Хүндхэн өдрүүд биднийг тосч байна
Уул уурхайн салбар дангаараа Монгол Улсын ДНБ- ий 20 хувь, улсын төсвийн орлогын 40 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувь, экспортын орлогын 90 хувийг эзэлж байгаа ч урд хөршийн эдийн засгийн өсөлт саарч, дэлхийн зах зээл дээр манай экспортын гол нэрийн барааны үнэ тасралтгүй унасаар байгаагаас шалтгаалан ирэх 2016 онд Монголчуудыг хүндхэн өдрүүд тосч  байна. Монгол Улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх уул уурхайн супер циклийн үед ашигт малтмалын үнэ, гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай болж, энэхүү хямралыг бууруулах арга хэмжээ нь хэтэрхий оройтсонтой уялдан эдийн засгаа олон тулгууртай болгох бололцоо хязгаарлагдаж, төсөв, мөнгө, валютын бодлого нь ч хуримтлалыг бус хэрэглээг дэмжиж ирснээрээ өнөөдрийн хямралыг улам гүнзгийрүүлж байна. Сүүлийн гуравхан жилийн дотор гадаад худалдааны нөхцөл эрс муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011- 2012 онд нийт дүнгээрээ 9.0 тэрбум ам. долларт хүрч байсан бол 2014-2015 онд ердөө 0.4 тэрбум ам. Доллар болж 22.5 дахин буурсныг Үндэсний статистикийн газраас мэдээлсэн.
 
Харин эдийн засгийн хямрал, экспорт, импортын харилцан уялдааг дагалдан гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнэ бодит хөрсөн дээрээ бууж байгаа нь л Монголчуудын  хувьд “Хонгилын үзүүрт сүүмэлзэх” ганц гялайх мэдээ болж байна.
 
Монголбанкнаас айл өрхүүдийн бодит орлогын түвшинг хадгалах зорилтын хүрээнд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг 35 хувиас 0 хувьд хүргэж, эрэлтийн гаралтай инфляцийн дарамтыг өрхийн хуримтлал, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх бодлого баримталснаар инфляци буурсаар байгаа нь л өнөөдөр Монголчуудын сэтгэлийг бага ч болтугай тайвшруулж байгаа юм. Монголбанкнаас мэдээлж байгаагаар 2012 онд 14 хувь байсан жилийн инфляци 2015 оны есдүгээр сарын байдлаар 4.9 хувь болж буурчээ. Оны эхнээс инфляци 2.6 хувь, валютын ханш 5.7 хувийн хөдөлгөөнтэй байгаа нь дотоодын санхүүгийн зах зээлд тогтворжих хандлага бий болж байгаагийн илэрхийлэл хэмээн    Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдэгдсэн. Хэдийгээр инфляци буурч байгаа нь ард иргэдийн нуруун дээрх ачааг багагүй хөнгөрүүлж байгаа ч Монгол Улсын эдийн засгийг бүхлээр нь аваад үзвэл ирж байгаа 2016 онд хүнд өдрүүд биднийг тосч байгаа юм.
 
Гуравхан жилийн дотор 2.1 тэрбум ам.долларын өр тавьчихсан манай эрх баригчид 2016 онд 900 гаруй тэрбум төгрөгөөр өр, зээлээ төлнө. Цаашдаа 2017 он гэхэд нийт төсвийн орлогынхоо 50 хувийг өр төлөхөд зарцуулна гэж байгаа. Өр зээлийн эргэн төлөлт, экспортын тодорхой бууралт, дэлхийн зах зээл дээрх үнэ ханшийн савалгаанаас шалтгаалан өнгөрсөн сард 4.9 хувь болж буурсан инфляци ирэх онд долоон хувь болж өсөхийг Монголбанк мэдээлж байгаа. Ингэхээр цомхотголд орж ажлын байраа алдсан төрийн албан хаагч голдуу иргэдийн амжиргаа улам л хүндэрнэ гэсэн үг.
 
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Монголын өр одоогийн төр, засгийнхны хүлээн зөвшөөрч байгаагаар 21 тэрбум. Хэрэв Оюутолгойн нөөцийг барьцаанд тавьж, хүнд аваад өгчихсөн зээлээ давхар тооцоод үзвэл 27-28 тэрбум ам.долларын өртэй болоод байна. Манай ДНБ-ээс хоёр дахин давсан хэмжээнд очлоо. Украины өр бас ч манайхыг бодвол бага юм шүү дээ. Тэгэхээр улс маань дампуурлын ирмэгт очлоо гэсэн үг. Ирэх оноос Монгол Улс өрөө дийлэхгүй байдалд ороод байна” гэсэн байна лээ. Угаасаа өрийн даац хэмжээгүй хэтэрчихсэн. Засгийн газрынх, төв банк, банкууд болон компани хоорондын өрийг ДНБ-тэй харьцуулбал, 216 хувьтай болсон гэдгийг Үндэсний статистикийн газар анхааруулж байгаа.
 
Байдал ийм байхад БНХАУ-аас дахин нэг тэрбум ам.долларын өр авахаар болсон. Товчхондоо улсын төсөв ирэх онд, 2017, 2018 онд улам л хүндэрнэ гэсэн үг. Хүнд байдлыг арай жаахан хөнгөлөхийн тулд олон яамдыг цөөрүүлэх, цалинг бууруулах, халамжуудыг зогсоох хэрэг гарна. Олон хүн ажилгүй болно. Тэр хэрээр банкны зээлээ төлж чадахгүй, чанаргүй зээл нэмэгдэнэ. Банкуудаа татан унагах эрсдэл улам л даамжирна.

Өнөөдөр 180 мянга гаруй төрийн албан хаагч байгаа мэдээлэл бий. Энэ нь Монголын гурван сая гаруй хүнтэй харьцуулахад томдсон тоо гэдэг нь ойлгомжтой. Төрийн албаны энэ нүсэр бүтэцтэй уялдан улсын төсөв сүүлийн 10 жилийн турш байнга нэмэгдэж, мөн байнга алдагдалтай төсөв баталсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар төсвийн орлого бүрдүүлэлт 900 орчим тэрбум төгрөгөөр тасарч яваа. Энэ хэмжээгээр эдийн засагт дарамт ирнэ. Энэ бүх базаахгүй байдал төвлөрсөөр ирэх 2016 онд эрх баригчид, улстөрчид нь төдийлөн анзаарахгүй ч жирийн иргэдийн хувьд гэдсээ тасартал татсан санхүү, эдийн засгийн тун яггүй хүнд жил болж, барзгар өдрүүд үргэлжлэх нь тодорхой болж байна.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2015-11-05 05:41:11
    Zailuullaa geed bayarlaad ard tumnees idsen munguuruu gadaad ru garaad alga bolno shu de. Odoo tednees idsen mungiig ni salgah zuv
  • hi 2015-11-04 07:47:37
    АЛЬ Ч НАМ ЯЛГААГҮЙ,ХҮНИЙГ НЬ Л СОНГОХ ЦАГ ИРЛЭЭ,
  • зочин 2015-11-04 02:48:55
    АН-ын новшнуудыг зайлуулах хэрэгтэй болжээ. Шуналтай, луйварчдыг сонгосон нь бидний алдаа болжээ.
  • зочин 2015-11-04 00:36:35
    АН-ыг 12 онд сонгоод улс орноо баллуулаад хаячихлаа, энэ нам хэзээ ч улс орныг удирдаж чадахгүй гэдгээ дахин харууллаа, дахин бүү сонго,