П.Эрдэнэцэцэг: Хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 20-70 дуудлага ирж байна
Гэр бүл нь улс үндэстэн, нийгэм оршин тогтнох хамгийн анхдагч нэгж юм. Гэвч өнөөдөр энэхүү анхдагч хямралын байдалд орж гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхдийн эсрэг гэмт хэрэг нэмэгдсээр байна. Эрэгтэй эмэгтэй 2 нэгэнт ханилан суусан бол бие биеэ хүндэтгэж, бие биеэ ойлгож амьдрах гэр бүлийн хувь хүний ёс зүй мөнөөс мөн. Хүн бүр гэр бүлээ гэсэн чин сэтгэлтэй байж зан чанараа төлөвшүүлэх, зан чанараа удирдан чиглүүлж, хяналттай хандах нь чухал. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулан ажиллаж байгаагийн нэг нь өнөөдрийн зохион байгуулагдаж байгаа “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аян юм. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас бусдын амь нас хохирох, хүүхдийн амь нас хохирох тохиолдлууд гарах болсон. Энэ оны хувьд гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Сүүлийн 3 жилийн тоо баримтыг аваад үзэхэд Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 20-70 гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл ирдэг. Дуудлага мэдээллийн тоо өсөж байгаа нь далд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчил цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хүрдэг болсон гэж дүгнэж болох юм.
Өөрөөр хэлбэл гэр бүлийн доторх асуудал бусдад огт хамаагүй, хувийн асуудал гэдэг хоцрогдсон үзэл арилж эхэлж байна. Энэ нь авууштай. Гэр бүлийн хүчирхийлэлд хэн нэгэн нь өртөж, олон жил дарамт хүчирхийлэлд амьдарч эрүүл мэнд, амь насаараа хохирох явдлыг цаг алдалгүй таслан зогсооход ач холбогдолтой.
Улсын хэмжээнд 2015 оны эхний 9 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 771 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 230 хэргээр буюу 29.8 хувиар өссөн байна. Нийслэл хотын хэмжээнд 2015 оны эхний 9 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 402 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 75 нэгжээр буюу 18.6 хувиар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт 402 хэргийн 152 буюу 38 хувь нь согтуугаар үйлдэгдсэн, гэмт хэрэгт 402 иргэн өртөж хохирсон иргэдийн 365 буюу 90,7 хувь нь эмэгтэй хүн байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан тохиолдол нэмэгдэж байна гэх мэдээлэл байдаг?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас 8 хүн нас барсны 6 нь эмэгтэй хүн, 1 нь бага насны хүүхэд байна. Гэмт хэргийн улмаас 345 хүн гэмтсэн тоо баримт байна.

-“Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяныг Улаанбаатар хотын цагдаагийн  газраас зохион байгуулж байгаа юм байна. Аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг уншигчдад өгнө үү?
-Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяны нээлтээ 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хийлээ. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх түвшинд олон нийтийн хүрээнд зохион байгуулж хүн бүр айл гэр бүхэнд хүчирхийллийг үл тэвчих ухамсар сэтгэхүй, дадлыг бий болгох, гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг юм тиймээс иргэн хүн бүр амь насаа эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэдгийг нийгэмд хүргэх зорилготой байгаа. Аянд маань хэвлэл мэдээллийн байгууллага, Үндэсний үйлдвэрлэгч компаниуд, соёл урлагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, Сурагчдын холбоо, Оюутны холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Леди сургалтын төв гээд олон газар хамтарч байна.
Дээрх газрууд маань өөр өөрийн үйл ажиллагааны чиглэлээрээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд иргэд, олон нийтийг татан оруулах, сургалт сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоо маш чухал. Гэр бүл дотор хэн нэгэн нь бие биенийгээ гэмтээж бэртээх, хүч хэрэглэх, гэр бүлийн орчинд бусдын амь нас, эрүүл мэнд хохирсон гэмт хэрэг үйлдэгдэх ёсгүй. Иргэд олон нийт аяныг  талархалтайгаар хүлээн авч нэгдэж хамтран ажиллаж байгаа нь нийгэмд энэ асуудал хүлээгдэж байсан нь мэдрэгдэж байна. Өнөөдөр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд манай байгууллагатай холбогдож нэгдэж хамтран ажиллах санал хүсэлтээ ирүүлсээр байна. Гэр бүлийн хайр энэрлийг хүн бүр хүлээн зөвшөөрч бидний ажлыг дэмжиж байгаад бид талархаж илэрхийлмээр байна.  Ямартай ч “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аян цаг үеэ олсон үйл явдал боллоо гэж олзуурхаж байна.

