Нийгмийн даатгалынхан "Үхсэн хүн"-ээр мөнгө босгожээ
НДЕГ-ын ажилтнууд бас л дахин хэл ам татлаж эхэллээ. Гэхдээ тэд энэ удаа Монгол хүний ухаан санаанд багтахгүй, бузар аргаар мөнгө босгож, банкныхантай хуйвалдан халаасалж байсныг Эрүүгийн цагдаагийнхан илрүүлжээ. Тус газрын алба хаагчидтай холбоотой хээл хахуулийн хэрэг өмнө нь олон удаа гарч өдгөө зарим нь зохих ялаа эдлээд сууцгааж байгаа. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд 90 гаруй хүний Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, хувийн хэргийг хуурамчаар үйлдэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон нь илэрч байсан.
 
Ингэхдээ нэг иргэнээс 300- 500 мянган төгрөгийн хахууль авсан байдаг. Тэдний энэ хууль бус үйлдлээс болж Нийгмийн даатгал болон Тэтгэврийн санд 110 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдож хуулийн байгууллагад шалгагдаж байсан.        
 
Тэгвэл энэ удаа Нийгмийн даатгалын ажилтнууд сүрхий бусармаг, Монгол хүн сэжиглэмээр булай аргаар төсвийн мөнгөнөөс тоншицгоожээ.
 
Тэд хэний ч санаанд ормооргүй буюу нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө луйвардан авч байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж эхэллээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан ноцтой, жигтэй хэргийн араас цагдаагийнхан орчихоод байна.
 
Б.Баатархүү: Өргөн хүрээг хамарсан хэрэг байгаа
 
Ингээд энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Цагдаагийн хошууч Б.Баатархүү “Ахмад настай, нас барсан иргэдийн нэр дээр их хэмжээний тэтгэвэрийн зээл авсан хэрэг гарсан. Тухайлбал, нас барсан хүмүүсийн бүртгэлийг нь бүртгэлийн системээс хасахгүйгээр банкуудтай хуйвалдаж, тэтгэвэрийн зээл авч улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэхүү шалгалт маш өргөн хүрээнд явагдаж байна. Өөрөөр хэлбэл, бүх аймаг, нийслэл дүүрэг дээр шалгалтууд хийгдэж байгаа. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй учраас тоймтой зүйл хэлэх боломж алга байна. Юутай ч уг хэрэг дээр шинжээч томилогдон ажиллаж байгаа учраас удахгүй дүгнэлт нь гарна. Энэ асуудал дээр их хэмжээний мөнгөний асуудал яригдах байх” гэсэн юм.
 
С.Эрдэнэ: Баримт, нотолгоогүй тоо хэлж Нийгмийн даатгалын салбарын нэр хүндийг унагахаа боль
 
Тэгвэл энэ хэргийн талаар Хүн ам хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Ийм боломжгүй гүтгэлэгийн шинж чанартай үйл ажиллагаа явуулдагаа болих хэрэгтэй. Арван мянган хүний тэтгэвэрийг хулгай хийгээд идчихдэг тийм бөх зүрхтэй хүн байхгүй шүү дээ. Хамгийн гол нь тодорхой тоо баримтгүй зүйлээр нийгмийн даатгалын салбарын нэр хүндийг унагаж байгаад харамсч байна. Яг ийм хэл ам гарсан даруйд нь бид ажлын хэсэг томилоод 21 аймаг, есөн дүүргийн  нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллгаанд шалгалт хийсэн. Нийт 129 сая орчим төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс холбогдох банк, хэлтэсүүд, зарим нас барсан иргэдийн ар гэрийнхэнд арга хэмжээ зохион байгуулаад 129 сая төгрөгийн нас барсан тэтгэвэр авагчтай холбоотой санхүүгийн зөрчлийг арилгуулсан” гэсэн юм.
 
М.Энхтуяа: Ямар ч боломжгүй гэж бид үзэж байгаа
 
Харин НДЕГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгэний газрын дарга М.Энхтуяатай утсаар холбогдож дараах тайлбарыг авсан юм. Тэрбээр “Цагдаагийн байгууллага дүүрэг болон аймаг орон нутгаас тоо мэдээлэл авч шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ бидний хувьд үүнийг боломжгүй л гэж үзэж байна. Учир нь манай байгууллага дотооддоо хяналт шалгалтыг cap бүр хийж явдаг. Өөрөөр хэлбэл, Ниймгийн даатгалын байгууллага ямар ч хяналтгүйгээр болон арилжааны банктай хуйвалдан   Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хяналтгүй    зарцуулдаг боломж байхгүй. Гэхдээ хууль хяналтын байгууллага тодорхой баримт дээр үндэслэж хяналт шалгалтаа хийсэн учраас энэ талаарх мэдээлэл гарсан байх гэж бодож байна” гэв.
 
Ямартай ч Нийгмийн даатгалын ажилтнууд талийгаачдын нэрийг барьж үлэмж их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэрэг шалгагдаж байгаа нь үнэн гэдгийг цагдаагийн байгууллага нотолсон  ч гэлээ салбарын сайд болон нийгмийн даатгалын эрх мэдэл бүхий албан тушаалтан үгүйсгэж байлаа.
 
