Ноён уулын асуудлыг шийдэх эрх нь нутгийн иргэдэд бий гэж хэлсэн биз дээ
Сүүлийн үед уурхайн орд газруудтай холбоотой асуудал анхаарлын төвөөс гарахаа байлаа. Түүний нэг нь яах аргагүй Гацууртын ордыг ашиглах тухай асуудал юм. Ноён уулд “Сентерра гоулд Монголиа” компани хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Өнгөрсөн цагаан сараар урт нэртэй хуулийг хилийн зааг бүсээс сугалж авч гаргасан. Ингээд хаврын чуулганаар тухайн хоёр орд дээр Гацууртын ордод төрийн хувь хэмжээг тогтоох асуудал хоёр удаа орж ирээд хоёуланд нь унасан билээ. Ийнхүү унах болсон шалтгаан үндэслэл нь нэг нэгдүгээр усны зангилаа газрууд, хоёрдугаарт  байгаль экологийн тогтоц, гуравдугаарт, соёлын өв уламжлал, дээр нь  тухайн ордуудын техник эдийн засгийн үндэслэл буюу ашигт малтмалын нөөцийн тооцоо судалгааг дахин тогтоох асуудлаар буцаж байсан. 

Энэ үед Г.Баярсайхан гишүүн “Ноён уулыг Улсын тусгай хамгаалалтад авъя” гэдэг  санал гаргасан зөв санаа байв. Ингээд өнгөрөгч зургаадугаар сард яригдаад эл асуудлыг шийдэж чадалгүй хаврын чуулган хаагдаж байсан удаатай. Ийнхүү эл асуудал нэг хэсэг намжсан ч 10 дугаар сарын 23-нд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн барьснаар дахин сэргэлээ. 

Тус ордыг ашиглах тухай хуулийн төсөл УИХ-д ийнхүү гурав дахь удаагаа өргөн баригдах нь тэр. Хуулийн төсөлд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Гацууртын алтны үндсэн орд нь Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд. Харьцангуй алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай хэмээн үзжээ.

“Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхдээ толгой компани болох “Сентерра Гоулд Монголиа” ХХК нь “Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийг ашиглаж, үлдсэн хөрөнгө оруулалтыг зээл болон бусад эх үүсвэрээс зохицуулна. Гацууртын алтны үндсэн ордын дээд давхаргад оршиж байсан шороон ордыг урьд нь өөр компани олборлож дууссан тул ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэмэлт хайгуулаар илрүүлсэн үндсэн ордыг олборлож, байгаль орчны нөхөн сэргээлтийг иж бүрэн хийж гүйцэтгэнэ хэмээж буй. Үүнээс үзэхэд тус компани өөрийн эзэмшлийн газраасаа илүү өөр газрыг ухаж, ашиглана гэдэг нь тодорхой байх шиг.

Мөн хуульд Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-иас ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авахаар тусгажээ. Ажлын хэсгийн зүгээс өгч байгаа мэдээллээр алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар төсөлд тусгажээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөх эсвээс хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1100 ам.доллараас доош орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Засгийн газарт тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоож болох юм байна. Хэрэв ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унци нь 1400 ам.доллараас дээш болсон тохиолдолд Засгийн газар нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоож болно. Дээрх саналыг алтны үнийн төсөөлөл 1 унц нь 1100-1400 ам.долларын хооронд байхад Монголын талын мөнгөн урсгал нэрлэсэн дүнгээр 339.8-490.7 сая ам.доллар байх урьдчилсан тооцоо гарчээ. Түүнчлэн Гацууртын төсөл нь бэлэн мөнгөний урсгалаасаа өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болох хүртэл уг төсөлд шаардагдах санхүүжилтийг “Сентерра Гоулд Корпораци”-иас тухай бүрт нь шаардлагатай хэмжээгээр зээлээр олгож байхыг зөвшөөрч, зээлийн хүүг 8.5 хувиар тооцож, албан татвар ногдуулахгүй байхаар тохирсон байна. 

Гэхдээ эл төсөл Монгол улсад ашгаа өгөхгүй гэдгийг иргэний нийгмийн төлөөл хийгээд УИх дах зарим гишүүд, иргэд эсэргүүцсээр байна.

Саяхны байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Гацууртын ордыг ашиглах хуулийн төсөл гурав дахь удаагаа орж ирж байна. Дахин дахин зүтгүүлээд байх юм. Яаралтай, хурдан хэлэлцэнэ гэх юм. Гацууртын ордын цаана ямар яаралтай зүйл байдаг юм бэ. Үүнийг хэлэлцэхийг дэмжихгүй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гацууртын асуудлыг ямар агуулгаар дахин, дахин зүтгүүлээд байна вэ. Алтны татвар бууруулсан ч амьдрал сайжраагүй” гэсэн юм. Тэгвэл тэдний санаа бодолтой олон хүн санал нэг байгаа ажээ. 