-Уг аян хэр хугацаанд зохион байгуулагдах вэ?
-Манай аян бүтэн жилийн хугацаанд зохион байгуулагдана. Ирэх жилээс үндэсний хөдөлгөөн болж өрнүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Аяны үндсэн зорилго нь юу юм бэ?
-Бусдын хэрэгт хошуу дүрэхгүй гэсэн уламжлалт чиг хандлагыг өөрчлөхийг зорьж байгаа. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа, удаа дараа давтагдаж, даамжирч байдаг, энэ нь олон нийтэд мэдэгдэхгүй байсаар хэн нэгний амь нас, эрүүл мэнд хохирсны дараа хууль хяналтын байгууллагад мэдэгддэг. Тэгвэл бид өнөөдрийн аяныг өрнүүлснээр гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хүчирхийлэл үйлдэгчид хуулийн хариуцлага хүлээлгэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн хамтран ажиллана.

-“Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аянаар олон нийтэд юу хүргэж, ямар үр дүнг хүлээж байна вэ?
-Гэр бүл дотор үүсээд байгаа үл ойлголцол, таагүй харьцаа, хэрүүл маргааныг ямар ч нөхцөлд хүч хэрэглэн шийдвэрлэх ёсгүй, хэн нэгэн танд бие махбодийн болон сэтгэл санааны дарамт үүсгэж хүч хэрэглэж байгаа бол энэ нь гэмт хэрэг юм шүү гэдгийг нийгэм, олон нийтэд түгээхийг хүсэж байгаа. Ингэснээр хохирогч өөрөө гэмт хэргийн хохирогч гэдэг утгаараа хууль хяналтын байгууллагад хандаж, өөрийн эрүүл мэнд, амь насыг хамгаалдаг болж байна. Гэр бүлийн маргаан гадагш гарах ёсгүй, тогоон дотроо байх ёстой, гэр бүлийн асуудлаа гадагшаа ярих ёсгүй гэдэг ч юм уу, тэртээ тэргүй энэ хүн намайг хооллож хувцаслаж, орон байраар хангаж байгаа юм чинь ганц хоёр удаа цохиулж, зодуулах асуудал бишдээ гэх хандлага иргэдийн дунд түүний дотор эмэгтэйчүүдийн дунд их байдаг. Гэхдээ энэ байдал даамжирсаар эцсийн эцэст хүчирхийлэлд өртөж байгаа хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирдог юм шүү гэдгийг ойлгох ёстой.
Энд бас нэг зүйлийг тодруулахад гэр бүлийн эхнэр нөхрийн хоорондох хэрүүл маргаан даамжирсаар зодоон цохион болж цаашлаад хэн нэгний амь настай холбогдоход эр нөхөр нь гэмт хэрэгтэн, болж эхнэр нь амь насаараа хохирсноор төгсгөл болоход тэдний дунд хүүхэд эцэг ч үгүй эх ч үгүй өнчин хоцорч, хамаатан садны дунд хоёрын талын мөнхийн хэрүүл зарга болж үлддэг. 

Тэгвэл бид энэ “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аянаа зүгээр нэг лоозон уриа болгох биш хүн бүрт хүрч чадах хэмжээний олон нийтийг хамарсан үр дүнгээ өгсөн бодит ажил болгохыг зорьж байгаа аяны эцсийн үр дүн “Хаана ч хэзээ ч ямар ч асуудлыг хүч хэрэглэн шийдэх ёсгүй”

-Аянд нэгдэхийг хүсэж буй хүмүүс ямар байдлаар аянд нэгдэх вэ?
-Манай аянд хүссэн хүн бүр, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн орж болно. Талх чихэр ХХК л гэхэд манай үйл ажиллагаанд эхнээс нь оролцоод явж байна. Талх чихэр ХХК хамт олон Атар талхны уутан дээрээ  “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяны логог байрлуулж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, хүн хүнээ хайрлахын учир, хүүхдийн ирээдүйн төлөөх олон сайхан сургамжит үгнүүдийг хэвлэж олон нийтэд хүргэх ажилд хамтарч байна. Энэ бол бидэнд болон иргэдэд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм. Үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг  Атар талх өдөрт 50.000 иргэдийн гар дээр очдог гэсэн судалгаа байдаг юм байна.
Мөн Об капитал групп, Туяарах салон, Имако консалтинг компаний Леди сургалтын төв, Батлан хамгаалах хамт олон аяны үйл ажиллагааг идэвхтэй уламжлуулан явуулж өөрсдийн байгууллага хамт олны дунд сургалт сурталчилгааны олон талт ажлуудыг зохиож эхлээд байна. 