Юутай ч одоогийн байдлаар буцаж ирдэггүй мөнхийн аяндаа эгнэгт мордсон 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа юм билээ. Уг нь талийгаачдын ар гэрийнхэн өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг Нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн байгууллагын ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр бусармаг ажлаа гүйцэлдүүлдэг байж. Дараа нь арилжааны банкуудтай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсан гэж ойлгогдохоор байгаа юм. Тэдний энэхүү гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 болон 148.4 заалтад хамааруулан шалгаж байгаа аж. Уг заалтад "Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан. Мөн энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ" гэсан заалттай.
 
Ямартай ч энэхүү хэрэг зөвхөн сүүлийн үед бий болсон хэрэг биш олон жилийн турш бугшиж ирсэн гэдгийг цагдаагийн алба хаагч яриандаа онцлон хэлж байсан. Одоогоор уг жигтэй, бусармаг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж буй учраас арилжааны банкуудын нэр, хичнээн Нийгмийн даатгалын албан хаагчид энэ хэргийг үйлдэж, хэдэн сая төгрөгийн хохирлыг төрд учруулсан бэ гэдгийг хэлэх боломжгүй юм. Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн сарын 13- ны өдөр Нийгмийн даатгалын ажилтнуудыг Ниймгийн даатгалын санд тушаасан 45.9 тэрбум төгрөгийг хувьдаа завшчихлаа гэсэн дуулиан гарч байсан ч тэд энэ мэдээллийг үгүйсгэж байсан удаатай. Мөн тус газартай холбоотой таагүй мэдээлэл өнгөрсөн оны тавдугаар сарын 23-ны өдөр бас л нийгэмд дуулиан тарьж байсан удаатай.
 
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх мэдэл бүхий таван албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэн сангийн хөрөнгөөс мөнгө завшсан хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. Үүнийг мөн л ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлж байсан. Энэхүү хэрэгт Хэлтсийн даргаас эхлээд байцаагч нарын долоон хүн шалгагдаж байсан ч энэ хэрэг яаж шийдэгдсэн нь нууц хэвээр үлдсэн юм. Өөрөөр хэлбэл, нэр бүхий албан тушаалтан таван хүн холбогдсоны хоёр нь Нийгмийн даатгалын архивч н.Гэрэлмаа, эмч Ц.Оюун-Эрдэнэ нар байсан. Тэд 90 гаруй хүний өвчний магадлагаа болон хувийн хэргийг хуурамчаар үйлдэн “Хөгжлийн бэрхшээл”-тэй хэмээн тэтгэвэр, тэтгэмж тогтоож өгсөн нь илэрч байсан түүхтэй. Ямартай ч энэ мэт хэрэг ганц хоёрхон удаа Нийгмийн даатгалын байгууллагад гарч байгаа биш гэдгийг дээрх хэргүүд нотолно.
 
Тэгэхээр мөнгө санхүүтэй харьцдаг   санхүүгийн чиглэлийн хүмүүс хуулийн хийдлийг ашиглаж, тухайн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байх боломжуудыг ашигладаг гэдгийг хуулийнхан хэлж байсан. Товчхондоо далд аргаар үйлдэгддэг энэ мэт хэрэгт холбогдогчид нь голдуу эрх мэдэл бүхий албан тушаалтан байдаг. Эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа хүнийг шалгахад гэмт хэргийн баримт, нотолгоог устгах, бусад гэрч, холбогдогчтой сүлбэлдэх, хуйвалдах, нөлөөлөх замаар хэргийг замхаруулдаг гээд олон сөрөг зүйл байдаг тухай мөрдөн байцаагч нар ч хэлж байсан.  Эцэст нь тэмдэглэхэд үхсэн хүний нэрээр улсын төсвөөс мөнгө хумсалсан нийгмийн даатгалын ажилтнуудыг амьд хүний санаанд ч багтамгүй жигшүүрт хэрэг үйлдлээ гэж олон нийт жигшин зэвүүцэх нь аргагүй юм.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-11-11 23:04:26
    Daatgald shudargaar ajilladag hun baina uu? Dandaa l tsus oirtson, heseg buleg humuusiin gar hul, tedgeeriin hamaatnuudaar l duursen gazar.
  • зочин  2015-11-04 08:59:59
    хөөрхий мөнгө олдогхүй болохоор одоо үхсэн хүмүүс рүү ордог болж дээ
  • зулаа 2015-11-04 07:07:20
    энэ байгууллагад шударга ёс байна уу
  • Ойлгомжтойшдээ 2015-11-04 03:38:32
    нийгмийн даатгалын сан сүйрээд дуусч байгаа. тэд өөрсөндөө мөнгөн шагнал байр хувцас г.м. ээр хусна. хүмүүст халамжийн мөнгөний хагасыг өгөөд бусдыг луйвардах з...
  • sainaa 2015-11-04 03:26:53
    Ene hariutslagagui baidal shuud ergene saidiin hariutslagagui ajiltai holbootoi, gadaadad salbart ni iim tom hemjeenii dogoldol dutagdal garanguut saiduud ni