Ноён уулын Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэгчдийг манлайлан явдаг “Босоо хөх монгол бүлгэм” хөдөлгөөнийхөн  гэхэд тус хуулийн төслийг дэмжихгүй буйгаа удаа дараа мэдэгдээд байгаа. Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан “Ноён уулыг гадныханд өгч ашиглуулахын оронд газрын баялгаа ухахгүйгээр Дэлхийн соёлын өвд авч, Хүннүгийн том аялал жуулчлалын төв болгож, жуулчид тасардаггүй тийм л газар болгох ёстой. Энэ бол үүрийнх. Харин алт бол зуурдынх Дараа нь бөөн гамшиг дагуулдаг” гэсэн юм.

Дашрамд дуулдгахад тус хөдөлгөөнийнхөн өнөө өглөө Сэлэнгэ аймгийн зорилоо. Учир нь Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн барьсантай холбоотойгоор БОНХАЖЯ-ны төлөөлөгчид өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллах ажээ. Иймээс тэс хөдөлгөөнийхөн ч мөн адил тус сумыг зорьсон байна. 

Тэгвэл Гацууртын ордыг ашиглах тухай асуудлаар иргэд ямар бодолтой байгааг сонслоо. 

Иргэн М.Цэцэгмаа: Гацууртын ордыг ашиглана, ашиглахгүй хэмээн хэмээн их л удаан мэтгэлзэж байх шиг байна. Манайхан мэтгэлзсээр байгаад хамаг цагаа бардаг шүү дээ. Одоо хэлэлцэхээсээ илүүтэй хийх хэрэгтэй. Эгч нь энэ талаар тийм ч тодорхой мэдээлэл байхгүй. Гэхдээ зурагтаар ээн тухай гарч л байдаг. Нэг их ойшоож үздэггүй. Гэхдээ хувьдаа өөрийн гэсэн бодолтой. Үнэхээр л Гацууртын ордыг ухахаас аргагүй юм бол ухахаас яах вэ. Тэгэхдээ тухайн газраа буцаагаад нөхөн төлжүүлэхийг хэзээ ч мартаж болохгүй гэдгийг Сентерра Гоулд компанид нь хэлмээр санагддаг юм. Миний үгийг сонсон ч юм уу даа. Мөн Ноён уулд байгаа тэр түүхийн дурсгал соёлыг нь яаж хамгаалах гээд байгааг л ойлгохгүй байна. 

Иргэн Г.Мөнхболд: Ноён уулд нинжа үүрлэлээ. Нэгнээ аллаа, таллаа гэсэн мэдээлэл сүүлийн үед их үзэгдэх боллоо. Нинжа ч гэсэн монгол иргэн шүү дээ. “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэдэг үг байдаг даа. Тэднийг зохион байгуулалтад оруулаад төрийн хяналтан дор тэр ажлыг нь хийлгэж болдоггүй юм байх даа. Заавал гадны компанид өгч, газар нутгаа сэндийчүүлж яадаг байна аа. Манайхан өөрсдөө ухаад, авахыг нь аваад, нөхөн сэргээхийг нь сэргээгээд явж болдоггүй юм уу. Энэ 76 юу бодоод тэр газрыг заавал Сентерра Гоулдаар ухуулах гээд байгаа юм бэ.  Монголын аль нэг компанид ижил шалгуураар эзэмшүүлж болдоггүй юм байх даа. Эсвэл энэ газрыг бүр хойч үедээ “май” гээд үлдээчих хэрэгтэй ш дээ. 

Иргэн С.Шагдар: Ноён уулын баялгийг хүртэж бололгүй яахав. Гэхдээ нэгдүгээрт байгаль орчин байх ёстой. Тэнд усны зангилаа газрууд,  байгаль экологийн тогтоц, соёлын өв уламжлал бий. Тэр бүгдийг яаж хамгаалах гээд байна вэ. Би Гацууртын ордыг ашиглахыг яав ч зөвшөөрөхгүй. Ард түмнийхээ саналыг сонсдог бол сонсох хэрэгтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэндээ хүрэх хэрэгтэй шүү дээ. Ноён уулын асуудлыг шийдэх эрх нь нутгийн иргэдэд бий  гэж хэлсэн байна лээ. Хэлсэндээ хүрдэг хүн үү, үгүй юу гэдгийг одоо л харъя гэлээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.