-“Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяны зохион байгуулах хэрэгцээ шаардлагын талаар дурдвал?
-Хамгийн гол нь гэр бүлийн гишүүдийн  амь нас, эрүүл мэнд чухал. Гэр бүл дотор хэн нэгэн гишүүнийх нь эрх ашиг ямар нэгэн байдлаар хохирох ёсгүй. Хайртай хүндээ зодуулж, хайртай хүнийхээ гарт амь насаа алдана гэдэг бол хамгийн том эмгэнэл. Гэр бүлийн хоёр нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө дарамтлаад таарамжгүй уур амьсгалыг бүрдүүлээд байна гэдэг хүүхдэд хор уршигтай. Тухайн эмэгтэй зодуулах бүрдээ ямар нэгэн гэмтэл авч явсаар амь насаа алдлаа гэхэд аав нь алуурчин болж, ээж нь амь нас нь хохироод хүүхэд хэн ч биш болоод өнчрөөд үлддэг. Ингээд аав ээжийнхээ ах дүү хамаатан садан, өвөө эмээ дээрээ очдог.
Тухайлбал, Агсан согтуу тавиад эхнэр хүүхдээ цохиж зодоод байдаг нөхөрт нь хууль хяналтын байгууллагаас явуулнаарга хэмжээ авсан тохиолдолд тухайн эмэгтэй нөхрийнхөө дарамтаас илүү нөхрийн ар гэрийн дарамтад давхар өртөөстэй байдаг. Иймээс гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өөрөө олон хүнийг хамарсан гомдол зарга ихтэй байдаг.
Бидэнд хандаж эмэгтэйчүүд их өргөдөл гаргаж ирдэг. “Багш мэргэжилтэй, инженер мэргэжилтэй, орчуулагч мэргэжилтэй манай нөхөр хардаад ажил хийлгэдэггүй. Эхлээд харддаг байсан, сүүлдээ архи уухгүйгээр зоддог боллоо. Би ажил хийдэггүй гэртээ хүүхдээ харж байдаг болохоор энэ хүнээс эдийн засгийн болоод бусад зүйлсээрээ бүрэн хараат байдалд байдаг ажил хөдөлмөр эрхлэхэд тусалж дэмжиж өгөөч, нөхрөөсөө салах гэхээр ах дүү хамаатан садан нь дарамтлаад байна” гэдэг. Бидний энэхүү зохион байгуулж байгаа аян ч үүнтэй холбоотой. Аянд нэгдсэн байгууллага аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдийг ажилд авах, бусад газарт зуучилж өгөх талаар хүсэлт тавиад хамтран ажиллаж байна.
 
-Ямар шалтгааны улмаас энэ гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдээд, хүний эрүүл мэнд, амь нас эрсдэлд ороод байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлд шалтгаан гэвэл олон эхнэр нөхөр хоёрын үл ойлголцол байна. Эдийн засгийн хараат байдал, хардалт, ах дүү хамаатан садны оролцоо байна. Эхнэр нөхөр хоёр сайхан амьдрах гээд байдаг, ах дүү хамаатан садан, эхнэр чинь ийм, нөхөр чинь тийм гээд хооронд нь муудалцуулаад байдаг, бусдын хөндлөнгийн нөлөөнөөс болж муудалцаж зодолдоод гэр бүлийн хүчирхийлэл явагдаад байна.  Дээр тоо баримт дурдахдаа би хэлсэн. Нийт гэр бүлийн хүчирхийллийн 40 хувь нь архитай холбоотой байгаа.

Эцэст хэлэхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч дан ганц эмэгтэйчүүд байдаг гэвэл хэт өрөөсгөл асуудал болно өнөөдөр эрэгтэй хүн ч гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж ирдэг. Өнөөдөр хүн бүрт хаана ч явсан сэтгэлд нь хадаатай байдаг ганц зүйл бол гэр бүл үр хүүхэд, бид цаг нартай уралдан ажил хөдөлмөр эрхэлж ээж аав үр хүүхдэдээ ч цаг зав гаргаж чадахгүй завгүй мэт байдаг боловч угтаа бидний санаж сэтгэж хийж бүтээж байгаа бүхэн тэднийхээ төлөө байдаг. Айл бүхний хойморт хүүхдийн инээд цалгиж, эмэгтэй хүн бүхэн эр нөхрөө гэртээ ирэхэд нь айж түгшиж биш хайрлаж, баярлаж угтдаг байгаасай гэж ерөөмөөр байна.
 
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хөөе тэнэг сэтгүүлчээ 2015-12-09 13:25:15
    наад хүний чинь албан тушаал нь тэгээд юу юм. Бичиж байгаа юм бол олигтойхон шиг юм бичээч. Хэн юу нь мэдэгдэхгүй ганц нэрийг нь тавьбал яаж мэдэх юм бэ