гэдгийг мэдээлэхээс бууруулах талаар ингэж ажилласан, замын хөдөлгөөнд согтуугаар оролцохгүй байхыг анхааруулж байна гэж сүрдүүлэхээс бус оролцуулахгүй байх талаар ямар ажил хийх ёстой вэ гэдэг гарцаа олж чадахгүй байгаа юм. Энэ бүхнийг Архины хяналтын хууль батлагдаагүйтэй холбож шуүмжилдэг. Хууль батлагдчихвал энэ бүх зөрчил өргөс авсан мэт арилна гэж эндүүрнэ. Хууль батлагдаж архины үнэ нэмэгдэж, архи зардаг дэлгүүр цөөхөн болсон ч соггуу жолоочийн асуудлыг нэг мөр шийдэж чадна гэдэгт итгэхгүй нь.
 
Ер нь хуультай хуульгүй архины хяналтыг хатуу тавьж, архидалтаас татгалзаж болдог юм байна. Аймаг, орон нутагт архинаас татгалзах уриалга гарч долоо хоног бүрийн нэг, хоёр өдрийг архигүй өдөр болгон тэмдэглэж байна. Цагдаагийн албан хаагчид хяналт шалтгалтаа эрчимжүүлээд энэ хоёр өдөрт архи заруулахгүй бол хүчирхийлэл, хүний амь нас эрсдэх тохиолдол бага ч гэсэн буурах учиртай.
 
Яг үүн шиг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газар, караоке зэрэг согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд үйлчилгээндээ нэг шинэ үйлчичгээ нэмэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдал буурна гэдэгт итгэлтэй байна. Үйлчлэгчийг хаан мэтээр хүндэлнэ гэх уриа дэвшүүлдэг тэд дуудлагын үйлчилгээ үзүүлдэг гурваас дөрвөн жолооч тогтмол ажиллуулахад болохгүй гэх газаргүй. Үйлчилгээний хөлснөөс нь тодорхой хувиар цалинжуулаад ажиллуулчихдаг, орж ирсэн үйлчлэгчид энэхүү үйлчилгээгээ соёлтой байдлаар танилцуулдаг бол бид тэгтлээ ухамсар дорой улс биш.
 
Найз нөхөдтэйгээ дарвих, хөөрсөндөө ганц зуун грамм татчихлаа гэхэд энэ газар чинь найдвартай жолоочоор үйлчилнэ шүү дээ хэмээн сэтгэл амар ууж, цэнгэх учиртай. Гадны орнуудад ийм жишээ хангалттай олон бий. Үйлчлүүлж байгаа хүнээсээ унаатай яваа эсэхийг асуудаг. Хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоочийн үйлчилгээ авч болохыг соёлтойгоор хэлдэг. Бүр болоогүй машиныг нь өөрсдийн зогсоолд байршуулж архи уусан бол түлхүүрийг нь бус такси үйлчилгээ ашиглахыг сануулах байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Ингэж чадахгүй юм гэхэд ядахдаа л дуудлагын жолоочийн үилчилгээг төгс утгаар нь нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ухаалаг, хөгжиж байгаа хот гэж сурталчлах бус энэ мэт жижигхэн зүйлийг ч гэсэн хэвшүүлчихмээр байгаа юм. Адаглаад л дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг компанийн танилцуулга, утасны дугаарыг хана, тааз, ширээ бүхэнд байрлуулж үйлчлэгчдээ аюулгүй байдлыг нь сануулах үүргийг нь ойлгуулахсан.
 
Гэтэл өнөөдөр бодит байдал дээр утасны дугаарыг нь хадсан газар хэд байдаг вэ гээд шалгаад үзвэл үнэхээр гомдмоор тоо гарна. Ганц нэгхэн газрууд ариун цэврийн өрөөндөө дуудлагын жолоочийн утас тавьдаг ч тэр нь гаргацтай гаргацгүй хэр найдвартай вэ гэдэг нь тодорхойгүй. Өнөөдрийг хүртэл дуудлагын компанийн жолооч осол гаргалаа, хүн дээрэмдлээ гэсэн мэдээлэл гарсангүй. Тэгэхээр эдгээр компаниуд ч гэсэн хариуцлагаа ухамсарлаж байгаа нь тодорхой байгаа юм. Утасны дугаараа тавиулахын тулд танилынхаа баар, рестораныг гуйх, эс бөгөөс төлбөр өгдөг байдлыг арилгах хэрэгтэй болжээ. Ингэж чадвал дуудлагын жолоочийн утас мэдэхгүй өөрөө машин барих, ганцхан хундага гайгүй биз гэсэн сэтгэлгээтэй замын хөдөлгөөнд оролцож өөрийгөө ч өрөөлийг ч аюултай байдалд оруулахгүй. Бид найдвартай дуудлагын жолоочоор үйлчилнэ. Манайх ийм компанитай хамтарч ажилладаг учраас та манайхаар үйлчлүүлээрэй хэмээн сурталчлах нь үйлчлүүлэгчээ татах нэг арга ч байж магад. Ингэж бичлээ гээд архи уухдаа машинтай оч гэсэн хэрэг биш. Тэртэй тэргүй л өнөөдөр согтуу жолоочийн асуудал толгойны өвчин болчихоод байхад нэг ч гэсэн гарц олж хараасай хэмээн бичсэн хэрэг юм. Түнэр харанхуйг зүхэх бус нэг ч гэсэн лаа асаа гэдэг дээ.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.