Байнгын хорооны хуралдааныг хойшлуулав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн 2015.10.04.Лхагва гараг/ хуралдаан 10.00 цаг 53.00 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралданаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр байсан ч хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн ирц хүрэхээ больсон тул байнгын хорооны энэ удаагийн хуралдааныг хойшлуулахаар боллоо.

Хуралдааны явцад хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Ж.Батзандан, Ж.Энхбаяр, Д.Арвин, Б.Гарамгайбаатар, Я.Содбаатар, С.Оюун нар асуулт асууж, санал хэлсэн юм.

Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр сав газруудыг татан буулгаад байгаль орчны чиглэлээр ажилладаг ой хамгаалагч нарыг цомхотгож байгалийнхаа эсрэг, усны эсрэг бодлого оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Энэ үнэн үү. Төсвийн хэмнэлт гэдэг нэрээр байгаль руугаа халдаж байгаа энэ үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа учир дэмжихгүй байх нь зүйтэй. Иймд энэ асуудалд хариулт авья гэв.

Сангийн сайд Б.Болор гишүүний асуултад өгсөн хариултдаа, бодлогоор байгаль орчны эсрэг яваад байгаа зүйл байхгүй. Энэ чиг үүргийг хариуцсан яам , аймаг бүрт байгаа орон нутгийг хамгаалах газрууд хэрэгжүүлж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр газруудыг байгаль хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлээд ажлаа хийгээд явах бүрэн бололцоотой гэж үзэж байгаа. Сүүлийн жилүүдэд гарч байсан хамгийн том шүүмжлэл бол орон тооны данхар бүтэц юм. Өмнө нь нэг хүний хийгээд явдаг байсан ажлыг 10 хүн хийдэг болсон байх жишээтэй. Иймд энэ байдлыг засаж данхар бүтцийг багасгая гэсэн бодлого явж байгаа. Ажлын алба татан буугдсанаар чиг үүргүүд байхгүй болохгүй. Орон нутгийн байгаль хамгаалах газарт харьяалагдаад явна. Нийт 44 орон тоо тухайн орон нутгийнхаа Байгаль хамгаалах газар руугаа шилжиж байгаа. Иймд ажлаа үргэлжлүүлээд хийгээд явах бүрэн бололцоотой гэж үзсэнээр хуулийн төслийг Улсын Их Хуралд оруулж ирсэн гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, аялал жуулчлалын сайдын багц 8 тэрбум , гадаад зээл тусламжийн санхүүжилт 10 тэрбум төгрөгөөр орж ирж байна. Гадаад зээл тусламжаас санхүүжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн ямар байна вэ. Төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр байгаль орчныг хамгаалах бодлогод хэдэн хувийн ахиц гарч байна гэдгийг тодотгосон юм. Гишүүдийн зүгээс шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хасч, бодлогын чанартай асуудлууд дээр анхаарах хэрэгтэйг хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Засгийн газар бүтцийн асуудлыг тодорхой болгож байнгын хороонд ирүүлсний дараа төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээж авах боломжгүй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.