Хэн юу хэлэв
Э.Эрдэнэжамъян: Интерполын дуулиан эхэлснээс хойш ажлаа өгье гэж өргөдлөө өгч үзсэн
 
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Интерполд захиа бичсэнийхээ улмаас шүүхэд дуудагдаад байгаа. Тэр ч битгий хэл анхан шатны шүүхээс түүнийг буруутай хэмээн тооцож, улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хассан. Харин тэрбээр энэ шийдвэрийг эсэргуүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалдаад байгаа юм. Тэгвэл Хууль зүйн дэд сайд ажлаа өгөх эсэх асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэрбээр “Би давж заалдсан болохоор хуулиараа анхан шатны шүүхийн шийдвэр түдгэлзчихсэн байгаа. Нэгэнт түдгэлзсэн учраас шүүхийн шийдвэр биелэхгүй. Би Нийслэлийн шүүх дээр цагаадна гэдэгтээ дахиад 99 хувь итгэлтэй байна.
 
Яагаад миний улс төрийн байр суурин дээр ял өгч байгааг ойлгохгүй байгаа. Интерпол миний өмнө нь “Н.Энхбаяр даргад үүсгэсэн хэрэг бол улс төрийн хэрэг” гэж сонинд ярьснаас үндэслэж шийдвэрээ гаргасан бол яах вэ. Авлигатай тэмцэх газар анхнаасаа “Н.Энхбаяр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч байсан хүн” гэж бичээд явуулсан бол Ин­терпол хайхгүй байсан бол яах вэ. Цаагуураа л Э.Эрдэнэжамъян гэдэг хүн захиа бичихэд та нар хүлээж авч Үндсэн хуулиа зөрчсөн ухааны юм яриад байна. Шүүх хуралд гэрчээр оролцсон Мон­голын Интерполын товчооны ажилтан Билэгт гэдэг залуу “Интерпольш үндсэн хуульд өөр хувь хүн, албан тушаалтнаас захиа хүлээн авч шийдвэр гаргах талаар ямар ч зохицуулалт байхгүй. Ийм учраас Э.Эрдэнэжамъян хууль зөрчсөн” гэж мэдүүлсэн. Хэрвээ Интерпол хэнээс ч мэдээлэл авдаггүй юм бол яах гэж вэб сайт нээж, тэндээ хүмүүсээс мэдээлэл авах цонх нээдэг юм. Хэрвээ давж заалдах шатны шүүх миний буруу гэсэн шийдвэр гаргачихвал ажлаа өгөхөөс өөр аргагүй.
 
Би бол Интерпольш дуулиан эхэлснээс хойш ажлаа өгье гэж намынхаа дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргадаа өргөдлөө өгч үзсэн хүн шүү дээ. Олон улсад “Уучлаарай, би алдаа гаргасан учраас огцорлоо” гэдэг жишиг байдаг учраас алдаагаа хүлээн зөвшөөрсөн болчихно гэж надад буцааж хэлсэн. Би алдаа гаргаагүй учраас шүүх намайг цагаатгавал дараа дараагийн ажлаа бодьё гэсэн байдалтай л байна” хэмээн ярьжээ.
 
Ц.Нямдорж: Н.Батбаярын үгээр явбал сүйрдэг юм шүү
 
Сүүлийн үед улс төрд халуухан өдрүүд үргэлжилж байгаа. АН- ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийг тайлуулах хуулийн төслийг унагасан. Мөн “дав­хар дээл”-ийн хуулийг батлах нь зөв гэсэн санал өгсөн Р.Бурмаа гишүүнийг намаасаа хөөнө гэж давхисан. Ерөөсөө Ардчилсан нам эрх барьсан цагаасаа авахуулаад хөө­нө, тууна, барина, хорино, дарна, дарангуйлна хэмээн бардамнах болсон. Энэ удаад ч гэсэн УИХ-ын гишүүнийг хөөнө гэж давхив. Харин үзэл бодолдоо үнэнч үлдсэн Х.Баттулга сайд Засгийн газрын гишүүнээсээ татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Мөн Х.Тэмүүжин сайдын асуудал ч яригдаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эрх баригчдад хандаж томоохон сануулга өгсөн юм.
 
Тэрбээр “АН-ынхан урвуулдаг. Урвасантай нь нийлдэг. Жаахан шүүмжлээд ирэхээр нь ад үздэг. Ж.Батзандан, РАмаржаргал, Д.Ганбат нар “Засгийн ажил хүндэрлээ. Улс орон уруудаж бай­на” гэж ярихаар мөнгө төлж байгаад бүгдийг нь муулуулсан. Дарга нар нь захиалгатай юм хийлгэдэг. Эдийн засаг унаад тартагтаа тулчихлаа. Ийм болгосон сайд нартайгаа хариуцлага тооцохгүй юм уу. Ингэж байгаад та нар нэг суудалтай болтлоо унадаг шүү. Унана даа, үзээгүй биш. Нэг жилийн дотор дайн тулаан дайрсан мэт эдийн засгийн дүр зураг хүн­дэрлээ. Энэ бол Засгийн газар ажил хийх чадваргүй гэдгийг л харуулж байгаа юм. Өнгөрсөн жилийн төсөв баталж байх үед тендерийг гурван тийш нь булаацалдсан. Хэлсээр байхад эвслийн нөхөд хувааж өгсөн. Дээр нь Нямжавын Батбаяр гал, тэнгэр, буян заяа гэж ярьсаар байгаад та нарыг сайн ховсджээ. Энэ хүний үгээр явбал сүйрдэг юм шүү. Нүүрэн дээр чинь хэлье” хэмээн чуулган дээр хэлсэн юм.
 
Д.Ганхуяг: Зөвхөн төрөөс зөвшөөрөгдсөн газар нутагт лиценз олгож эхэлнэ

Уул уурхайн сайд Ашигг малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн бариад байгаа. Энэ хууль батлагдвал эдийн засаг хэрхэн нөлөөлөх, ямар эерэг үр дүн гарах талаар тэрбээр ярьсан байна. Тэрбээр “Хууль батлагдвал хайгуулд хөрөнгө оруулалт шинээр орохоос гадна, үүнийг дагаад олборлох, боловсруулах үйлдвэрийн салбарт ч хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилтын хүрээнд инноваци, тэргүүний техник технологийг нэвтрүүлэхийг дэмжих ба ингэснээр салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Бү­тээмж дээшилснээр өртөг зар­дал хэмнэгдэж, орлого ашиг өсдөг жамтай. Дээр нь зөвхөн түүхийгээр нь гаргаад байх биш, боловсруулалтын төвшинг дээшлүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зайлшгүй шаардлагатай байгаа.
 
Нэмүүц орлого нь эх орондоо дэд бүтэц ашигласны төлбөр, цалин хөлс, болон бусад хэлбэрийн орлого болж үлддэг. Энгийн жишээ татахад түүхий нүүрс 50 ам.доллараар борлогдож байхад, угааж баяжуулсан нүүрс нь ойролцоогоор 100 ам.доллараар борлогдож байгаа ба зөрүү нь нэмүү өртөг юм. Мөн лиценз эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог байх зохицуулалт нэмэгдсэн. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Базаад хэлэхэд өмнөх байдлаар энэ хуу­лийн төсөл батлагдсанаар манай эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад шууд болон шууд бус утгаар олон эерэг үр дүн авчирна гэж хэлэх байна” гэсэн байна.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.